Thursday, November 27, 2014

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДАХЬ МАХН-МҮАН-ЫН “ШУДАРГА ЁС” ЭВСЛИЙН БҮЛГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 2015 ОНЫ ТӨСӨВТ ӨГСӨН САНАЛУУД

Төлөөлөгч С.Ононбаяр:

  1. Түрүүн Г.Ганбаяр төлөөлөгч хүүхдийн эмнэлэг барих саналыг НИТХ-д оруулсан гэж ярилаа. Яг үнэндээ 2014 оны төсвийг хэлэлцэж байх үед хүүхдийн эмнэлгийн асуудлыг би оруулсан юм шүү. Намайг оруулсныг Д.Баттулга дарга өөрөө ч санаж байгаа. Би ганц эмнэлэг ч биш бүр 9 дүүрэг бүрт нэг нэг хүүхдийн эмнэлэг барих саналыг оруулж нийт төлөөлөгчдөөр дэмжүүлсэн юм шүү. Ер нь төсөвт суулгаж баталсан ажлын хэрэгжилт их удаан байгаа шүү.
  2. Би тойрогтоо тэд эдийг суулгана гэж ярихгүй. Нийслэлийн 1,3 сая иргэдээс сонгогдсоны хувьд нийт иргэдийгээ төлөөлж саналаа өгнө. Миний эхнээс нь хөөцөлдөж байсан ажил бол шүд, эрүү нүүрний эмгэг судлалын эмнэлэгийн ажил байгаа. Манай нийслэлд шүдээр өвдөж байгаа хүүхэд хэд байгаа билээ. Цор ганц дагнасан эмнэлэгээ бариулчих юмсан гэж тэргүүлэгч байхаасаа ажиллаад дийлсэнгүй. Энэ одоо ямар учиртай юм бэ. Цаана нь эдийн засгийн ямар нэгэн сонирхол байгаа юм болов уу гэж сүүлдээ бодоход хүрч байна. Тэргүүлэгч байхдаа концессоор 12 давхар байшин байриулаад тэрний 4 давхарт нь шүд, эрүү нүүрний эмнэлэг бариулах тогтоолыг баталж байсан юм. Гэтэл тэр концессыг хүчингүй болгочихсон гэх юм. Барилга нь актлагдсан шүд, эрүү нүүрний эмгэг судлалын эмнэлэг миний сонссоноор 2-3 газар түрээслээд сүүлдээ иргэд тэр эмнэлэгээ олхоо байсан гэж дуулдах болсон. Энэ асуудлыг дэмжээд тэр эмнэлэгийн асуудлыг нэг тийш болгооч гэж хүсч байна.
  3. Ухаалаг Улаанбаатар төсөл гэж нэг ажил байна. Өнгөрсөн жил энэ төсөлд зарцуулах 5 тэрбумыг төсөв суулгасан. Тэгээд хийсэн ажлаа сая тайлагна гэхэд утгагүй юм ярьж байнаа. Ийм зүйлд дахин мөнгө суулгамааргүй байна. Арай бодитой зүйлд хөрөнгө оруулъя. Ирэх жил зарцуулахаар суулгасан 2 тэрбумыг хасах саналтай байна.
  4. Би нийтийн тээврийн анхан шатны байгууллагад ажилладаг хүний хувьд саналаа хэлье. Нийтийн тээврийг шинэчлэх цаг болсон. 2013 оны НИТХ-ын 81-р тогтоолоор нийслэлийн нийтийн тээвэрт ноу хау буюу шинэ технологи нэвтрүүлэх хөтөлбөрийг баталсан. Манай иргэд нийтийн тээвэр маань одоо л нэг гайгүй болох нь уу гээд хүлээгээд байдаг гэтэл тэр ажил явахгүй байна. Нийтийн тээвэрт хийх ажлууд өмнө нь ямарч тооцоо судалгаагүй хийгддэг байсан. Сүүлийн жишээг хэлэхэд л 1 билетээр өдөржин зорчих ажлыг туршсаны дүнд нийслэлийн засаг даргын нөөц хөрөнгөнөөс 1.7 тэрбум төгрөгийг дэмий урсгасан. Нийтийн тээврийг хөгжүүлэхийн тулд бид бүхэн тооцоо судалгаатай ажилд л хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Олон улсад мөрдөгдөж буй нийтийн тээврийн жишгийг нэвтрүүлэхийн тулд тооцоо судалгаатай олон улсын практик туршлагат тулгуурлсан ажлыг Ц.Баатархүү дарга, нийтийн тээврийн Улаанбаатар нэгтгэлийн дарга Ц.Одонтунгалаг, ухаалаг улаанбаатар хөгжлийн хорооны төлөөлөгчид бусад хүмүүсийг оролцуулсан томоохон төсөл хөтөлбөрийг боловсруулсан. Энэхүү төслөө хурлын дарга, Засаг дарга Э.Бат-Үүл, засаг даргын орлогч Н.Батаа нарт хүргүүлсэн байгаа. Энэ төсөл хөтөлбөрийг маань та бүхэн дэмжиж өгөөрэй. Нийтийн тээврийн маршрутын судалгаа, зорчигчдын судалгаа, метроны хэрэгцээ шаардлага зэрэг бүх материалуудыг тооцсон төслийг өргөн барьсан.
  5. Автобусны нөхөн олговрыг ярих шаардлага байгаа. Автобусны нөхөн олговрыг засгийн газар 400 төгрөгөөр тооцож төсөвт суулгасан байна лээ. Гэтэл яг үнэндээ автобусны үнэ 500 төгрөг байгаа. Бас нөхөн олговрыг санхүүжилтыг нийслэлд үрүүлсэн зэрэг асуудал байгаа. Энэ асуудлаа зөв гаргалгаагаар яаралтай нэг мөр болгох хэрэгтэй гэж хүсч байна.
  6. НИТХ нийтийн тээвэрт анхаарч ажиллаж байгаа. Гэхдээ тээврийн салбарын эрэлт хэрэгцээ, ачаалал, зорчигчийн урсгалын талаарх нарийвчилсан судалгааг хийх хэрэгтэй. Дэлхийн томоохон хот жил тутам 2 судалгаа хийдэг бид 24 жил судалгаа хийсэнгүй. Судалгаатай шийдвэрээс зөв төлөвлөлт гарна.
  7. Тээврийн салбарын бодлого төлөвлөлтийг дахин хийх хэрэгтэй. Ямар тээврийн төрөл нэвтрүүлэх вэ? Метро яг хэрэгтэй юу? Метро барих төсвөөрөө Би Ар Ти барих уу? Дугаарын хязгаарлалтаа цаашид яах вэ? Тээврийн татварын бодлого гээд олон асуудал байна. Урт хугацааны төлөвлөлт хийж байж шийдвэрээ уялдуулан гаргая.
  8. Орчин үеийн технологийг ашиглая. Бэлэн программуудыг худалдан авья. Яг энд хороолол баривал замын түгжрэл хэдэн хувь багасна эсвэл түгжрэх нь тэдэн хувь нэмэгдэнэ гэдгийг нэг товч дараад л тодорхой хардаг тийм программыг нэвтрүүлэх шаардлагатай байна. 
Төлөөлөгч Л.Шагдаррагчаа: 

Манай төлөөлөгчид хэлэлцэж байгаа сэдвээ ойлгохгүй ярьсаар байгаад өдрийг барчихлаа. Уул нь гол зарчмын асуудлаа ярих ёстой байсан. Бид бүлгээр яриад хэлэлцэж оруулах сургууль, цэцэрлэгийн асуудлыг өдөржин ярилаа.
НИТХ-д өргөн барьсан төсвийн төслийн боловсруулалт муу болсон байна гэж олон төлөөлөгч шүүмжилж байна шүү Н.Батаа даргаа. Бланслаагүй байна, зорилтоо хэрэгжүүлэх санхүүгийн программ болж чадаагүй байна, зардлын төрөл, төслийн стадионуудыг хооронд нь хольсон, зарим ажил арга хэмжээнүүдийг давхар төлөвлөсөн, төсвийн үндсэн харилцаа бланс алдагдсан, яамдын хийх ажлыг хотын төсөвт оруулсан зэрэг олон алдаа завхрал байна. Ийм байдлаар боловсруулсан төсвийг сайн гэж үзэх арга алга. Цаг хугацаа бага байгаа учраас энэ задгай ажлыг хороодоороо хэлэлцээд батлахаас биш. Та бүхэн сайн хамтарч ажиллаарай. Төсөв мөнгөний бололцоог харахад их хэцүү байна. Төлөвлөсөн ажлынхаа 60 орчим хувийг хийж чадах уу үгүй юу л гэдэг байна ш дээ. Орлогыг нэмэгдүүлэх, зарлагын хэмнэх чиглэлд боломжийг бүрэн дайчлаагүй гэж үзлээ. Тооцоод үзэхэд орлогыг 37 тэрбумаар нэмэгдүүлэх, зардлыг 28 тэрбумаар бууруулах шаардлагатай байна гэсэн бүдүүвч тооцоо байна. Сая төлөөлөгчдийн хэлсэн саналыг нэмэх юм бол орлогоо 60 тэрбумаар зардлаа 30 тэрбумаар бууруулах шаардлагатай гэсэн тооцоо гарч байна. 2014 оны зорилтыг шал худлаа дүгнэсэн байна лээ шүү. Ямар тооцоогоор гаргахаараа 89 хувьтай гаргасныг бүү мэд. Нүдэн багцаагаар агуулгаар нь шүүгээд үзэхэд л 20 хувь хүрэхгүй байна шүү. Мониторынгийн алба хэлтэс гэж хэрвээ байдаг биелэлтийг дахин үнэлж хороодын хуралдаанд танилцуулах хэрэгтэй шүү. Аудитаар үнэлүүлэх хэрэгтэй. Бид үнэлэлт дүгнэлт өгсөн тогтоол гаргана. Өргөн барьсан төслөөр төсвийн төслийн орлогын дүн ХБГ-ээс 2.4 хувиар буюу 56.1 тэрбум төгрөгөөр өсч өсөлтийн 85.4 %-ийг нийслэлийн татварын ,8.3%-ийг өмчийн болон газрын орлогоос бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Орон нутгийн төсвийн орлого 2014 оноос 2.8% өсч, зарлага нь 9.87% буурна гэсэн боловч урсгал зардлын хэмжээг 2.88% өсгөхөөр төлөвлөсөн байна. Орон нутгаас хийх хөрөнгө оруулалт 26.5 %, шуудын хөрөнгө оруулалт нь 14.4% , ОНХСанд хуваарилах хөрөнгө 20,9 % буурахаар, харин нийгмийн салбаруудын зардал 9.9 % өсөхөөр,түүнчлэн орлогын давалт төсвийн хэмнэлт гарахааргүй тооцжээ. Эндээс харахад зарлагын өсөлтийн хэмжээ нь орлогын өсөлтөө нөхөхгүй тэвчиж болохуйц урсгал зардлыг өсгөсөн төлөвлөлтийн харьцааг алдагдуулсан гэж үзэхээр байна.
Төлөвлөлтийн энэ хандлага нь Нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалт 64.4 тэрбумаар буурч 2013-2016 онд хийгдэхээр төлөвлөгдсөн нийгмийн болон инженерийн дэд бүтэцийн барилга байгууламжууд саатаж, гэр хороололд хийгдэж байгаа дахин төлөвлөлтийн 3 талт гэрээгээр Нийслэлийн хүлээсэн үүрэг тасалдаж, 2015 оноос ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн дахин төлөвлөлтийн барилга байгууламжууд ашиглалтанд орох боломжгүй болохоор байна.
Энэ байдлыг үнэлж үзээд Гэр хорооллын инженерийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтын талаар Нийслэлийн хүлээсэн үүргийг хангахад эхний ээлжинд шаардагдах 60 гаруй тэрбум төгрөгөөс ядаж 35 тэрбум төгрөгийг 2015 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд зайлшгүй тусгах шаардлагатай байна. Энэ зорилгоор Төсвийн төсөлд нэмэлт санхуугийн эх уусвэр гаргаж төсвийн зохицуулалт хийхийн тулд Нийслэлийн өмчийн зарим байгууллагуудыг өөрчлөн зохион байгуулах, оролцооны тодорхой хэсгийг хувьцаалан худалдах, газар эзэмших болзолт дуудлага худалдаа зохион байгуулах замаар 15 тэрбумаас доошгүй газрын төлбөрийг дайчлан нэмэгдүүлэхээр 3.0 тэрбумын орлого нэмэгдүүлэхийн зэрэгцээ, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрөөс 2.0 тэрбум, зээлийн батлан даалтын сангаас 2,0 тэрбум, цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрөөс 16.5 сая, хот орчмын бэлчээрийн менежментээс 97.0 сая төгрөг, Цэцэрлэгжүүлэлтээс 2.0 тэрбум, хогны уутны 500 сая төгрөг, хот тохижилтын нэгдсэн арга хэмжээний зардлаас 451.0 сая төгрөг Нийслэл, дүүргийн төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардлаас 5.7 тэрбум, эрүүл аюулгүйн стандарт хэвшүүлэх үйл ажиллагааны зардлаас 500 сая, нарийн мэргэжлээр гадаад оронд мэргэжилтэн бэлтгэх зардлаас 200 сая, бүгд 28.464 тэрбум төгрөгийг хасаж, 2016 онд шилжүүлэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Гэрлэх ёслолын ордон, Зураг төслийн хүрээлэн, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл, ОСНААУГ, УСУГ, Нийтийн тээврийн нэгтгэл, Улаанбаатар чуулга, Усан спорт сургалтын төв зэрэг байгууллагуудыг өөрчлөн зохион байгуулж хувьцаат компаний хэлбэрт шилжүүлэн нийт хувьцааны 54 хувийг МХБ-ээр худалдсанаар 100 тэрбумаас доошгүй, Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот орон сууцны 24 газрыг менежментийн багт нь гэрээтэйгээр хувьчилснаас 20 тэрбумаас доошгүй санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэн хөрөнгө оруулалтанд зарцуулах нь зүйтэй байна.
Хорооны гишүүд төсвийн төслийн танилцуулгад заагдсан зарчим, үзэл баримтлалд нийцүүлэн 2015 оны төсөв нь Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр зорилтыг хэрэгжүүлэх орлогыг дайчлан нэмэгдүүлэх, зардлыг хэмнэх төрийн бодлого үйл ажиллагаатай нийцэх, Нийслэлд нэгэнт хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламжийн хөрөнгө оруулалтыг найдвартай эх үүсвэрээр тасралтгүй хангахад чиглэгдэх ёстой гэж үзсэн болно.
Дээрх зорилтыг хангахад газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зохион байгуулах, НӨҮГ болон НӨААТ газруудыг компаний хэлбэрт шилжүүлэх хувьцааг нь худалдах, үр ашиг муутай нийслэлийн төсөв орлого оруулдаггүй, төрийн болон нийтийн үйлчилгээний байнгын үүрэг хулээдэггүй харьяа газруудыг үнэлж дуудлагаар худалдах зэргээр хөрөнгө оруулалтын нэмэлт эх үүсвэр бүрдүүлэх цаг болсон гэж үзэж байна.
Энэ хамтарсан дүгнэлтийг НИТХ-ын Төсөв, санхүү эдийн ажлын хороонд хүргүүлж доорх томьёоллуудаар нэгдсэн хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхээр хүргүүлж байна.
Нийслэлийн 2015 оны төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор доорх арга хэмжээнүүдийг төсөвт тусган батлах нь зүйтэй гэж үзсэн болно.Үүнд:
1.    Төсвийн орлогын 2015 оны төлөвлөгөөний төслийн 4.2 дүгээр зүйлд заасан Газрын төлбөрийн дүнг 3.0 тэрбум төгрөгөөр, төслийн 5.7 дугаар зүйлд заасан өмч хувьчлалын болон газрын дуудлага худалдааны орлогын дүнг 15.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх,
2.      Газрын дуудлага худалдаа, Өмч хувьчлал, НӨҮГ,НӨААТГ-уудын бүтцийн өөрчлөлт хийж хувьцааны 34 хүртэлх хувийг худалдсаны орлого нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Төсвийн орлогын 2015 оны төлөвлөгөөний төслийн нийт орлого,тусламжийн дүнг 31.464 тэрбумаар, нийт орлогын дүнг 31.464 тэрбумаар, 2015 онд Нийслэлийн өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 31.464 тэрбум болгон тус тус нэмэгдүүлж, урсгал зардлын дүнг 28.464 тэрбумаар хасагдуулан батлах,
3.      Төсвийн орлогын нэмэгдсэн дээрх эх үүсвэрүүдийг Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын инженерийн болон нийгмийн дэд бүтцийг санхүүжүүлэх , тохилог амины орон сууцны хорооллын арга хэмжээнд зарцуулахаар төсвийн төслийг батлах тогтоолын 5 дугаар зүйлд нэмж тусган, 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтанд нэмж тусгах,
4.      Эзэмшүүлэх газрын сонголт хийж, хэмжээг тогтоон дуудлага худалдааг зохион байгуулах, НӨҮГ, НӨААТГ-уудыг хувьчлах, компаний хэлбэрт шилжүүлэн хувьцааны тодорхой хувийг худалдах.асуудлыг нарийвчлан боловсруулж 2015 оны 1 дүгээр улиралд НИТХ-д оруулах шийдвэрлүүлэхээр тогтоох
5.      Төсвийн төсөлд дээрх өөрчлөлтүүд орж байгаатай холбогдуулан 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт болон газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах
6.      2015 оны Нийслэлийн төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтанд өөрчлөлт хийж нэгдсэн хуралдаанд оруулах хамтарсан ажпын хэсгийг НИТХ-ын даргын тушаалаар томилон ажиллуулах нь зүйтэй байна.
Төлөөлөгч Н.Баяраа:
Төсөвтөй холбоотой саналаа хэлье.
1.    Хотын зөндөө олон дүрэм боловсруулж байна. Ухаалаг Улаанбаатар хорооны хуралд суухад 10 гаран дүрэм байна лээ. Үүнийг би хотын иргэн төлөөлөгчийн  хувьд уншаад тэрнийхээ дагуу явна гэвэл би хувьдаа байхгүй. Нийслэлийн иргэд бүгдийг нь уншаад тэр дүрмийн дагуу амьдарна гэвэл би хувьдаа эргэлзэж байна. Хотын дүрэм байх ёстой юу гэвэл байх ёстой. Хотын хүн гэж шал ондоо ойлголт байх ёстой. Хотын дүрэм ганц л дүрэм байх ёстой. Энэ зүйлүүд дээр яагаад энэ олон мөнгө тавигдаад байдаг юм. Би энэ удаагийн тавьсан мөнгийг хасах саналтай байна. Найрсаг Улаанбаатар болон хэд хэдэн хөтөлбөрүүдийн задаргааг өгөөч хармаар байна.
2.    Нийслэлийн төр захиргаануудын байруудыг цэгцэлмээр байна. Төр захиргааны 1,2,3 ......10 гээд цааш нь явах юм шиг байна. Сүхбаатар дүүргийн тамгын газрын байрыг нураагаад оронд нь концессээр хувийн хэвшил байшин бариад нийслэлийн өмчийнхийг нь нийслэлд хүлээлгэж өгөөд үлдсэнийг нь хувийн хэвшил авна. Дахиал тэнд төр захиргааны байр гэж бичнэ. Байр нэмэгдэх тусам манай урсгал зардалууд нэмэгдэж байгаа.
3.    Засаг даргын нийгэм эдийн засгийн хөтөлбөрт тусгагдсан ажлууд байгаа. Тухайлбал Налайхын барилгын материалын  үйлдвэр технологийн парк байгаа. Энэ паркын эхний ажлуудыг эхлүүлнэ. Тэгсэн мөртлөө зураг төсвийн мөнгөн дээр багц мөнгө байгаа тэндээсээ зураг төсөв дээр тавиарай гэж байгаа. Одоо яг эхэлж байгаа ажил.   Нийгэм эдийн засгийн хөтөлбөрт тусгагдсан ажлууд дээр мөнгө төсөвлөж явахгүй бол ажлууд тасрах гээд байна.  Эхний ээлжинд ядаж тэр газраа хашаа бариад авчмаар байна. Тэгэхгүй бол хашаан дундуур нь зам явчихсан, хэн дуртай нь очоод буучихсан сүүлд нь тэрэн дээр парк байгуулна гэхэд маш хэцүү болчоод байна. Хашааны мөнгө нь 300 сая төгрөг болно. Үүнийг хурлын дарга та тэмдэглээрэй.  ТЭЗҮ дээрээ логистик төв гэж байгаа. Логистик төвөө 3 сараас эхний ээлжинд 1 тэр бум 200 сая төгрөгөөр барьчихад болно. Эхлээд логистик төвөө барьчих юм бол Баянзүрхийн товчоог цаашлуулаад том оврын ачааны машинуудыг буулгаад эхний ээлжийн үйл ажиллагаагаа эхлүүлээд логистик төвийнхөө мөнгийг эргэлтэнд оруулаад эргүүлээд олох боломж харагдаж байна. Иймэрхүү задаргаатай бизнес төлөвлөгөөтэй холбоотой асуудлуудыг ажлын хороон дээр би танилцуулъя гэж бодож байна.
Энэ 2 ажлыг буюу 1 тэрбум 500 сая төгрөгний асуудлыг 2015 оны төсөв дээр суулгаж өгөөчээ гэж хүсэж байна баярлалаа.  
Төлөөлөгч Д.Батбаяр:
Би 2 зүйлийн талаар санал хэлье
1.    Нийслэлийн эдийн засаг нийгмийн 2015 оны төсөл дээр хэлэх зүйл байна. Зорилтыг хэрэгжүүлэх ажиллагаагааг дараа нь хэмжиж үл болохуйц үгээр илэрхийлсэн байх юм. Жишээ нь: 2014 оны нийгэм эдийн засгийн зорилтын хэрэгжилтэн дээр нийслэлийн зарим аж ахуй нэгж, зарим агентлагууд хэрэгжилтээ ингэж бичсэн байна. НИТХ дахь журмаа боловсруулна гэж. Журмаа боловсруулан уу? Боловсруулсан 100%. НИТХ-аар шийдвэр гаргуулна. Танилцуулсан юм чинь шийдвэр гаргуулсан байж таарна.  Зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа зөв төлөвлөж чадахгүй байна. Манай газар агентлагийн дарга нар зорилтоо хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа дараа нь хэмжиж болохуйцаар төлөвлөөчээ гэж хэлэх гэсэн юм.       Өөр нэг жишээ хэлэхэд 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаан дээр байгаа юм ахиад 2015 онд ороод ирэх юм. Цаг хугацаа нь дандаа 1-4 дүгээр улирал бүтэн жил. Дандаа аж ахуй нэгж иргэдийн үйл ажиллагааг дэмжиж оролцуулна гэж. Яг өөрсдөөс нь санаачлаад хийх юм ердөөсөө бичигдэхгүй байна. Үүнийг хэмжиж болохуйцаар төлөвлөж оруулж ирж байгаа ч гэж газар агентлагийн дарга нарт хүсье.
2.    Хөрөнгө оруулалтан дээр хэлэх юм байна. Үргэлж дэд бүтэц, барилга байшин, зам гүүр гэсэн зүйлүүд дээр хөрөнгө оруулалт хийгээд байх юм. Нийслэлийнхээ иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй. Нийгмийнхээ баялаг болсон иргэдийнхээ эрүүл мэндэд ерөөсөө хөрөнгө оруулалт хийхгүй байна. Би Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хорооны гишүүний хувьд хорооны дарга Ц.Баатархүү, Эрүүл мэндийн газрын дарга Энхболд дарга нартай нийслэлийнхээ иргэдийн эрүүл мэндийг цахим хяналтанд бүртгэж авах ажил санаачлаад хэлсэн. Энэ тал дээр дорвитой ажил манай хорооны дарга болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нараас иргэдийнхээ эрүүл мэндэд дорвитой хөрөнгө оруулалт хийх  санал санаачлага оруулж ирээгүй байна.  Үүнтэй холбоотой 2015 онд бид Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг цахим хяналтанд бүртгэж авах ажил хийх хэрэгтэй. Үүнд ямар ч байсан 3-4 тэрбум төгрөг хэрэгтэй гэж бодож байна. Нийслэл маань  152 өрхийн эмнэлэгтэй. 152 өрхийн эмнэлгээ 6 дүүргийн эмнэлэгтэй, цааш нь 6 дүүргийн эмнэлгээсээ поликлиниктэй холбоод нийслэлийн иргэдийг бүгдийг нь өвчний катигороор нь ангилаад цааш нь эмнэлгийн үзлэг оношлогоо эмчилгээгээр үйлчлүүлэх боломжоор хангаж өгөх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэдхэн хүн л циклээр очиж хэвтэж эмчлүүлдэг, хөгшчүүл эрүүл мэндийн даатгалаар эмчлүүлдэг. Арын хэсэг хүмүүс нь ерөөсөө эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна. Өнөөдөр 21-р зуун юм болгоныг том төрөөс ухаалаг төр гэж явж байна, СТАРТ үйлчилгээ гэж явж байна. Энэ иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээг СМАРТ үйлчилгээтэй болгомоор байна. Ухаалаг улаанбаатар арга хэмжээндээ тавьсан байгаа 2 тэрбум төгрөг бусад мөнгийг нийслэлийнхээ иргэдийн эрүүл мэндийг цахим хяналтанд оруулж өгөх саналыг би дэвшүүлж байна. Энэ  4 тэмбум төгрөг гэдэг бол 4 км-ийн зам төсвийн мөнгөөр бид 30 тэрбум төгрөгөөр зам тавьж байна. Яагаад нийслэлийнхээ эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулалт хийж болохгүй гэж. Миний саналыг манай төлөөлөгчид дэмжих байх гэж бодож байна.
           




Tuesday, November 25, 2014

Нийслэлийн 2015 оны төсөв /Төсөл/

Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө /төсөл/

2015 онд нийслэлд концессээр хийгдэх ажлуудын жагсаалт /төсөл/

Нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтын төсөл

Нийслэлийн 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтын төсөл

Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтын хэрэгжилтийн тайлан

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах зарим арга хэмжээний төсөл

Monday, November 24, 2014

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр буюу 2014.11.25-ны өдөр НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанд тэргүүлэгч Д.Баттулга, Л.Шагдаррагчаа, А.Гантулга, Ц.Одонтунгалаг, Д.Болдбаатар, Г.Ганбаяр, Д.Байдраг, Т.Гантөмөр, нийслэлийн аудитын газрын дарга Очирбат, Улаанбаатар хотын ерөнхий менежир Б.Бадрал, НИТХ-ын ТНБД Б.Энхболд бол бусад ажилтан албан хаагч, хэвлэл мэдээллийн ажилчид оролцлоо. Хуралдаан 10:00 цагт эхэлж, 12:48 цагт дуусав. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
  1. Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх журам
  2. БГД-ийн 1-р хорооны нутагт байрлах 80 айлын орон сууцыг хөрөнгөөс хасах тухай
  3. Гэр хорооллын хөгжлийн газрын блансад бүртгэлтэй 5 барилгыг СБД, ЧД, СХД-үүдэд шилжүүлэх тухай
  4. НӨХГ-ын блансад бүртгэлтэй МУБИС-ын урд талын нүхэн гарцыг СБД-ийн блансад шилжүүлэх тухай
  5. БЗД-ийн 87-р сургуулийн блансад бүртгэлтэй барилгыг тус дүүргийн цагдаагийн 3-р хэсгийн блансад шилжүүлэх тухай
  6. СХД-ийн 18, 27, 28-р хороодын нутаг дэвсгэрт байрлах хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн цогцолбор барилгуудыг СХД-ийн блансад шилжүүлэх тухай
  7. Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлтийн дэд хөтөлбөр батлах тухай
  8. Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай
  9. НИТХ-ын ээлжит 21-р хуралдааныг зарлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
“Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх журам”-ийн төслийг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа танилцуулав.
НЗД-ын орлогч Н.Батаа: Нийслэлийн бүх шатны ажилтан албан хаагчдын хагас бүтэн жилийн үр дүнгийн гэрээг хянан үзээд сайн ажилласан ажилтнуудыг тодорхой хэмжээгээр урамшуулах асуудал байгаа үүнд нийтдээ 4.5 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа. Нийслэлийн бүтээн байгуулалтад онцгой гавьяа байгуулсан хүмүүст 1 сарын цалингийн хэмжээг олгох, нийгмийн асуудлуудыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх асуудлуудыг тусгасан байгаа гэв.
Тэргүүлэгч А.Гантулга: Ажлаа хийж чаддаг хүмүүсийг маш сайн дэмжих ёстой. Харин хийхгүй байгаа нөгөө хэцүү нэртүүдтэй хариуцлага сайн тооцох ёстой шүү.
Тэргүүлэгч Ж.Амарсанаа: Өнгөрсөн жил манай эрүүл мэндийн салбарт урамшуулал олгох асуудал босч ирээд сүүлдээ хавтгайрсан жишиг байгаа. Хороо дүүргийн эмнэлэгүүдийн цалин маш муу учраас хүний нөөц нь байнга өөрчлөгддөг юм билээ. Урамшуулал байх ёстой гэхдээ хэрхэн өгөх шалгуур нь сайн байх ёстой.
Тэргүүлэгч Л.Шагдаррагчаа: нийслэлийн засаг даргаасаа аваад нийслэлийн бүх шатны албан хаагчид жилийн эцэст хэмнэж чадсан төсвйинхөө 70 хувиар шагнуулах журмын төсөл орж ирж байгаа юм байна. Урьд нь ийм зүйл байсан юм байна. МУЗЗНДНТУТХ-д дүүргүүдийн асуудлыг нийслэл шийдэхийг хориглоно гэсэн заалт байдаг. Нийслэлийнхэн дүүргүүдийн дотоод ажилд оролцоод байж болж байгаа юм уу. Төрийн зардлыг хэмнээд л өөрсдийгөө шагнадаг болчихоор чинь төрийн байгууллагаад зарлагаа бага тавиад зардлаа өндөр тавьдаг буруу жишиг тогтчих юм биш бээз. Хэрвээ журмын хэрэгжилтэндээ онцгой  анхаарахгүй бол саяны татварынхан шиг бөөн асуудал дагуулж, төсвөөс завших эрхзүйг нь бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр тэргүүлэгчид буруудах юм биш биз дээ. Би төрийн албан хаагчдыг шагнахыг эсэргүүцэж, бас буруутгаж байгаа юм биш ээ. Гэхдээ хэрэгжилтэд анхаарал тавьж журмаа нарийн боловсруулж дахин оруулж ирвэл батлахад дургүйцэх зүйл алга.
Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд татварынхан өөрсдөдөө яг ийм урамшууллын журам гарган батлуулаад тэрнийхээ дагуу их хэмжээний мөнгийг идэж уусан хэрэгт оролцолдоод байгаа. Нийслэл ч гэсэн ийм асуудалд энэ журмаас болж орооцолдох юм байна. Тиймээс энэ журмын төслөө сайжруулж оруулж иртэл энэ асуудлыг дэмжих боломжгүй хэмээн үзэж буцаалаа.
2, 3, 4, 5, 6-р асуудлын талаар ямар нэгэн асуулт, санал гаргалгүйгээр дэмжиж батласан бол 7-р асуудлыг боловсруулалт муу, шийдвэрлээгүй олон асуудал байна гэдэг үндэслэлээр буцаалаа.  
Харин Алтан-Өлгий оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежир Б.Бадрал буцааж татсан юм.
Хуралдааны хамгийн сүүлийн асуудал нь НИТХ-ын ээлжит 21-р хуралдааныг батлах асуудал байсан бөгөөд НИТХ-ын ээлжит 21-р хуралдааныг 2014.11.27-нд 09:00 цагаас Хангарьд ордонд хуралдуулахаар боллоо.
Ээлжит 21-р хуралдаанаар:
  1. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах арга хэмжээний тухай.
  2. Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтын хэрэгжилт, 2015 оны нийгэм эдийн засгийн зорилтыг батлах тухай
  3. 2015 онд нийслэлийн өмчөөс хувьчлагдах хуулийн этгээд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай
  4. Нийслэлийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт батлах тухай
  5. Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
  6. Нийслэлийн 2015 оны төсөв батлах тухай гэсэн асуудлыг хэлэлцүүлэх тогтоолыг баталлаа.

НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын алба