Thursday, October 9, 2014

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

Өнөөдөр буюу 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан нийслэлийн засаг захиргааны 1-р байрны А танхимд боллоо. Хуралдаанд тэргүүлэгч Д.Баттулга, С.Ононбаяр, Б.Саранчимэг, Ш.Одгэрэл, Авирмэд, Г.Батчимэг, Б.Отгонбаяр, Д.Хүрэлбаатар, Д.Оросоо, Б.Төмөрчулуун, Д.Байдраг нар оролцов. Хуралдаан 10 цаг 15 минутад эхэлж 14 цаг 10 минутад дуусав.
Хуралдаанаар:
  1. Журмууд батлах тухай
- Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн ашиглалтгүй болон илүүдэлтэй ажлын байр, талбай, үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар;
- Нийслэлийн өмчийн байр, талбайг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам;
- Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбоотой бусад харилцааг зохицуулах журам;
- Нийслэлийн өмчийг хувьчлах журам;
- Нийслэлийн өмч хувьчлах комиссын ажиллах журам;
- Нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжин ирж буй нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг бүртгэх журам;
  1. Блансаас блансад шилжүүлэх тухай /БГД-ийн 5, 11-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн блансад тус тус бүртгэлтэй 4 барилга байгууламжийг БГД-ийн блансад шилжүүлэх тухай/
  2. Хөрөнгө бүртгэлээс хасч, бусдын өмчлөлт шилжүүлэх тухай /БЗД-ийн 4-р хорооны 15-р хорооллын 4-3 тоотод байрлах 46 м.кв байрыг иргэн С.Гантогоогийн эзэмшилд шилжүүлэх тухай/
  3. Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /СХД-ийн 4, 5, 10-р хороонд байрлах өрхийн эрүүл мэндийн төвийн барилгууд/
  4. Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газруудын бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, хамрах хүрээг оновчтой зохион байгуулах тухай /ОСНААУГ, УСУГ/
  5. Улаанбаатар хотын Хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай
  6. Нийслэлийн Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн 90 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
Эхэнд нийслэлийн өмчийн талаар баримтлах 6 багц журмын төслийг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулж, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Төмөрбаатар, дэд дарга Батдорж нар байлцав.
Төсөлтэй холбоотой асуултууд:
Тэргүүлэгч Авирмэд: Нийслэлийн өмчийг түрээслүүлэх журамдаа төр болон хувийн хэвшлийн хооронд ямар нэгэн ялгаа зааг тавьж өгсөн үү?
Н.Батаа: Ямарч ялгаа зааг тавьж өгөөгүй.
Тэргүүлэгч Авирмэд: Өмчийг блансаас блансад шилжүүлэхдээ үнийн дүнг нь өөрчилж байгаа юу?
Н.Батаа: Үгүй. Блансаас хасагдсан дүнгээр нь блансад шилжүүлж байгаа.
Тэргүүлэгч Авирмэд: Дампуурсан аж ахуй нэгжийг шууд хувьчилч болдоггүй юм уу?
Ш.Төмөрбаатар: Нийслэлийн өмчийг шууд дуудлага худалдаагаар худалдаж болдоггүй.
Тэргүүлэгч Б.Саранчимэг: Журам хэдэн сараас хэрэгжих вэ?
Батдорж: Тогтоол батлагдсан даруйдаа хүчин төгөлдөр болно.
Тэргүүлэгч Б.Саранчимэг: 40 м.кв-аатаар заагладаг нь ямар учиртай юм бэ?
Батдорж: 40 м.кв-аас доош талбайг гэрээгээр түрээслүүлнэ. Түүнээс дээш талбайг сонгон шалгаруулалтаар явуулах хэрэгтэй гэж үзэж байгаа.
Тэргүүлэгч Д.Оросоо: Одоогийн байдлаар нийслэлийн өмчийн хичнээн өрөө тасалгааг хувийн хэвшилд түрээслэж байгаа вэ?
Мэргэжилтэн .... : Нийслэлийн сургууль, цэцэрлэг болон бусад обект байгууламжинд 173 өрөөг дам, 135 өрөөг шууд түрээслүүлж байгаа. Үүнээс нэрлэвэл урт цагаанд 35 өрөөг, СТӨ-нд 69 өрөөг г.м-ээр түрээслүүлж байгаа. Сургууль цэцэрлэгийн байранд жижиг буфеть, хэвлэх хувилах өрөө байдлаар түрээслүүлж байгаа.
Тэргүүлэгч Д.Байдраг: Нийслэлийн өмчийн байрыг хувийнханд түрээслэхгүй байвал яасан юм бэ? Хааяа нэг хэрэг болохоор бүгд эзэнтэй гээд өрөө олдохгүй тохиолдол их байдаг.
Н.Батаа: Төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааг доголдуулахгүй, илүүдэлтэй байгаа өрөө тасалгааг түрээслүүлэх л хэрэгтэй.
Дарга Д.Баттулга: НИТХ-аас төсөв батлах үеэрээ ширээ сандал тоног төхөөрөмжийг худалдан авах төсвийг нь байгууллагуудад батлаад өгдөг. Гэтэл тэрхүү батлаад өгсөн мөнгөөр бараа худалдан авахын тулд танайхаас заавал зөвшөөрөл авах ёстой гэсэн заалт энэ журам дотор явж байна. Ер нь ганц нэг ширээ сандал авахын тулд танайхыг царай алдаж хугацаа алдаж чирэгддэг гэсэн гомдол их байгаа. Яарсан хүн зөвшөөрөл авахын тулд танай мэргэжилтэнг хоолонд хүртэл оруулсан гэх ч яриа бий. Энэ заалтаа хасаад шийдчихэж болдоггүй юм уу?
Төмөрбаатар: 10 сая төгрөгөн дотор тухайн байгууллага өөрт шаардлагатай бараагаа авахыг зөвшөөрч байгаа. Харин түүнээс дээшхийг заавал манайхаар ав гэсэн босго тогтоосон.
Саналууд:
Тэргүүлэгч Д.Оросоо: энэ журмынхаа өмнө хэсэгт нэр томьёоллын тайлбарыг заавал оруулж өгөх хэрэгтэй.
Тэргүүлэгч Д.Байдраг: Төсөвт суусан худалдан авалтыг хуулийнх нь дагуу явуул. Ганц ширээ сандал авах гэж чирэгддэг явдлыг би хорооны засаг дарга байхдаа өөрийн биеэр мэдэрч байсан. Юм болгоныг өмчийн харилцааны газрын зөвшөөрлөөр авч чирэгддэг, хугацаа алддаг, төрийн ажлыг удаашруулдаг тасалдуулдаг явдлыг болиулах хэрэгтэй. 50 сая төгрөг доторх худалдан авалтыг хуулийнхаа дагуу хийе. Түүнээс дээшхийг зөвшөөрөл авдаг байя.
Тэргүүлэгч С.Ононбаяр: Нийслэлийн өмчтэй хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийг дээрэмдэх, тэргүүлэгчдээс тогтоол гарган нийслэлийн өмч болгочихоод оруулсан хөрөнгийг нь буцаан олгохгүй байнагэсэн гомдол надад зөндөө ирж байгаа шүү. Энэ асуудлыг зохицуулсан заалтыг энэ журмуудын дунд оруулж өгөөрэй.
Тэргүүлэгч Авирмэд: Нийслэлийн өмчийг түрээслэхдээ тухайн байгууллагын үйл ажиллагааг дэмжих заалтыг оруулж өгнө үү гэсэн саналуудыг өгсөн юм.
Үүний дараа тэргүүлэгчидийн оруулсан саналуудыг оруулж засварлан 6 журмыг баталлаа.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор блансаас блансад шилжүүлэх тухай, Хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод үйлдвэрийн газруудын бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, хамрах хүрээг оновчтой зохион байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. 
ОСНААУГ-ыг татан буулгах асуудлыг НИТХ дахь МАН-ын бүлэг төрийн ажлыг хүчгүйдүүлсэн, өмнө нь ашиглагдаж байгаад үр ашиггүй гэдэг нь тогтоогдоод татан буугдсан зүйлийг дахин гаргаж ирлээ. Уг асуудлыг буцаая гэсэн босоо саналыг оруулж ирсэн боловч тэргүүлэгчид дэмжсэнгүй. Дээрх тогтоолоор орон сууц нийтийн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг 2014 оны 09 сарын 15-с татан буулгаж ОСНААУГ-ын салбар “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” болгон өөрчилж операторын системд шилжүүлэхээр боллоо.  Операторын системд шилжүүлснээр санхүүгийн шинэ загвар нэвтрэх юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн төлсөн төлбөрийн мөнгөний урсгалыг хүний оролцоотойгоор бус тухай бүрт нь программ хангамжийн тусламжтайгаар зохицуулж халаалт, халуун, цэвэр усны хангамжийг шийднэ.
Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байршилтай нийтийн зориулалттай орон сууцны барилгын дундын өмчлөлийн инженерийн шугам тоноглол эд хөрөнгөд засвар ашиглалтын сан байгуулна. Ингэснээр дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ сайжирч хэрэглэгчдэд хүрэх үйлчилгээ ойрто
но хэмээн Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, УСУГ-ын дарга С.Үнэн нар мэдэгдсэн юм.
Хэлэлцэх асуудлын 6-д байсан “Улаанбаатар хотын Хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах тухай” хөтөлбөрийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болж хойшлуулсан бөгөөд Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн 90 жилийг ойг тэмдэглэх тогтоолыг тэргүүлэгчид баталснаар өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.

No comments:

Post a Comment