Thursday, October 9, 2014

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

Дугаар 07, 2014 оны 5 дугаар сарын 9 Улаанбаатар хот
“Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөлийн хурал Нийслэлийн Засаг даргын тамгын газрын А зааланд 2014 оны 5 дугаар сарын 9-ны 0800цагт эхэлж 0910 цагт дуусав. Хурлын ирц 76,9%
Хуралд:
Сангийн зөвлөлийн дарга Э.Бат-Үүл
Гишүүд Н.Гантөмөр
Г.Төмөрбаатар
Ш.Төмөрбаатар
С.Ононбаяр
Ш.Одгэрэл
Э.Ганхүү
Ч.Энхбат
Ж.Дамдинсүрэн
Д.Баясгалан нар оролцов.
Ч.Энхбат: Хурал ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хурлаар зөвлөлийн хурлаар хэлэлцсэн захирамжийн төслийг хэлэлцэн шийдвэрлэнэ. Өнгөрсөн сангийн зөвлөлийн хурлаар өгсөн үүргийн дагуу танилцуулга, судалгааны материал бэлдэж ирсэн. Өчигдөр та бүхэнд тараасан байгаа. Би товчхон танилцуулъя.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дансаар 1150 их, 28 дунд, 634 бага багтаамжийн автобус бүртгэлтэй байна. Эдгээрийг насжилтаар нь авч үзвэл их багтаамжийн 575 буюу 50% нь, дунд багтаамжийн 23 буюу 82% нь, бага багтаамжийн 626 буюу 98,7% нь 9-өөс дээш жилийн насжилттай байна. Үүнийг графикаар үзүүлсэн байгаа.
Нийт паркийн 67,5% нь 9-өөс дээш жилийн насжилттай байгаа тул эхний ээлжинд дунд багтаамжийн 40, их багтаамжийн 150 /20 нь хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэдэд зориулан тоноглогдсон/, багтаамж ихтэй угсраа 40 / 10 нь хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэдэд зориулан тоноглогдсон/ автобусаар тус тус парк шинэчлэлт хийх шаардлагатай байна. Үүний их багтаамжийн угсраа 40-н автобус зөвхөн Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчвол тохиромжтой гэж үзсэн.
Худалдан авах шаардлагатай автобусны тоог жижиг хүснэгтээр харуулсан. 2014-с 2017 оны хооронд хичнээн хэмжээний автобусаар парк шинэчлэлт хийх вэ? гэсэн тооцоог энэ жилээс 2017 он хүртэл стандартаар үйлчилгээнээс хасагдаж байгаа автобусны тоотойгоо уялдуулаад 2014 онд 240, 2015 онд 330, 2016 онд 250, 2017 онд 250 автобус шаардлагатай гэсэн тооцоо хийсэн.
Цаашид бага багтаамжийн автобусууд насжилтаар үйлчилгээнээс хасагдаж, үйлчилгээг дунд багтаамжийн автобусаар гүйцэтгэх тул дунд багтаамжийн автобусыг жил тутам худалдан авах шаардлага гарч байна. 4 сарын 1-ны байдлаар 150-н микро автобус стандартаар үйлчилгээнээс хасагдсан байгаа. Ер нь бол 2003 оноос хойш үйлдвэрлээгүй, 2015 оны 12 сарын 31 гэхэд өнөөдөр Улаанбаатар хотод явж байгаа микро автобус маань үйлчилгээнээс хасагдах байх. Микро автобусыг бүүр хасах бодлого барихгүй байгаа. Ийм багтаамжийн стандартад нийцсэн автобус орж ирэх юм бол тодорхой хэмжээгээр том оврын автобус явж болохгүй чиглэлүүд Улаанбаатар хотод байгаа.
Өнөөдөр зорчигч урсгал ихтэй Энхтайваны өргөн чөлөөний Офицеруудын ордны уулзвараас 5 шарын уулзвар хооронд нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобусны бөөгнөрөл үүсч авто замын ачааллыг ихэсгэж, түгжрэлийг нэмэгдүүлж байгаа тул 150-180 хүний багтаамжтай 50 угсраа автобус болон 25 троллейбус явахад хангалттай юм. Өнөөдөртөө бололцоотой гэж үзэж байгаа.
Угсраа автобус худалдан авах үнэ өндөр боловч ашиглалтын зардлыг бууруулж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх ач холбогдолтой. Ашиглалтын зардлын томоохон хэсгийг эзэлдэг шатахууны зардал болон жолоочийн цалин 50 орчим хувиар буурах боломжтой. Нэмж хэлэхэд өнгө үзэмжийн хувьд ер нь Улаанбаатар хотод явж байгаагүй гэдэг утгаараа шинэлэг байх боловуу гэж бодож байгаа.
Нийслэлийн тээврийн газарт дотоод, гадаадын 9 үйлдвэрлэгч болон борлуулагчаас автобус нийлүүлэхээр саналаа ирүүлснээс албан ёсны төлөөлөгчийн газар, засвар үйлчилгээний байртай, урд нь ижил төрлийн нийлүүлэлт хийж байсан 5 компани шаардлагад нийцсэн гэж танилцуулга бэлдсэн. Үүнд:
o HUYNDAI-ийн албан ёсны төлөөлөгч Хьюндай Моторс Монгол ХХК
o МАЗ-ын албан ёсны төлөөлөгч МВ Инжиниринг ХХК
o Үндэсний үйлдвэрлэгч Экологбус ХХК
o “SCANIA” суурин төлөөлөгчийн газар
o ISUZU-ийн албан ёсны төлөөлөгч Иточу Корпораци байна.
Эдгээр автобусууд нь Улаанбаатар хотын цаг агаар, авто замын нөхцөлд тохирсон техникийн шийдэлтэй, байгаль орчинд ээлтэй, хорт утаа бага ялгаруулдаг Евро 2-оос Евро 4 хөдөлгүүртэй.
2014 онд худалдан авах автобусны үнийн тооцоог санхүүгээрээ хийлгэсэн байгаа. Урьдчилгаа төлбөр 50 хувийг төлбөл 30,1 тэрбум, 30 хувийг төлбөл 18 тэрбум, 20 хувийг төлбөл 12 тэрбум төгрөг болно гэж тооцоолсон. Урд талд нь нэг бүрийн үнийг дундажаар нь бичсэн байгаа.
2015 онд парк шинэчлэлтээр 33автобус худалдан авахад төлбөрөө 100% төлсөн тохиолдолд 82,9 тэрбум төгрөг шаардлагатай байгаа бөгөөд үүний 30 хувийг сангийн хөрөнгөөс санхүүжүүлнэ гэж тооцвол 25 тэрбум төгрөгийг төсөвт тусгуулах шаардлагатай байна.
Түрүүний сонгосон 5 автобусны техникийн үзүүлэлтүүдийг 3-р хүснэгтээр харуулсан. Өмнө нь танилцуулсан дээр SCANIA компаний танилцуулга нэмэгдэж орж ирсэн. Төлөөлөгчийн газрынх нь хүмүүс манай байгууллага дээр ирж уулзсан. Мөн хотын захиргааны удирдлагуудтай уулзсан юм байна лээ. Тодруулж хэлэхэд Шведэд үйлдвэрлээд Хятадад угсарч нийлүүлнэ гэсэн.
Энэ 5 компаний жижигхээн танилцуулгыг хэлээд өгье.
1. HUYNDAI-н их болон дунд багтаамжийн автобус нь манай орны эрс тэс уур амьсгал, замын нөхцөлд туршигдсан, засвар үйлчилгээ хялбар, сэлбэг материал олдоц сайтай, салон болон хөдөлгүүрийг урьдчилан халаах халуун тогоотой, euro 3-аас дээш хөдөлгүүртэй. Нийтийн тээвэрт автобус нийлүүлж байсан туршлагатай, засвар үйлчилгээний төвтэй.
Албан ёсны төлөөлөгч Хьюндай Моторс Монгол ХХК
2. МАЗ-ын угсраа автобус нь euro 3 стандартын Mercedes-Benz хөдөлгүүртэй, зорчигчдын заал, цонх зэрэг нь манай орны цаг агаарт тохирсон техникийн шийдэлтэй, нам шалтай, тэргэнцэртэй иргэдийн зорчих боломжийг хангасан нэмэлт төхөөрөмжтэй. Уг автобусны үнэ өндөр ч, ажлын бүтээмж өндөр, эдийн засгийн хэмнэлттэй юм. Албан ёсны төлөөлөгч МВ Инжиниринг ХХК .
3. Үндэсний үйлдвэрлэгч Экологбус ХХК-ийн үйлдвэрлэсэн J-800T маркийн автобус нь euro 4 хөдөлгүүртэй, цантахгүй, нэмэлт халаагууртай, нэмэлтээр тэргэнцэртэй иргэдийн зорчих боломжийг хангасан төхөөрөмж суурилуулах боломжтой. ЗГ-ын 2011 оны 103 дугаар тогтоолд ”Монгол Улсын гарал үүсэлтэй бараа нийлүүлэх санал ирүүлсэн үндэсний үйлдвэрлэгчдэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу давуу эрх олгох зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх ” гэж заасан.
4. SCANIA-ийн 12; 15; 18 метрийн сонголт бүхий урттай, байгаль орчинд ээлтэй euro 3-аас euro 5 хөдөлгүүртэй, халаалтын болон хөргөлтийн системтэй, нэмэлтээр тэргэнцэртэй иргэдийн зорчих боломжийг хангасан төхөөрөмж суурилуулах боломжтой, ирээдүйд BRT системд шилжин ажиллах боломжтой, хүйтэн цаг уурын нөхцөлд туршигдсан, орчин үеийн автобус юм. Ашиглалтын зардал нь бусад автобустай харьцуулахад 15%-30% бага, эдэлгээний дундаж хугацаа 18 жил. SCANIA автобусандаа хөдөлгөөнт техникийн түргэн, засварын хэсэг, 96%-ийн сэлбэгийн бэлэн байдлаар хангагдана.
Албан ёсны төлөөлөгч SCANIA суурин төлөөлөгчийн газар.
5. ISUZU-ийн автобус нь euro 2 хөдөлгүүртэй, бат бөх, тухтай, нам шалтай, жолооч болон зорчигчдод зориулсан иж бүрэн тоноглолтой, өндөр чанар, удаан эдэлгээтэй, үзэмжтэй, тэргэнцэртэй иргэдийн зорчих боломжийг хангасан нэмэлт төхөөрөмжтэй. Албан ёсны төлөөлөгч Иточу Корпораци.
Түрүүний дурьдсан манай дээр ирсэн аж ахуйн нэгжүүдийн саналаас албан ёсны дистербютертэй шаардлагад нийцэж байгаа саналууд ийм байна. Эндээс үндэслээд эдийн засгийн тооцоо гаргасан. Өнгөрсөн хуралдааны үүргийн дагуу захирамжийн төслийг боловсруулсан. Энэ дээр 40 ширхэг, 150 ширхэг, 40 ширхэг гээд тоог нь тавьчихсан байгаа. Төсөл юм чинь нэмж хасагдаж болох байх. Захирамжийн 2-р заалтад:
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус худалдан авахад шаардлагатай техникийн бичиг баримтыг бүрдүүлэхийг Нийслэлийн тээврийн газар, худалдан авах ажиллагааны гэрээний загвар, нөхцөлийг 2014 оны ... сарын ....-ны дотор бэлэн болгохыг Нийслэлийн өмчийн харилцааны газар, худалдан авах ажиллагааг дараах нөхцөл шаардлагыг харгалзан зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт тус тус даалгасугай
2.1 Нийтийн тээврийн үйчилгээний автобус нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгохдоо сангийн хөрөнгөнөөс тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөр төлж үлдэгдэл төлбөрийг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд гэрээ хийх замаар төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах;
2.2. Импортоор автобус нийлүүлэх аж ахуйн нэгж нь тухайн улсын автобус нийлүүлэгч компаний Монгол улс дахь албан ёсны борлуулагч байх, тодорхой хугацаанд баталгаа гаргах, баталгаат хугацаандаа засвар үйлчилгээг бүрэн хариуцах чадварыг нь харгалзах;
2.3. Нийтийн тээврийн үйчилгээний автобусны тээвэрлэлтийн ашиглалтын зардал, зорчигчдын ая тухтай байдлыг хангасан стандартын шаардлагыг харгалзан үзэх;
2.4 Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний автобус худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээний хороонд хувийн компаний төлөөллийг оруулах;
2.5 Монгол улсад үйлдвэрлэсэн автобусыг худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу давуу эрх олгох зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй.
3. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үр дүнг Сангийн зөвлөлийн хурлаар танилцуулахыг Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч-д даалгасугай гэсэн төслийг хуралдаанд оруулж байна.
Э.Бат-Үүл: Асуулт байна уу?
Г.Төмөрбаатар: Худалдан авалт хийхдээ 30%-ийг нь гаргаад үлдсэн 70 хувийг төлөх чадвар аж ахуйн нэгжүүдийн хувьд хэр байгаа вэ? Дараагийн 70 хувийг төлөх баталгаа байна уу? Компаниуд албан ёсны саналаа өгсөн үү?
Ч.Энхбат: Манай дээр бол судалгаа нь байгаа. Би оны өмнө оны дараа авах уу? Авахгүй юу? Бололцоо чинь хэр байна? Ямар автобус авахуу? Гээд албан ёсны саналыг нь авсан. Эхний удаа 15-н компани саналаа ирүүлсэн. Он гарсанаас хойш 11 компани ирүүлсэн. Нэг үеэ бодоход манай нийтийн тээврийн компаниуд харьцангуй хөрөнгөтэй болсон. Та ч өөрөө мэдэж байгаа байх. Хувийн компаниуд нь ямар ч гэсэн газартай, хашаатай, гаражтай. Компаниуд өөрсдөө 70-80% нь солонгос автобус сонирхож байнаа гэсэн санал ирүүлсэн.
Г.Төмөрбаатар: Төрийн 3 компанийг яах вэ? Бэлтгэл хангагдсан уу? Гадаа байлгахгүй биздээ?
Ч.Энхбат: Энэ жилийн төсөв дээр Автобус-3, Автобус-1-д 40-50 гаражын мөнгө тавьж өгсөн байгаа. Гэхдээ энэ 2 тендерийн нэг нь зарлагдаагүй гацаанд орчихсон байгаа.
Э.Бат-Үүл: Нийслэлийн төсөвт тавьчихсан байгаа юм байна.
С.Ононбаяр: Автобус худалдаж авч болноо. Гэхдээ бид 400 автобусны маргаан одоо болтол яваад л байдаг юм байна лээ. Дахиад автобус худалдаж авах гэж байна. Төмөрбаатар гишүүний хэлж байгаагаар яг саналаа өгсөн үү? Яг хэдийг авах вэ?
Эхний ээлжинд тэр 400 автобусны чинь эргэн төлөлт нь хэр байгаа вэ? Энэ талаар судалгаа байна уу? Одоо 230 автобус авах гэж байна. Үүний хэд нь монголд үйлдвэрлэсэн автобус байх вэ? Монголд үйлдвэрлэсэн автобус өртөг өндөртэй байна гэж байсан. Энэ дээр бол үнийн зөрүү ялгаагүй байгаа юм шиг санагдаад байна. Үндэсний үйлдвэрлэл маань давуу эрхтэй оролцох тийм боломж байгаа юу? Үндэснийхээ үйлдвэрлэлийг түлхүү дэмжих ёстой болов уу гэж бодож байна. Залуу хүний хувьд бас ирээдүйгээ хараад байна. Тэгэхээр нилээн олон автобус авах гэж байна. Тэгэхээр мэдээж мөнгөний эргэлт гадагшаа явах гэж байгаа. 400 автобусныхаа судалгааг тодорхой болгох хэрэгтэй байна. 400 автобусны асуудал маргаантай хэвээр байхад өнөө маргаашдаа яарч дахиад автобус авах хэрэг байна уу? Өнөөдөр би яагаад ингэж асууж байна гэхээр судалгаа чинь дутуу байнаа. Дээр нь 400 автобусны асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Ийм л саналтай байна.
Э.Бат-Үүл: Яг л энэ асуудлыг түрүүчийн хурлууд дээр яриад л гарсан. Өөрийн чинь яриа өнөөдөр яагаад гэнэтхэн өөрчлөгдчив? SCANIAавах хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэлийн автобус найдвартай юу? Бид нар үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ дэмжинэ гэж туйлширч болохгүй гээд байсан. Одоо ер нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжие гээд байна. 400н автобусны асуудлаас шаал өөр. Бид анх удаа компаниудынхаа саналыг авч худалдан авалт хийх гэж байна. Компаниудаар шууд худалдан авалт хийлгэх гэхээр тэд тендер зарлаж болохгүй. Хуулиар болохгүй байгаа учраас компаниудынхаа саналыг авъя, тэр санал нь орж ирээд 2,3 ярьсан. Тэр 400 автобусны талаар компаниудаас огт асуугаагүй. Зүгээр л яаман дээр очоод л 400 автобус аваад компаниудад шахаад өгчихсөн. Тэрнээсээ болоод одоо шүүх дээр маргаантай байгаа. Автобусаа авч нийлүүлэхгүй бол 9 сар гэхэд амжихгүй. Бид нар автобус авах гэж байгаа биш автобусны үйлчилгээг сайжруулах гэж байгаа. Хүмүүстээ зөв үйлчилдэг, сахйн үйлчилдэг. Иргэдэд тав тухтай, соёлтой үйлчилдаг байх хэрэгтэй. Хүйтний улирлаас өмнө авах хэрэгтэй. Дээрээс нь иргэдийн төлөөлөгчдийн хурлаас асуудалаа хурдан оруулж ирээ гээд байгаа.
Г.Төмөрбаатар: Миний асуултанд хариулсангүй. Төрийн өмчийн компаниуд хэдэн автобус авах вэ? Өөрсдөө төлөх үү? Бид нар төлөх үү?
Э.Бат-Үүл: Бид нар бол төр болон хувийн хэвшилээ ялгахгүйгээр оролцуулна гээд байгаа. Төсвийн хуулиар төсвийн хөрөнгө оруулалтаар өөрийн өмчийн эд хөрөнгийг бий болгоно гэсэн байгаа. Бид тэгэхгүй. Хувийн хэвшилээ оролцуулна гээд байгаа байхгүй юу. Хуулин дээр байж байгаа нийтийн тээврийн үйлчилгээ гээд. Худалдан авах ажиллагааны хуулиар хувийн хэвшилээ оролцуулаад байгаа. Үндэсний үйлдвэрлэлийн автобус авч байгаа. Дэмжиж байна. Тэдэнд магадгүй бэрхшээл тулгарч байгаа. Дэмжээд байвал улам сайжрах боломжтой. Угсрахаа хүрвэл бүгд л угсарч байгаа.
Н.Гантөмөр: Асуулт байхгүй шууд саналаа хэлье. Бид олон удаа хуралдаж олон ярьлаа. Одоо бид захирамжаа гаргахгүй бол иргэдийн хурлаас яаруулаад байгаа. Үндэсний үйлдвэрлэлээсээ авна. Гаднаас ч авна. Авахдаа урьдчилгаа өгч авна. 400 автобус гээд ярьвал зөндөө л юм байгаа байх. Энийгээ хойшлуулаад одоо бид паркынхаа асуудлыг ярих нь чухал. Манайх 3-р парк дээр 6 орчим тэрбумаар, 1-р парк дээр 2 орчим тэрбумаар шинэчлэл хийнэ. Тендер зарлагдсан. Энэ юмнуудтайгаа бид уялдан зохион байгуулах хэрэгтэй. Одоо саналаа хэлээд захирамжаа гаргаад явахгүй бол 9 сар гэхэд амжихгүй.
Ш.Одгэрэл: 2 санал 1 асуулт байна. Саналаа эхлээд хэлье. Захирамжийн төсөл дээр 150 ширхэг их багтаамжийн автобус гэсэн байна. Эко автобус чинь их багтаамжийн автобус. Эхний ээлжинд 10 ширхэгийг авъя гэж ярьсан. Эко автоубс 10, их багтаамжийн автобус 140 гэж оруулах саналтай байна.
2-рт: дунд оврын автобуснаас альнаас нь ч авсан бай давхар шилтэй байх хэрэгтэй байх. МAZ, SCANIA-с бусад нь дулаан оронд үйлдвэрлэсэн байх шиг байна. Тийм учраас манай нөхцөлд таарах үгүйг нь сайн судалж, шалгах ёстой.
3-рт: Угсраа автобусны асуудал байна. Угсраа автобус нийтийн тээврийн бодлогодоо тохирсон юмуу? Нийтийн тээвэрт явна гээд батлагдчихсан юм байгаа юу? Эргэлтийн радиус их шаардах уу? Эцсийн буудал дээр эргэхэд хүндрэл гарах уу?
Ч.Энхбат: “Гудамж” төсөл дээр 5-н шар, Офицеруудын ордоны буудлууд дээр эргэлтийг тааруулсан ажил хийгдсэн. Одоо цөөхөн мөнгөний санхүүжилт шийдэгвчилвэл эргэлт бий болно. Гэхдээ эргэлтийн радиус нэг их шаардахгүй.
Н.Гантөмөр: Өчигдөр “Гудамж” Төслийн удирдах хорооны хурлаар наад асуудлыг чинь шийдчихсэн.
Ч.Энхбат: Сүлжээ төлөвлөлт дээр энэ угсраа автобусыг зөвхөн Энхтайваны өргөн чөлөөгөөр явуулахад ойролцоогоор 100-120 автобус шаардлагатай байгаа. Эхний жил 40-г оруулж ирээд Энхтайваны өргөн чөлөөгөөр явуулъя гэсэн саналтай байгаа.
С.Ононбаяр: Би залуу хүний хувьд ирээдүйгээ харж үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа. 5 толгой, Оюу толгой гэж ярихаасаа илүү Монгол толгойг яръя гээд байгаа. Мөнгөний урсгал ч гадагшаа явах гэж байна. Дотооддоо автобус үйлдвэрлэж байгаад нэнэ таатай байгаа. 3-4 сард 100-г хийх юм байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 200 ширхэг автобус үйлдвэрлэх боломжтой. Саяны ярьсан угсраа автобус 100-120 шаардлагатай, энэ жилд 40-г авна гэж байна. Энийгээ жоохон нэмэх боломжтой юу? Яагаад гэвэл төв шугам дээрээ явуулах юм байна.
Н.Гантөмөр: 40 байхад хангалттай. 2 талдаа 20, 20-роо явахад боломжтой.
С.Ононбаяр: Тэгвэл энэ чигээр нь явъя. Гэхдээ үндэсний үйлдвэрлэл дээрээ сайн анхаараарай.
2-рт: Өнөөдрийн зайлшгүй хийх шаардлагатай зүйл парк шинэчлэлт мөн үү гэхээр бид бүгд тийм гэж байгаа. Гэхдээ сүлжээ төлөвлөлтөө сайн хийх хэрэгтэй. Нийтийн тээврийн чуулга уулзалт дээр компаниуд ярьсан. 1 үнийн тарифтай болгох сүжлээ төлөвлөлтөө маш хурдан хиймээр байна.
3-рт: Төрийн өмчит 3 компани автобус авдаг, сүүлд нь нийслэл төлдөг байж болохгүй. Нийтийн тээврийн үйлчилгээ ашигтай юу, алдагдалтай юу гэдгийг нэг тийш нь болгохгүй бол зарим нь ашигтай зарим нь алдагдалтай гэдэг. Бид нар шинэчлэл шинэчлэл гэчихээд автобус худалдан авахыг шинэчлэл гэж хэлэхгүй ээГэхдээ бид яг Үндэсний үйлдвэрлэл дээрээ анхаарал хандуулаарай. Жилд 200 автобус үйлдвэрлэхээр ажлын байр ч нэмэгдэнэ.
Г.Төмөрбаатар: Төрийн өмчит компаниуддаа хэдийг өгөх юм бэ? Автобус худалдаж авахгүй гэж байгаа юм ерөөсөө байхгүй. Судалгаа бичиг баримт бүрдүүлэлт дутуу байна. Цаашид үр дүнтэй үгүй нь мэдэгдэхгүй байна. Бас худлаа хэлж болохгүй. Өмнө нь европын автобус гээд худлаа мэдээлэл өгсөн байсан. Энийгээ дарга нартаа зөв мэдээлж байх ёстой. Иймэрхүү юмнууд байна.
Төрийн өмчит компаний мөнгийг төсөвт суулгах юмуу? Төсвөөс л мөнгө өгдөг болчихоод байна.
Э.Бат-Үүл: Захирамжаа бол гаргая. Ингээд шийдээд явъя.
Бид үйл явцынхаа логикыг сайн ойлгох хэрэгтэй. Удаа дараа ярьсан. Уг нь бид шууд төсвийн худалдан авалт хийх эхээр ерөөсөө өөрийнхөө үндсэн 4 компанид авч өгөх ёстой. Бүх нийтийн тээврийн компаниудыг дэмжсэн сан байгуулаад нийтийн тээврийн сангаас дэмжлэг үзүүлж байгаа. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа. Төмөрбаатар төлөөлөгчтэй нэг зүйл дээр санал нэг байна. VOLVO оруулж ирж байгаа гээд үйлдвэрлэгч нь хэлсэн. Би зориуд мэргэжлийн зөвлөх зөвлөх инженерүүд явуулсан. Ажлын хэсэг очиж үзэхэд Хятад байсан. Одоо тэд тайлбарлахдаа Хятадад төлөөлөлтэй VOLVO гэж байгаа.
Одоо харин худалдан авах ажиллагаа явуулахдаа техникийн нөхцөл, ашиглалтын зардалаа сайн анхаарах хэрэгтэй.
2-рт: Худлаа үнэн юм ярьсан яриа байна. Юманд субьективны хандаж болохгүй. Бид үндэсний үйлдвэрлэлийн автобус худалдан авахдаа хатуу хариуцлагатай гэрээ хийнэ. Ашиглалтын гэрээг хатуу хийнэ.
Захирамжаа бол гаргая.
Одоо бидний дараагийн хурлаар хэлэлцэх зүйл бол Сүлжээ төлөвлөлтийн асуудал. Ер нь нэг үнийн тариф руу шилжих талаар ярилцана.
Өөр ярих юм байна уу?
Ч.Энхбат: Үндэсний үйлдвэрлэлийн талаар хэлэх юм байна. Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн яамнаас автобус үйлдвэрлэгчийн тусгай зөвшөөрлийг одоо болтол аваагүй юм байна лээ.
Э.Бат-Үүл: Манай зөвлөх инженерүүд үйлдвэрлэлийн явцтай очиж танилцсан. Гантөмөр дарга судлаад, яамтай ярь.
Бас нэг асуудал бол эко автобус авна гээд захирамж дээр тоо тавих гэхээр нэг бэрхшээл байна. Түрүүчийн автобусаа одоо болтол нийлүүлээгүй байгаа. Очоод яг хэдийг үйлдвэрлэх вэ? гээд асуух хэрэгтэй. Тоог нь тохироод хатуу гэрээ хийх хэрэгтэй.
Дараагийн хуралдаанаар “Сүлжээ төлөвлөлт”-ийн асуудлаар хэлэлцэнэ.
Хурлаас шийдвэрлэсэн нь:
1. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлт хийх зорилгоор “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн шийдвэрээр гаргаж буй Нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг дэмжиж, захирамжийг гаргахаар шийдвэрлэв.
2. “Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн зөвлөлийн дараагийн хурлаар “Сүлжээ төлөвлөлт”-ийн асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэв.
Танилцсан:
“Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн
зөвлөлийн дарга Э.Бат-Үүл
Хурлын тэмдэглэл хөтөлсөн:
“Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн
нарийн бичгийн дарга Б.Шинэцэцэг


No comments:

Post a Comment