Thursday, October 9, 2014

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Өнөөдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хангарьд ордонд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад Япон улсын дэвшилтэт технологийг ашиглах талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол боллоо. НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн урилгаар Япон улсын Олон Улсын Технологи Солилцооны Төвийн захирал ноён Киёоши Минами, Био энерги, хэмнэлтэд түлшний технологиороо улсдаа дээгүүрт ордог Саншү Сангиокомпаний захирал ноён Казуо Сасаки нарын хүмүүс ирж орчин үед дэлхий нийтийн хэрэглээнд ашиглагдах болсон халаалтын болон түлшний дэвшилтэт технологио танилцуулсан юм.
Уг танилцах уулзалтад Шударга ёс эвсэлийн бүлгийн дарга Н.Баяраа, төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр, С.Ононбаяр, нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга, Улаанбаатар хотын Ерөнхий менежир Б.Бадрал, Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга З.Занданпүрэв болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Япон улсын Олон Улсын Технологи Солилцооны Төвийн захирал ноён Киёоши Минами “2003 оноос ОУТСТ нь Байгаль орчинд ээлтэй технологийн санаачилга (CTI)-ын олон улсын хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа бөгөөд байгаль орчинд ээлтэй технологи дамжуулалтыг хурдацтай урагшуулахын төлөө хөгжингүй орон болон хөгжиж буй орнуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлсээр ирсэн. Танай улсын агаарын бохирдлыг бууруулахад манай биомасс технологи маш их үүрэг гүйцэтгэнэ. Сэргээгдэх эрчим хүч болох малын баасыг дэвшилтэт технологийг ашиглан, халаалтын зуухны түлш болгон сайжруулах замаар Улаанбаатар хотын өмнө тулгараад байгаа зарим асуудлуудыг нэг зэрэг шийдэх боломжтой болно. Халаалтын зууханд нүүрс түлснээр агаарын бохирдол аюултай түвшинд хүрч, Улаанбаатарын иргэдийн эрүүл мэндэд ноцтой хор уршиг учруулж байна. Харин манай технологи нь малын баас, модны үртэс, хаягдал цаас шатаж болох бүхий л материалыг нарийвчлан боловсруулж цагт 2 тонн шахмал түлш боловсруулдаг хүчин чадалтай. Энэ технологийг нэвтрүүлснээр орчны бохирдол болон агаарын бохирдол зэрэг буурна” гэсэн юм.
Саншү Сангиокомпаний захирал ноён Казуо Сасаки “Одоо тус компани нь хатаах технологийг хөгжүүлэх явцдаа бий болгосон халаалтыг удирдах технологио ашиглаж, хөдөө аж ахуй, мал аж ахуй, загас агнуурын аж ахуйд зориулан төрөл бүрийн хатаах төхөөрөмж, хөргөлтийн төхөөрөмж, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүнүүд нь Япондоо төдийгүй гадаад орнуудад ч өргөн хэрэглэгдэж байна. Бидний бүтээсэн бүтээгдэхүүн маань шаталт муутай түлш, модны хаягдлыг шатааж, халуун ус нийлүүлэх зуухыг бүтээснээр SKB биомасс зуух нь хөгжлийн гараагаа эхэлсэн юм. Мөөг ургуулдаг модны хаягдал нь 2,000 - 2,500 ккал орчим бага дулаан ялгаруулдаг боловч, технологийг сайжруулах замаар дулаан ялгаруулах чадварыг нэмэгдүүлсэн. Энэ түлш маань Монголын агаарын бохирдлыг бууруулахад үлэмж нэмэр оруулна” хэмээн танилцуулсан юм.
Монголын талын удирдлагууд цаашид уг технологийг сайтар судалж, монголын нөхцөлд бүрэн тохирно гэсэн дүгнэлт гарвал тус технологийг нэвтрүүлэх ажлыг холбогдох газруудад уламжлан хэрэгжүүлнэ гэсэн юм. 

No comments:

Post a Comment