Friday, October 30, 2015

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас мэдээлж байна

С.ОНОНБАЯР: ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ЦАЛИНГ 400,000 БОЛГОЁ


Өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр НИТХ-ын ээлжит 30-р хуралдаан Хангарьд ордны 14 давхарын А танхимд 09:40 цагт эхэлж, 13 цаг 40 минутад дууслаа. Хуралдаан 62 хувийн ирцтэйгээр үргэлжилж дараахь асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
·         Иргэдэд гэр бүлийн хэрэглээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай
·         Хэсгийн ахлагчийн ажиллах журмыг батлах тухай
Хуралдааны эхэнд “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч С.Ононбаяр бүлгийн саналаа уншиж танилцууллаа.
С.Ононбаяр: Тус эвслийн бүлэг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, НИТХ-ын ээлжит 30-р хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцээд дараах дүгнэлтийг гаргалаа. Үүнд:
1.    Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19-р зүйлийн 19.2-т сум дүүргийн хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно гэж заасан тул “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ын төслийг есөн дүүргээс албан ёсны санал авахгүйгээр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэсэн горимын саналыг хураалгах;
2.    Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоох асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлах нь зүйтэй гэж үзлээ гэв.
Бүлгийн саналаар босоо санал хураалгасан боловч цөөнх болсноор хуралдаан үргэлжилж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газрын байршил хэмжээг баталлаа.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомж 2002 онд батлагдан 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс улс орон даяар хэрэгжиж эхэлснээр 12 жилийн турш зохион байгуулагдаж байна. Энэ нь иргэддээ газар хэмээх хамгийн бодит өмчийг капитал болгон ашиглах боломжийг олгох, эдийн засгийн эргэлтэнд орох чадавхийг нэмэгдүүлж, улмаар иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготойгоор хийгдэж эхэлсэн газрын харилцааны томоохон шинэтгэлийн ажил байсан юм. Гэвч энэ ажлыг зөвхөн газрын харилцаанд оролцож, газрыг тодорхой хугацаагаар эзэмших эрх албан ёсоор үүссэн иргэдийг хамруулж, цаасан өргөдлийн хамт олон тооны материал бүрдүүлэн хүлээн авч шийдвэрлэж байсан нь газар өмчлүүлэх ажлын явц буюу хуулийн хэрэгжилтийг маш удаашралтай, иргэдэд хүндрэл чирэгдэлтэй, хүнд сурталтай, цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан ажил болгож хувиргасан байна. Дээрх 12 жилийн хугацаанд нийслэл хотын хэмжээнд жилд дунджаар 8459 иргэнд өмчлүүлж байсан бөгөөд цахим өмчлөл эхлэхээс өмнөх байдлаар нийт нийслэлийн хүн амын 8.9% нь газар өмчилж аваад байсан.
Иймд нийслэлийн хэмжээнд “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг ханган тус ажлыг эрчимжүүлэх, нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлыг хүндрэл, чирэгдэлгүй хүргэх зорилгын хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10/39 дүгээр тогтоол гарган 52 байршлын 15309 га талбайг шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Үүний дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газраас дээрх байршилд газар өмчлөлийн ажлыг “Цахим хэлбэр”-ээр зохион байгуулах ажлыг шинээр санаачлан, холбогдох журмыг батлуулж, цахим системийн зохион байгуулалт, програм хангамжийн шийдлийг боловсруулан бусад шаардлагатай бэлтгэл ажпуудыг хангасны үндсэн дээр 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол улсын хэмжээнд анх удаа нийслэлд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг эхлүүлсэн.
Газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулахад баримтлах журмын дагуу зарлагдсан байршлуудад газар өмчлөх хүсэлтэй нийслэлийн иргэдийн хүсэлтийг тухайн иргэн дэлхийн улс орнуудын хаана байгаагаас үл хамааран 15 хоногийн турш 24 цагаар цахим системээр дамжуулан хүлээн авч, газар өмчлөх иргэн болон түүний өмчлөх нэгж талбарыг харгалзуулан автомат үйлдлээр сонголт хийж, сонгогдсон иргэдэд тухайн газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулснаараа онцлогтой болсон юм.
Өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 41 байршилд 4 удаагийн цахим өмчлөлийн ажпыг зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 642339 иргэн, давхцалгүйгээр нийслэлийн нийт 516109 иргэн буюу нийслэлийн хүн амын 40% нь цахим системд хандан хүсэлт ирүүлснээс 69.928 иргэн сонгогдож, газар өмчлүүлэх ажил амжилттай зохион байгуулагдаад байна. Энэ нь Улаанбаатар хотын газрын харилцаа, тэр дундаа газар өмчлөлийн ажилд хамгийн олон тооны иргэн оролцсон анхны ажил болсон. Тус ажлын үр дүнд нэг жил гаруй энэ богино хугацаанд нийслэл дэх газар өмчлөлийн ажлын хэрэгжилт 14%-д хүрлээ.
Мөн нэгдүгээр ээлжинд зарлагдсан байршлуудад газар өмчлөхөөр хүсэлт гаргасан иргэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын веб сайтад 5 сая орчим давтамжтай хандалт хийсэн нь Монгол улсын хэмжээнд урьд өмнө нь байгаагүй тоон үзүүлэлт болж байна.
Ийнхүү 4 удаагийн газар өмчлөлийн ажлаар батлагдсан 52 байршлаас 41 байршлын төлөвлөгдсөн боломжит нэгж талбаруудад тулгуурлан цахим өмчлөлийн ажлыг зохион байгуулсан бөгөөд үлдэх 11 байршилд өнөөдрийн байдлаар цахим газар өмчлөлийн ажлыг зохион байгуулах боломжгүй байгаа болно. Эдгээр 11 байршлын хувьд Баянзүрх дүүрэгт 3 байршил, Хан-Уул дүүрэгт 1 байршил буюу нийт 4 байршилд нам давхаржилттай орон сууцны төлөвлөлт батлагдсан тул Нийслэлийн Орон сууцны корпорацид газрын асуудлыг шийдвэрлэх, мөн Баянзүрх дүүргийн 3 байршил нь иргэд олон жил суурьшсан болон байгалийн цогцолборт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан газрууд давхацсан. Сүхбаатар дүүргийн Тоосгоны орчмын 2 байршилд иргэдийн газрын маргаантай асуудал шийдвэрлэх зорилгоор төлөвлөлтийг засварлан шинэчлэх шаардпага гарсан, Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн тус бүр 1 байршилд Батлан хамгаалах яамны сургалт, буудлагын талбай болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн авто замын трасс давхацсан тул эдгээр асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл цахим газар өмчлөлийн ажил хүлээгдэж байна.
Эдгээр байршлууд болон иргэдэд өмчлүүлэх газрын хил заагийн өөрчлөлтийг нэгдсэн байдлаар нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар санал боловсруулан ажиллаж байна.
Урьд онуудад зохион байгуулагдсан газар олголт, өмчлөлийн үйл ажиллагаа нь өргөдөл хүлээн авах дарааллын зарчмаар явагдаж байсан, иргэд олон хоног дугаарлах, маш урт цуваа үүсгэх, олон дахин явах зэргээр чирэгдэл ихтэй байснаас гадна урт дарааллын эхэнд байрласан цөөн тооны иргэд садан төрлийнхөө иргэдийн материалыг бүрдүүлж олон тооны материал өгөх, ажил хариуцсан төрийн албан хаагчид танил талаа дарааллын урд оруулах гэхчлэн хүндрэл ихээр гардаг байв. Тухайн жилд төлөвлөсөн тодорхой тооны өргөдпийг хүлээн авснаар тухайн дүүргийн газрын харилцааны алба нь өргөдөл хүлээн авах ажлыг зогсоодог тул урт дараалал үүсгэн удаан хүлээсэн иргэд, ихэнх тохиолдолд өндөр настан, хөгжпийн бэрхшээлтэй, танил талгүй, амьжиргааны түвшин доогуур орлого багатай иргэд өргөдлөө өгч чадалгүй хоцордог байсан байна.
Газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулснаар өмнөхтэй харьцуулахад дараах давуу талууд бий болсон. Үүнд:
1.    Иргэдийн харилцан эрх тэгш байдлыг хангах, иргэн бүрт хуулиар олгогдсон эрхээ эдэлж, газар өмчлөх хүсэлт гаргах боломжийг олгосон
Газрын харилцааны албанд хүсэлт гаргахдаа биеэр ирэхгүй байх нөхцлөөр хангаснаар гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа иргэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, насанд хүрээгүй бага насны хүүхдүүд харилцан тэгш эрхтэйгээр бүртгүүлж, сонгогдох боломжтой болсон.
2.    Иргэдийн болон албан байгууллагын хувьд санхүүгийн асар их хэмнэлт бий болсон.
3.    Иргэдэд газар өмчлүүлэх ажлыг харьцангуй богино хугацаанд зохион байгуулж, цаг хугацаа хэмнэсэн.
4.    Мэдээллийн нээлттэй, ил тод байдал хангагдаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чирэгдэлгүй, шударгаар явуулах боломжтой болсон.
5.    Гадны нөлөөлөл буюу хүний хүчин зүйлийг оролцоог хязгаарласнаар хэн нэгэнд давуу эрх олгох, авилгад өртөх боложийг хязгаарласан зэрэг болно.
Иргэнд шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дараах  газруудыг өмчлүүлэхээр боллоо. Үүнд:
1.    Сонгинохайрхан дүүрэгт нийт 12 байршилд 2645.7 га
2.    Хан-Уул дүүрэгт нийт 3 байршилд 421.6 га
3.    Налайх дүүрэгт нийт 4 байршилд 3661.7 га
4.    Багахангай дүүрэгт нийт 17 байршилд 3800.3 га
5.    Багануур дүүрэгт нийт 32 байршилд 11967.4 га газрууд болно.
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэх, нийслэлийн иргэн бүрт газар өмчлүүлэх эрхийг хангах, энэ төрлийн ажлыг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор 68 байршлын 22496.7 га газрын нөөцийн судалгааг өмчийн харилцааны газраас боловсруулан өргөн барьж батлуулсан байна.
Хэсгийн ахлагчийн ажиллах журмыг хэлэлцэх үед бүлгийн ахлагч С.Ононбаяр:
Улаанбаатар хотод одоогийн байдлаар 1300 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна. Тэдний цалинг 1.5 дахин нэмэгдүүлэхэд 4.5 тэрбум төгрөг шаардагдахаар тооцоо гарсан. Уг мөнгө дүүргүүдийн төсөвт байгаа юм байна. Тэгэхээр нэгэнт л нэмж байгаа юм бол нэг мөсөн 400,000 төгрөг болгож нэмбэл яасан юм бэ? Нийслэлийн бүх айл өрх бүрт халуун хүйтний аль үед хүрч ажилладаг хэсгийн ахлагч нарынхаа цалинг нэмсэн шиг нэмчихье л дээ. Тэртээ тэрэнгүй санхүүгийн нөөц бололцоо байгаа юм чинь гэсэн саналыг оруулсан боловч дэмжигдсэнгүй.
Хэсгийн ахлагч нарын ажиллах журамд иргэдийг насаар нь ялгаварласан заалт байсныг насны хязгарлалтгүй болгож баталлаа. Журам 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөнө.


Wednesday, October 28, 2015

ЕБС-д ХИЧЭЭЛ ЗААВ


НИТХ-ын төлөөлөгч Н.Баяраа "Нийслэлийн 376 жилийн ой"-г тохиолдуулан Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулийн ахлах ангийн сурагчдад "Улаанбаатар хотын түүх ба соёл" сэдвээр лекц уншлаа. Мөн сургуулийн удирдлагатай уулзаж сурагчдын гаргасан бүтээлүүдтэй танилцан мэдээлэл солилцлоо.


нийслэлийн тулгамдсан асуудал зорилт, шийдвэрлэх арга зам

Thursday, October 22, 2015

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан /2015.10.23/ боллоо


Өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10 цагаас эхэллээ. Хуралдаанд тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, тэргүүлэгч Н.Баяраа, Д.Энхсайхан, Ц.Буяндалай, Ц.Баатархүү, Ц.Алтанцэцэг, Н.Гантөмөр нар оролцож, НЗД-ын орлогч С.Очирбат, Өмчийн харилцааны газрын дарга Төмөрбаатар, Хөдөлмөрийн газрын дарга Одонхүү, НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд нар байлцав. Хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа.
  1.   “Нийслэлийн орон сууц корпораци” ОНӨҮГ-ын удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо. Төрийн захиргааны албан хаагчдыг төлөөлж Нийслэлийн өмчийн харилцааны орлогч дарга Энхтуяа, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Одбаяр, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Ганхүү НИТХ-ыг төлөөлж Б.Отгонбаяр, Ц.Одонтунгалаг, С.Очирбат, Н.Баяраа нар томилогдлоо.
  2.  Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах шийдвэрийг гаргалаа. Тус төвийг Дүнжингарав худалдааны төвийн дотор нийтдээ 2800 мкв талбайд төрийн захиргааны 56 албан хаагч байрлаж нийтдээ 202 төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх аж. Төрийн үйлчилгээний төв нь Нийслэлийн бүх иргэдэд харьяалал хамаарахгүй үйлчлэх бөгөөд амралтын өдрүүдэд ажиллах, эсхүл өглөөний 10-20 цагийн хооронд ажиллах боломж нөхцлийг судалж үзэхийг НИТХ-ын дарга Д.Баттулга үүрэг болголоо. Төвийг энэ оны 12-р сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд үүнд шаардлагатай байгаа 630 сая төгрөгийг НИТХ-ын тэргүүлэгчдээс шийдвэрлэв. Төрийн үйлчилгээний супермаркетыг цаашид мишээл экспо төв болон Содон хорооллын дунд байгуулах бөгөөд иргэд аж ахуй нэгж байгууллагууд заавал Хангарьд ордон, эсхүл дүүрэг хороондоо очиж авдаг байсан үйлчилгээгээ тус төвөөс авах боломжтой болох аж.
  3.    Гэртээ харих зам хөтөлбөрийг баталлаа. Нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2800 гаруй орон гэргүй тэнэмэл иргэн байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ тоо 2010 онд 970 орчим байсан бол 5 жилийн дотор 3 дахин өсөөд байгаа аж. Энэхүү иргэдийг нийгэмшүүлэхийн тулд НЗД-аас жил бүр 500 орчим сая төгрөгийг Амьдрах ухаан төвд өгдөг боловч тэрхүү мөнгөөр нь тус байгууллага ердөө 50-хан хүнийг л хооллож ундалж нэг цэгт байрлуулж байгаа аж. Иймээс төсвөөс зарцуулж буй мөнгийг үр ашигтай болгох, илүү олон хүнд үр өгөөжтэй байлгах зорилгоор тус хөтөлбөрийг баталж 4 үндсэн чиглэлийн хүрээнд ажиллахаар болсон байна.
  4.   Хэсгийн ахлагч нарын ажиллах журмыг нэгдсэн хуралдаанд дэмжиж оруулахаар боллоо. Нийслэлийн хэмжээнд байгаа 152 хороонд ажиллаж буй хэсгийн ахлагч нарыг ажиллуулах, тэдний ажлын байрыг тодорхойлсон зүйл заалт байхгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Иймд тэдний чиг үүрэг цалин хөлсийг нэмэгдүүлэх журмын төслийг энэ сарын 30-нд болох нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
  5.   НИТХ-ын ээлжит 30-р хуралдааныг 2015.10.30-ны өдрийн баасан гаригт 9 цагаас Хангарди ордны 14-р давхарын хурлын танхимд хийхээр товлолоо.



НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын алба

Wednesday, October 21, 2015

С.Ононбаяр “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагчаар сонгогдлоо

Шударга ёс эвслийн бүлгийн ахлагч С.Ононбаяр

2015 оны 10 дугаар сарын 21-ны өдөр МАХН-ын нарийн бичгийн дарга нарын хуралдаанаас ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тус эвслийн бүлэг хуралдлаа. Хуралдаанаар бүлгийн ахлагчаар ажиллаж байсан Н.Баярааг сэлгээгээр чөлөөлж, С.Ононбаярыг бүлгийн ахлагч болгох саналыг 100 хувийн саналаар дэмжлээ. С.Ононбаяр нь 1981 онд төрсөн.

·         1999-2005    Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийг Маркетингийн удирдлага мэргэжлээр дүүргэсэн,
·         2012-2015 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Удирдлагын академид Төрийн захиргааны менежетментийн  магистрийн зэрэг хамгаалсан.

·         2009-2012 Шинэ хэмнэл констракшн ерөнхий захирал
·         2011 оноос МАХН-ын дэргэдэх “Ардчилал Шударга Ёс” Монголын залуучуудын холбооны дэд тэргүүн
·         2011 оноос МАХН-ын бага чуулганы гишүүн
·         2012 оноос МАХН-ын Хан-Уул дүүргийн мянгатын дэд дарга
·         2012 оноос НИТХ-ын төлөөлөгч, Хүний эрхийн дэд хорооны дарга
·         2013 оноос Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүн
·         2013 оноос Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн удирдах зөвлөлийн гишүүн
·         2013-2014 онд НИТХ-ын тэргүүлэгч
·         2014 оноос бичил бизнесийг дэмжих сангийн зөвлөлийн гишүүн
·         2014 оноос Автобус-1 компаний даргын ажлыг эрхэлж байсан туршлагатай.

·         2011 онд МАХН-ын Шударга үйлс алтан медаль,
·         2012 онд Нийслэлийн хүндэт өргөмжлөл,
·         2012 онд Нийслэлийн тэргүүний залуу алтан медаль,
·         2012 онд МАХН-ын Тусгаар тогтнол одон
·         2014 онд Нийслэлийн 375 жилийн ойн медаль
·         2014 онд Нийслэлийн хүндэт тэмдэг
·         2015 онд Авто тээврийн салбарын 90 жилийн ойн медаль
·         2015 онд Хөдөлмөрийн хүндэт медалийг хүртсэн МАХН-ын тэргүүний боловсон хүчний нэг юм.


Thursday, October 15, 2015

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо /2015.10.16/


НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан 2015.10.16 гэрэл зургийг: Гэрэлчулуун

Өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр НЗДТГ-ын А танхимд 10 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан эхэлж 13:20 минутад дуусав. Хуралдаанд тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, тэргүүлэгч Н.Баяраа, Ц.Алтанцэцэг, Д.Амарбаясгалан, С.Үнэн, Энх-Амгалан, Д.Энхсайхан, Н.Гантөмөр нар оролцож, НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд, захиргаа хуулийн хэлтсийн дарга Азжаргал, Нийслэлийн ерөнхий аудитор Очирбат, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Төмөрбаатар болон бусад мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байлцав.
Хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.
  1. Багачууд хүнс компаний нэр дээр бүртгэлтэй 4 барилга байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэрийг гаргалаа.
  2. Нийслэлийн орон сууц корпораци орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын удирдах зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хойшлуулж дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болов.
  3. НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015.08.17-ны өдрийн 137 тоот тогтоолд өөрчлөлт оруулав. Ингэснээр “Ханын материал” ХК-ны хажууд байрлах 5.2 га талбайг Ай Ти Би ХХК-д эзэмшүүлж уг талбайд дахин төлөвлөлтийн ажлыг хийхээр боллоо. Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан нийт орон сууцны талбайн 2 хувийг нийслэлийн өмчит үнэ төлбөргүйгээр, 20 хувийг төрийн албан хаагчдад нэрлэсэн үнээр худалдан борлуулахаар боллоо.

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан 2015.10.16 гэрэл зургийг: Гэрэлчулуун
   4.  Сургуулийн орчинд эргүүл ажиллах “School Police” журмыг баталлаа. Уг журам батлагдсанаар сургуулийн орчинд ээлжээр ажиллаж буй эцэг эхчүүд цалинтай чөлөө авах, эргүүл хийхэд шаардагдах хувцас тоног хэрэгслээр хангагдах, эргүүл хийх үедээ ямар нэгэн халдлагад өртсөн тохиолдолд хохирлыг төр барагдуулах болж байна.
5  5. Хугацаагаа сунгуулах хүсэлт гаргасан 26 шашны байгууллагын асуудлыг хэлэлцээд бүх хүсэлтийг шийдвэрлэхээр боллоо. Түүнчлэн шашны асуудалтай холбогдуулан хурлын тэмдэглэлээр дараах үүргүүдийг өглөө.
·         Христийн шашны байгууллагууд эдгэшгүй өвчин туссаны улмаас нас барах өдрөө хүлээн шаналан хэвтэж буй хүмүүст зориулсан хандивын үйлчилгээг үзүүлдэг аж. Үүний нэгэн адилаар буддын шашны байгууллагууд иргэдээс төвлөрүүлсэн хандивынхаа хөрөнгөний тодорхой хувийг нийгмийн эмзэг бүлгийнхэнд зориулж байгаач гэсэн уриалгыг гаргахаар болов. Мөн зөвлөлдөх уулзалтад шашны байгууллагын төлөөллүүдийг урьж оролцуулахаар болов.
·         Шашны байгууллагууд үйл ажиллагаагаа явуулахдаа мөрдөх журмын төслийг яаралтай боловсруулж иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхийг үүрэгдлээ.
   6. МУСГЗ, хөгжмийн зохиолч, удирдаач Бирваа агсны хүндэтгэлийн самбарыг түүний амьдарч байсан УИД-ын урд талын 18-р байрны хананд байрлуулах зөвшөөрлийг олголоо.
   7. Төрийн 3 удаагийн шагналт, АУЗ, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Цэндийн Дамдинсүрэнгийн хөшөөг МУБИС-ын төв байрны урд талын талбайд байрлуулах шийдвэрийг гаргалаа. Хөшөө байгуулах асуудлыг хэлэлцсэнтэй холбогдуулан НЗДТГ-т дараах үүргийг өглөө. Үүнд:
·         Богд хааны хөшөөг барих асуудлыг нэг хэсэг ярьж байгаад орхисон тул уг асуудлыг яаралтай шийдвэрлэж оруулж ирэхийг үүрэгдлээ.
  8. Нийслэл хотын хэмжээнд 13300 тоосгон зогсоол байдгийн 10170 нь ямар нэгэн зөвшөөрөлгүй байдаг аж. Эдгээр зогсоолуудыг зөвшилцлийн үндсэн дээр нурааж оронд газар доорх дулаан зогсоол байгуулж дээд талбайг нь хөгшдийн амарч, хүүхдүүдийг тоглох талбай болгох ажлыг Нийслэлийн захирагчдийн ажлын алба хариуцдаг байсныг болиулж дүүргүүдийн Засаг даргын тамгын газар хариуцахаар боллоо.
НИТХ-ын тэргүүлэгч Н.Баяраа Гэрэл зургийг: Гэрэлчулуун

   9. НИТХ-ын ээлжит бус хуралдааны ирэх долоо хоногт явуулахаар боллоо. Ээлжит бус хуралдаанаар “Нийтийн тээврийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” гэсэн асуудлыг хэлэлцэх аж. Тодруулбал сурагч, оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлттэй зорчих асуудал, иргэдийн дамжин суухдаа эдлэх хөнгөлөлтийн журмыг хэлэлцэнэ. Түүнчлэн Нийтийн тээврийн хэрэгслийн маршрут, норм стандартын асуудлаар сонсгол хийж саналаа өгөхөөр боллоо.
  10. Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарсан тогтоолууд албажиж гарсан даруйд эвслийн бүлгийн блогтоо бүрэн эхээр нь байршуулах болно.

Шударга ёс эвслийн бүлгийн ажлын алба

Утас: 310428

Төлөөлөгч Н.Баярааг тэргүүлэгчээр томиллоо

Тэргүүлэгч Н.Баяраа
НИТХ-ын ээлжит 28-р хуралдаанаар НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн тэргүүлэгч Л.Шагдаррагчааг сэлгээгээр чөлөөлж, түүний оронд төлөөлөгч Н.Баярааг томилох шийдвэрийг гаргалаа. 

Tuesday, October 13, 2015

НИТХ дахь МАН-ын бүлгээс засаг даргыг огцруулахаар өргөн барьсан мэдэгдэл

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам /төсөл/

Ц.Дамдинсүрэнгийн хөшөөг байрлуулах тухай /төсөл/

Бирваа агсны дурсгалын самбарыг байрлуулах тухай /төсөл/

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2015.10.16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын төлөвлөгөө

Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаанаар /2015.10.14/ хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

Thursday, October 1, 2015

Хотын татварын хувь хэмжээг тогтоох тухай, татвар төлөгчийг бүртгэх журам

Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийг захиран зарцуулах журам

Нийслэлийн орон сууцны корпораци байгуулах тухай

Нийслэлийн үйлдвэр технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай

Багануур хотын захирагчийн сонгуулийг товлон зарлах тухай

Богдхан уулыг тахих тухай

Монголын ресторан бар кафений үйл ажиллагаа эрхлэгчээс ирүүлсэн санал