Tuesday, December 16, 2014

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2014.12.15-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНЫ МЭДЭЭ


Хэлэлцсэн нь:
2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 10 цагаас Нийслэлийн засаг захиргааны 1-р байрны А танхимд НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанд тэргүүлэгч Д.Баттулга, Л.Шагдаррагчаа, Г.Ганбаяр, С.Очирбат, Ц.Одонтунгалаг, Т.Гантөмөр, А.Гантулга, Т.Бат-Эрдэнэ, Болдбаатар, Энх-Амгалан нар оролцов.
Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
  1. 1-р сургуулийн өргөтгөлийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай
  2. БЗД-ийн 14-р хороонд байрлах 475, СБД-ийн 11-р хороонд байрлах 552, СХД-ийн 5-р хороонд байрлах 233-р ус түгээх байруудыг бүртгэлээс хасах тухай
  3. Хан-Уул дүүргийн 137-р цэцэрлэгийг татан буулгах тухай
  4. Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсадад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журам батлах тухай
  5. Нийслэлийн сайн малчин шалгаруулах журам батлах тухай
  6. Нийслэлийн тэргүүний фермер шалгаруулах журам батлах тухай
  7. Нийслэлийн хот орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих журам батлах тухай
  8. Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлах тухай
  9. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр батлах тухай
  10. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай
  11. Тусгай зөвшөөрөл олголтын талаар авах зарим арга хэмжээний тухай
  12. НИТХ-ын ээлжит 22-р хуралдааныг зарлах тухай
  13. НИТХ-ын 2012 оны 5/39 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай асуудлуудыг хэлэлцэв.
Сонссон нь:
  1. 1-р сургуулийн өргөтгөлийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэн авах тухай асуудлыг Нийслэлийн засаг даргын орлогч Н.Батаа танилцуулав.
Н.Батаа: Монгол улсын 2011 оны төсвийн тухай хуулийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн жагсаалтад тусгагдсан Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн өргөтгөлийн ажлыг нийт 1,8 тэрбум төгрөгөөр барихаар шийдвэрлэсэн. Уг барилгын ажлын гүйцэтгэлийг “Батс Өргөө” ХХК гүйцэтгэсэн. Уг өргөтгөлийн барилга нь 640 хүүхдийн суудалтай, 1137 м2 талбайтай, 11 анги, багш нарын өрөө, эмчийн өрөө, хүүхэд хөгжүүлэх өрөө, чийрэгжүүлэлтийн өрөө бүхий 4 давхар барилга юм. Хийцийн хувьд төмөр каркасан бүтэцтэй, хавтгай дээвэр, тоосгон ханатай, угсар бетон барилга юм. Гадна шугам сүлжээ нь төвийн шугамд холбогдсон. Цайны газрын өргөтгөл нь 138 м2 талбайтай, төмөр бетон каркасан бүтэцтэй, тоосгон хана хар цаасан дээвэртэй, 1-р давхарт цайны газар, 2-р давхарт түүхийн алдрын танхим байрлана. Цайны газрын өргөтгөлийн өртөг нь 145751532 төгрөг, хашаан доторх бетонон зам 50635163 төгрөг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын барилга байгууламжийн ашиглалтад оруулах улсын комиссын шийдвэрээр бүртгэгдсэн тул нийслэлийн өмчөөр бүртгэж авна уу.
Шийдвэрлэсэн нь:
Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн 1 335 186 695 төгрөгийн өртөг бүхий барилга байгууламжийг нийслэлийн өмчөөр бүртгэн авах шийдвэрийг гаргалаа.
Сонссон нь:
  1. БЗД-ийн 14-р хороонд байрлах 475, СБД-ийн 11-р хороонд байрлах 552, СХД-ийн 5-р хороонд байрлах 233-р ус түгээх байруудыг бүртгэлээс хасах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа танилцуулав.
Н.Батаа: НИТХ-ын 2013 оны 2 дугаар сарын 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын дагуу БЗД-ийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэрийн А, Г, Д, Ё блок дээр нийт 53,1 га газарт төсөл хэрэгжүүлэх ажил үе шаттайгаар хэрэгжиж байна. Төсөл хэрэгжиж буй газруудад дулааны шугам сүлжээ татах ажлыг эхлүүлэх гэхэд ус түгээх худгууд байгаа тул худгуудыг бүртгэлээс хасах шийдвэрийг гаргаж өгнө үү.
Шийдвэрлэсэн нь:
Тэргүүлэгчид худгуудыг нийслэлийн өмчөөс хасах шийдвэрийг гаргалаа. Хэдийгээр хөрөнгөөс хассан ч гэлээ дээрх худгууд нь ямар нэгэн эвдрэл гэмтэлгүйгээр ажиллаж байсан учраас өөр газар шилжүүлж, хэвийн ажиллагааг үргэлжлүүлж байгааг эргэн мэдэгдэхийг үүрэг Засаг даргад болголоо.
Сонссон нь:
  1. Хан-Уул дүүргийн 137-р цэцэрлэгийг татан буулгах тухай асуудлыг нийслэлийн өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга Буянжаргал танилцууллаа.
Буянжаргал: Төрийн өмчийн хорооны 2014 7 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор Дулааны 3-р цахилгаан станц төрийн өмчийн хувьцаат компаний хуучин барилга актлагдаж, буулгах болсон тул тус барилгад байрлаж байсан Хан-Уул дүүргийн 137 дугаар цэцэрлэгийг татан буулга гэсэн шаардлагыг удаа дараа ирүүлсэн. Иймд Нийслэлийн боловсролын газраас уг цэцэрлэгт ажиллаж байсан 21 ажилтаныг бусад цэцэрлэгт шингээж, 75 хүүхдүүдийг тараан байрлуулсан. Сургуулийн өмчийн хөрөнгийг мөн бусад цэцэрлэгүүдэд тараасан байгаа. Иймд татан буулгаж өгнө үү.
Тэргүүлэгч Энх-Амгалан: Татан буулгах эс буулгах асуудлыг тэргүүлэгчид эхлээд гаргадаг. Гэтэл та нар татан буулгах шийдвэр гаргаагүй байхад цэцэрлэгийг тараасан байгаа чинь ямар учиртай юм. Тэргүүлэгчдээр шийдвэрлүүлээгүй байж яагаад цэцэрлэгийг өмч хөрөнгийг үгүй хийж үрэн таран болгосон юм.
Буянжаргал: Өнгөрсөн 7-р сард төрийн өмчийн хорооноос хэрвээ цэцэрлэгийнхээ өмч хөрөнгийг яаралтай ирж авахгүй бол гаргаж хаяна гэсэн мэдэгдэл ирүүлсэн тиймээс яаралтай арга хэмжээ авч бусад цэцэрлэгүүдэд шилжүүлсэн байгаа.
Д.Баттулга: Одоо та нар тэргүүлэгчид ажил хийгээгүй гэж ярих нь уу. Тэргүүлэгчид 6, 7, 8-р сарууд бүгдэд нь хуралдсан. Тэр үед яаралтай гээд оруулаад ирсэн бол хэлэлцээд шийдвэрлэх л байсан. Тэр үед шийдээгүй байж одоо биднийг буруутгах нь. Ер нь цаашид тэргүүлэгчдээр шийдвэрлэгдсэн асуудлыг албажуулах зүйл оруулж ирдгийг болиорой. Хурлын ажлын албаныхан ч гэсэн тийм материалыг битгий хүлээж аваарай.
Шийдвэрлэсэн нь:
Тэргүүлэгчид 137-р цэцэрлэгийг татан буулгах асуудлыг буцаах шийдвэрийг гаргалаа.
Сонссон нь:
  1. Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсадад үр дүнгийн шагнал, урамшуулал олгох журам батлах тухай асуудлыг Н.Батаа танилцуулав.
Н.Батаа: Монгол улсын төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т төсвийн захирагчид туслах үйл ажиллагааны ашиг, төсвийн зарлагын хэмнэлт болон төсвийн захирагчийн үр дүнгийн гэрээний урамшууллыг төсвийн урамшуулал болгон тус тус олгож болно, төсвийн урамшууллыг энэ хуулийн 445-д заасан арга хэмжээ болон байгууллагын хамт олныг ажлын үр дүнг харгалзан урамшуулах, нийт ажилтны нийгмийн асуудлыг шйидвэрлэх зэрэг нийтлэг арга хэмжээнд зарцуулна гэж тус тус заасан байдаг. Нийслэл дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудын ажиллах идэвх санаачлагыг дэмжих, шагнаж урамшуулах, төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах, шинэ санал санаачлыг гаргаж бодитой хувь нэмэр оруулсан ажилтан албан хаагчдыг урамшуулдаг тогтолцоо нэвтрүүлэхэд энэхүү журмын гол зорилго оршиж байгаа. Хэлэлцэн дэмжиж өгнө үү.
Ц.Одонтунгалаг: Энэ журам төсвийн бүх байгууллагын үйл ажиллагааны онцлогт нийцэхгүй байна. Тухайлбал манай автобус нэгтгэл үр ашигтай ажилласан мөртлөө зардал нь орлогоосоо даваад байдаг. Тэгэхээр юугаараа ажилчдаа урамшуулах юм.
Л.Шагдаррагчаа: Журмын үр дүнг тооцохдоо гагцхүү эдийн засгийн хэмнэлтэд тулгуурлана гэсэн нь учир дутагдалтай байна. Эдийн засгийн хэмнэлт гаргаж байна гээд ажлаа цалгардуулах нөхцөл үүсэхийг үгүйсгэх аргагүй. Иймд эдийн засгийн хэмнэлт болон үр дүнгийн биелэлтийг хамтад нь авч үзэн оруулах шаардлагатай шүү.
Шийдвэрлэсэн нь: Төлөөлөгчдөөс гарсан саналуудыг тусган төсвийн байгууллагын ажилтан ажиллагсдыг шагнаж, урамшуулах журмыг баталлаа.
Сонссон нь:
  1. Нийслэлийн сайн малчин шалгаруулах журам батлах тухай,  Нийслэлийн тэргүүний фермер шалгаруулах журам батлах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулав.
Т.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 5000 өрхийн 350000 мянган мал бэлчээрлэж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа тэдгээр мал бүхий иргэд өөрсдийн ажил хөдөлмөрөө үнэлүүлж, улсын сайн малчин цол хүртэхийн тулд заавал нийслэлийн сайн малчин гэсэн шагналыг авсан байх учиртай аж. Харамсалтай нь 2010 оноос хойш нийслэлийн сайн малчинг шалгаруулаагүй нь нийслэлд амьдарч буй малчин иргэдийн эрхийг зөрчсөн үйлдэл болоод байна. Иймд нийслэлийн сайн малчин шалгаруулах журмыг баталж өгнө үү. Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг айл өрхүүд асар их байгаа. Тэдгээрийг стандартын шаардлага хангуулж, үйл ажиллагаагаа сайжруулах ажлыг дэмжин урамшуулах зорилгоор тэргүүний фермер шалгаруулах журмыг өргөн барьж байна баталж өгнө үү.
Энх-Амгалан: Улаанбаатарын нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон зүйл байдаг. Нийслэлийн сайн малчин гэсэн журмыг баталчихаар сайн малчин авах гэсэн хүмүүс малаа олноор нь өсгөөд шахаад эхлэх юм биш биз. Гэнэтхэн мал амьтны гоц халдварт өвчин гарах зэрэг хүндрэл эрсдэл олон байдаг энэ бүхнийг бодолцож үзээрэй. Ер нь нийслэлийн сайн малчин гэдэг журмыг батлах шаардлага байгаа юм уу. Улсын сайн малчинд горилж байгаа хүмүүс цаашаа хэнтий,  төв аймагт гарч амьдарч болдоггүй юм уу.
Т.Бат-Эрдэнэ: Хотын зургаан дүүргээс гадна алслагдсан 3 дүүрэг манай нийслэлд бий. Тэнд амьдарч байгаа хүмүүс малаараа шахаад ороод ирнэ гэсэн зйүл лав байхгүй. 130 кмын цаана байгаа малчин хүнийг нийслэлээс гар цаашаа яв гэж хэлэх нь хүний эрхэд халдсан, хүний ажил үйлсээ үнэлүүлэх боломжийг хязгаарласан ажил болно шүү. Тиймээс энэ журмыг баталж өгнө үү.
Л.Шагдаррагчаа: Нийслэлийн сайн малчин шалгаруулах үндэслэлийг харахад өмнөх оныхоос мал нь буураагүй байна гэх мэт тоон үзүүлэлтийг олноор нь тавьжээ. Энэ буруу юм. Үүний үр дүнд хүмүүс тооны араас хэтэрхий хөөцөлдөөд малын чанар, үр шимийг сайжруулах ажил нь хойш тавигдаж байна. Иймд тоон үзүүлэлтийг авч хаяад чанарын үзүүлэлт тухайлбал, мах сүүний ямар үүлдэрийг оруулж ирсэн, үүний үр дүнд нэг малаас гарах үр шим хэрхэн нэмэгдсэнийг нь гол үзүүлэлт болгон шагнадаг болгомоор байна.
Шийдвэрлэсэн нь:
Тэргүүлэгчид нийслэлийн сайн малчин шалгаруулах журмыг тоон үзүүлэлт бус чанарын үзүүлэлтийг харгалзан олгодог болохоор өөрчлөн баталлаа. Шилдэг фермер шалгаруулах журмыг ч мөн баталсан болно.
Сонссон нь:
  1. Нийслэлийн хот орчмын бэлчээрийн менежментийг сайжруулах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих журам батлах тухай тогтоолын төслийг Т.Бат-Эрдэнэ танилцуулав.
Шийдвэрлэсэн нь:
Тэргүүлэгчид уг тогтоолын төслийг буцаах шийдвэрийг гаргалаа.
Сонссон нь:
  1. Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.
Б.Бадрал: Улаанбаатар хотод шууд үерийн эрсдэлтэй бүсэд 3000 орчим айл өрх амьдарч байна. Үерийн хамгаалалтын барилга байгууламжтай бүсийн 130 км далан сувгийн насжилт 78,3 хувь хүрч, 85 км шугам сүлжээний 50-аас илүү хувь нь ашиглагдах хугацаа дуусчээ. Үерийн эрсдлийг бууруулах, хотын тогвортой хөгжлийг хангах үүднээс 2020 он гэхэд 12 байршилд 141 тэрбумын хөрөнгө оруулалтаар суваг шуудуу барих шаардлагатай байна. Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс энэ ажил хийгдэх шаардлагатай учраас энэ ажлыг дэд бүтцийн төлөвлөтөд хамруулаад төсөвтөө суулган шийдвэрлэхээс өөр гарц алга байна. Та бүхэн хэлэлцэн баталж өгнө үү.
Л.Шагдаррагчаа: 2015 оны төсөвт энэ ажил тусгагдаж суусан уу.
Б.Бадрал: 2015 оны төсөвт 3 байршилд суваг шуудуу татахаар 8,8 тэрбум төгрөг суусан байгаа.
Д.Баттулга: 3000 өрх эрсдэл бүхий бүсд байна гэсэн байна. Энэ айлууд газраа өмчилж байгаа юу? Эзэмшиж байгаа юу? Бид нар хөтөлбөр батлаад өгч болно харин хэрэгжүүлэх чадал байгаа юу?
Б.Бадрал: Дийлэнх өрхүүд нь газраа өмчилсөн байгаа. Мэдээж хууль бусаар зөвшөөрөлгүй буусан, олон жил суурьшиж байгаа мөртлөө газраа өмчилж чадаагүй хүмүүс ч бас байгаа. Жил жилийн төсөвт суулгаад тодорхой зардлаа суулгаад явбал энэ ажил явна.
Шийдвэрлэсэн нь: Тэргүүлэгчид үерийн байгууламжийг хөгжүүлэх хөтөлбөрийг баталлаа.
Сонссон нь:
  1. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөр батлах тухай хөтөлбөрийг Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал танилцуулав.
Б.Бадрал: Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлгийн 24492 шон, 35372 гэрэлтүүлэгч, 722 ширхэг удирдлагын самбар, 803913 м СИП кабель, 294588 м АВВБ маркын кабелийн засвар үйлчилгээг хариуцан нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, Нийслэлийн ЗДТГ-тай 13 аж ахуй нэгж хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайн 80 хувь, орон сууцны хорооллын 90 хувь, гэр хорооллын 60 нь гэрэлтүүлэгтэй байгаа. Тэдгээрийн цахилгаан эрчим хүчний төлбөрт 1,2 тэрбум, засвар үйлчилгээнд 3,7 тэрбум төгрөгийг жил бүр зарцуулж байна.
Хотын гэрэлтүүлгийг сайжруулах нэмэгдүүлэх чиглэлээр сүүлийн 3 жилд 7,5-аас 10,4 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн. Цаашид гэрэлтүүлгийн ашиглалтын түвшинг сайжруулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн сүлжээг шинээр бий болгох замаар эрүүл аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул дараах хөтөлбөрийг баталлаа хэлэлцэн дэмжиж өгнө үү.
Шийдвэрлэсэн нь:
Тэргүүлэгчид шинээр баригдаж буй орон сууцны гэрэлтүүлэг ашиглалтад орохгүй байгаа. Цаашид гадаах гэрэлтүүлгийн асуудлаа шийдвэрлээгүй шинэ орон сууцыг ашиглалтад авахгүй байх ажлыг хийхийг үүрэг болгосны үндсэн дээр гэрэлтүүлгийг сайжруулах хөтөлбөрийг баталлаа.
Сонссон нь:
  1. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцуулав.
Б.Бадрал:
Нийслэл хотод бүтээн байгуулалтын ажил өрнөж, авто зам брих, өргөтгөн шиинэчлэх, замын хөдөлгөөн хянах, зохицуулах ажил ихээхэн хурдацтай, амжилттай хэрэгжиж байна.
2012-2014 онд нийслэлд 87.1 км авто зам барьж, 144,7 км авто замыг өргөтгөж, 30 уулзварыг өргөтгөн шинэчилж нэвтрүүлэх чадварыг сайжруулан 44 хөдөлгөөн зохицуулагч гэрэл дохиог шинээр суурилуулж ашиглаж байна.
Ийм бүтээн байгуулалт хийгдсэнтэй холбоотойгоор зам уулзваруудын нэвтрүүлэх чадвар сайжирж, иргэдээс дугаарын хязгаарлалтыг өөрчлүүлэх хүсэлт ихээр ирэх болсон. Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирлагаар хангах ажлын хэсэг уг ажлыг дэмжсэн учраас тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж байна. Шинэ зохицуулалтаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын бүсчлэл, цагийн хувиарыг өвөл зуны хувиарт шилжүүлж байгаа бөгөөд 4-р сарын 15-аас 10 дугаар сарын 15-ны хооронд томсгосон бүсчлэлд 7-21 цагийн хооронд, 10-р сарын 16-аас 4-р сарын 14-ны хооронд багасгасан бүсчлэлд 8-20 цагийн хооронд хязгаарлалт хийх саналыг оруулж байна. Хэлэлцэн баталж өгнө үү.
Шийдвэрлэсэн нь:
Тэргүүлэгчид улсын дугаараар хөдөлгөөнд хязгаарлагдаж байгаа цагийг өвөл, зуныг үл харгалзан 08 цагаас 20 цаг болгон өөрчилсний зэрэгцээ хумигдсан бүсчлэлийг зөвхөн өвлийн улиралд хэрэгжүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр авто тээврийн хөдөлгөөнд оролцогч иргэд дугаарын хязгаарлалттай өдрөө 8-20 цагийн хооронд л хөдөлгөөнд оролцохгүй болохоор боллоо.


НИТХ ДАХЬ МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС” ЭВСЛИЙН БҮЛГИЙН АЖЛЫН АЛБА

НИТХ-ын тэргүүлэгч Л.Шагдаррагчаагийн 4-р улирлын тайлан

Tuesday, December 2, 2014

Ажлын хэсэгт Д.Батбаярыг оруулахаар шийдвэрлэлээ


        
    НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 2014 оны 12 дугаар сарын 02-ны хуралдаанаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцах  ажлын хэсэг”-т төлөөлөгч Д.Батбаярыг оруулах шийдвэрийг гаргалаа.


НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны санал, дүгнэлт

Хүүхдийн эмнэлэгт барих ажил 100 хувийн биелэлттэй


Нийслэлийн 2014 оны төсвийг батлах хуралдаан дээр НИТХ-ын Шударга ёс эвслийн бүлгийн төлөөлөгч С.Ононбаяр хүүхдийн эмнэлэг хүрэлцээгүй байна. Нийслэлийн 9 дүүрэгт 9 эмнэлэг бариулъя гэдэг саналыг өргөн барьж байв. Уг асуудал хэдийгээр зураг төсөвгүй байсан ч гэлээ нийт төлөөлөгчдийн дэмжлэгийг авч нийслэлийн төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгаж байв.
Харин 2014 оны нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлтийн асуудлыг хэлэлцэж байх үед хүүхдийн эмнэлэгийн асуудлын биелэлт 100 хувь гэж гарсан байсан нь асуудлыг өргөн барьсан С.Ононбаяр төлөөлөгчийн эгдүүг хүргэсэн юм.
С.Ононбаяр: Би 2014 оны төсөвт хүүхдийн эмнэлэг барих асуудлыг өргөн барьж шаардлагатай хөрөнгийг төсөвт суулгуулж байсан. Ямарч эмнэлэг шинээр ашиглалтад ороогүй байхад яахаараа биелэлт нь 100 хувь гээд ороод ирж байгаа юм бэ? Хэмээн тодруулахад
НЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга гэгч босч ирээд 2014 оны зорилтот эмнэлэг барих биш харин эмнэлэг барихад шаардлагатай судалгаа хийх санал л орсон тэгээд энэ жилийн хугацаанд судалсан гэдэг тэнэгдүү хариултыг өгч байв.
НИТХ-ын төлөөлөгчдөөс гаргасан санал, баталсан төсөв нь амьдрал дээр хэрэгжээгүйгээс үүдэн ямар үр дагавар гарч байгааг та бид бэлхнээ харж байна.
хүүхдийн эмнэлэгүүдийн өнөөгийн байдал.






Бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө