Thursday, October 9, 2014

НИТХ-ын дэгийн шинэчилсэн найруулгыг батлалаа

Өнөөдөр буюу 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 09 цаг 30 минутад НИТХ-ын нэгдсэн 15 дугаар хуралдаан Хангарьд ордонд эхэллээ. Тус хуралдаанаар НИТХ-ын хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан юм. Шинэчилсэн найруулгын төсөл нь 22 зүйлтэй боловсруулагдсан бөгөөд 4 дүгээр зүйл “Хуралдааны тов, ирц ба хэлэлцэх асуудал”, 6 дугаар зүйл “Хурлын хуралдаанд асуудал оруулах эрх”, 8 дугаар зүйл “Хурлын хороо, дэд хороо, түр хороодыг байгуулах ба тэдгээрийн ажлын зохион байгуулалт”, 11 дүгээр зүйл “Хуралдааны бэлтгэл ажиллагааг хангах”, 12 дугаар зүйл “Хурлын хуралдааныг зохион байгуулах журам”, 13 дугаар зүйл “Төлөөлөгчийн асуулгын хариуг хэлэлцэх”, 18 дугаар зүйл “хурлын шийдвэрийг зохион байгуулах”, 20 дугаар зүйл “төсвийн төсөл боловсруулах, батлахтай холбоотой харилцаанд орох” зэрэг асуудлыг өөрчлөн найруулж, шинээр боловсруулжээ.
Шинэ дэгээр өмнө нь зохицуулалтгүй байсан төлөөлөгчийн асуулгын хариуг хэлэлцэх журам, төсөв батлахтай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Ялангуяа оны эцэст нийслэлийн нийгэм, эдийн засгийн чухал багц асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг бусад асуудлуудаас онцгойгоор зохицуулж, төсвийн төсөлд иргэд-төлөөлөгчдийн саналыг илүүтэй оруулдаг болгохын тулд урьдчилсан хэлэлцүүлгийг хоёр үе шаттайгаар явуулахаар журамласан байна. Түүнчлэн шинэ дэгээр НИТХ-ын үйл ажиллагааг тогтмол болгоход илүү анхаарсан бөгөөд аливаа асуудлыг орон нутгийн өөрөө удирдах байгууллагын онцлогт тохирсон хэлбэрээр зохион байгуулж, хурлын хороо, дэд хороодын үйл ажиллагааг эрчимжүүлж, төлөөлөгчийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, үүрэг хариуцлага оногдуулах байдлаар өөрчлөн найруулсан байна.
Дэгийн шинэчилсэн найруулгын төслийг 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар анхлан хэлэлцсэн боловч НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг “Дэгийн шинэчилсэн найруулга нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан төлөөлөгчийн бүрэн эрхийг ноцтойгоор зөрчсөн зүйл заалттай байна” хэмээн 14 хоногийн хугацаатай завсарлага аваад байсан юм.
Уг асуудлыг хурлын дэгийг боловсруулах ажлын хэсэг хүлээн авч, зөвшилцөлд хүрсний дагуу холбогдох өөрчлөлтүүдийг хийж дахин оруулсны дагуу ийнхүү батласан байна. Хурлын дэгийг баталсантай холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга ээлжит 15 дахь хуралдааныг хааж, ээлжит 16-р чуулганыг нээсэн юм. 16-р хуралдаанаар “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэж байна.

No comments:

Post a Comment