Wednesday, October 22, 2014

Хот байгуулалт дэд бүтцийн хорооны хурлын тэмдэглэл

Хот байгуулалт дэд бүтцийн хорооны
хурлын тэмдэглэл

2014.02.26                                                                                                    Хангарьд ордон
Хот байгуулалт, дэд бүтцийн хороо 2014 оны 02 дугаар сарын 26 ны өдрийн 12.00 цагт Хангарьд ордны А танхимд хуралдаж “Авто худалдааны цогцолборыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцэв.
Хуралд Л.Шагдаррагчаа, Н.Гантөмөр, Л.Наранбаатар, Ц.Буяндалай, Д.Энхсайхан, С.Ононбаяр, Н.Баяраа, Д.Батбаяр, С.Үнэн, Д.Бадарсан нар оролцож хурлын ирц бүрдсэнд тооцож хурал 12 цаг 20 минутад эхлэв.
Төлөөлөгч Л.Шагдаррагчаа
Л.Шагдаррагчаа төлөөлөгч: Хэлэлцэх асуудлын матералыг төлөөлөгч Та бүгд уншиж танилцсан байх. Н.Гантөмөр дарга танилцуулгаа хийнэ үү.
ХЭЛЭЛЦСЭН НЬ:
Хэлэлцэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр танилцууллаа.
Л.Шагдаррагчаа төлөөлөгч: За асуух асуулттай төлөөлөгчид Д.Батбаяр, Д.Энхсайхан, Н.Баяраа, С.Үнэн:
Д.Батбаяр төлөөлөгч: Тогтоолын төсөлтэй танилцлаа. “Авто худалдааны цогцолборыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” гэчихээд хотын дотор 10 сарын 1-ний өдрөөс эхлээд нийтийн эзэмшлийн зам талбайд авто машин худалдаалахыг хориглосон байх юм. Авто худалдааны төв барихад энэ заалт хамаатай юм уу? Авто худалдааны төв барих зардал тусгагдаагүй байна. Байршлын хувьд хэр оновчтой вэ?
НЗД-ын орлогч Н.Гантөмөр
Н.Гантөмөр: Зориулалтын бус авто захууд тухайн орчны иргэдийн амгалан тайван байдал болоод хөрсний бохирдол, агаарын бохирдлыг маш ихээр үүсгэж байна гэдэг утгаар нь 10-р сарын 1-н гэж тавьсан юм. 9-р сарын 1-н гэхэд бүх ажлаа хийж дуусгаад 10-р сарын 1-нээс журмаа мөрдөж эхлэхээр бодож энэ хугацааг тавьсан. Байршлын хувьд хотын маань шинэ төв шилжих гэж байгаатай холбоотойгоор барихаар төлөвлөсөн байгаа. Сонгинохайрхан дүүрэг маань мөн зөвшөөрч бидэнд газар гаргаж өгсөн. Одоо зуу зуун га-гаар олддог газар гэж хаа ч байхгүй ээ. Газрын хувьд нэлээд эвдрэлтэй газар байгаа. Хуучин карерь байсан газрыг нөхөн сэргээлт хийж ашиглах гэж байгаа юм. Гарах зардлын хувьд төрөөс нэг ч төгрөг гарахгүй. Өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явах газар байгаа юм.
Б.Энхсайхан төлөөлөгч: Танилцуулган дээр өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг тодорхой тусгаагүй байна. Үүнийгээ яаж шийдэх гэж байгаа вэ?
Н.Гантөмөр: Энэ бүх зүйлийг иргэдийн хурлын тогтоолоор зохицуулах боломжгүй байгаа. Зохион байгуулах ажлыг Засаг даргад даалгаж байгаа. Ямар ч газар үйлчилгээний хөлс авдаг. Үүнийг тухайн үедээ гэрээгээр зохицуулна.
Төлөөлөгч Н.Баяраа
Н.Баяраа төлөөлөгч: Авто зогсоолын хувьд төр хувийн хэвшлийн бизнесийг булааж авч байгаа юм шиг харагдахаар зүйлийг яагаад зохион байгуулж байгаа юм бэ? Байгаль орчны үнэлгээ гэж хийгдсэн үү? Инженерийн шугам сүлжээний үнэлгээ гэж хийгдсэн үү? Санхүүгийн хувьд тодорхойгүй зүйл их байна.
Н.Гантөмөр: Эмээлтийн зах орчмын газарт сэг зэм ихээр үүссэн байна. Иргэний нисэхийн газраас 5-н бичиг ирсэн байна. Онгоц нисэхэд төвөгтэй боллоо. Шувууд ихээр цуглаж байна. Нэг өдөр онгоц унагааваа үүнийг цэгцэлж холдуулж өгөөчээ гэсэн. Үүнийг хот зохицуулахад төвөгтэй. Нэг ажил хийх дээ нөгөөдөө саад болохгүй зохион байгуулалттай баймаар байна. Үлдсэн асуултанд Уртнасан дарга хариулна.
Ш.Уртнасан: Ил задгай авто машин зардаг аж ахуйн нэгжүүд маань нэг газар төвлөрөөд нэг үйл ажиллагаанд орж байгааг дэмжиж байгаа. Яагаад гэхээр ил задгай худалдаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн газар маань хурлаас батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд суурьшлын бүс гээд орчихсон. Тэгээд нийслэлийн өмчид байдаг газрыг өөрсдөө эзэмших эрхээр авчихаад давхар түрээсэлдэг. Тэгэхлээр энэ дээр тухайн иргэний боломжийг нээж өгч байгаа юм. Тухайн газруудыг 10 компани эзэмшиж байсан бол одоо 14 мянган иргэнд боломж гарч ирж байгаа юм.
С.Үнэн төлөөлөгч: Авто худалдааны цогцолбор байгуулах талбайн хэдэн хувьд нь жижиг оврын авто машин худалдаалах юм бэ? Хэдэн хувьд нь том оврын авто машин худалдаалах юм бэ? гэсэн тооцоо судалгаа хийсэн юм байна уу?
2-рт Хугацааны асуудал санаа зовоож байна. 7-р сарын 1-н гэснийг хойшлуулаад 9-р сарын 1-н болгосон юм шиг байна. Энэ хугацаа ч гэсэн давчуу байгаа юм биш үү? Хүй долоон худгийн бүтээн байгуулалт энэ ажлаас арай өөр. Авто худалдааны цогцолбор чинь дотроо нэг том барилга байгууламжтай байсан байхаа. Тэгэхлээр энэ хугацаагаа жаахан тавиад өгчих боломж байхгүй юм уу?
НЗД-ын орлогч Н.Гантөмөр
Н.Гантөмөр: Хугацааны хувьд бол яагаад ингээд яараад байна гэхээр худалдаа эрхэлж байгаа хүмүүст маань хүлээлт үүсчихдэг юм байна. Та нар яаг яах гээд байна хэзээ авто худалдааны төв чинь нээгдэх гээд байна гэхчлэн иргэдийнхээ санааг хоёрдуулчихаад байна. Тийм учраас яараад байгаа юм.
Ш.Уртнасан: Зогсоолын хэмжээний хувьд бол одоогоор хотод ил зарагдаж байгаа жижиг оврын авто машин  7 мянган ширхэг, том оврын авто машин 1 мянган ширхэг зарагдаж байгаа гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр авто худалдааны цогцолборын 14 мянган зогсоолын 11800 нь жижиг тэрэгний зогсоол 2200 нь том тэрэгний зогсоол байгаа.
Л.Шагдаррагчаа: Барих тооцоо 19 сая төгрөг гэж гарчээ. 19 сая төгрөгөөр барих юм уу?
2-рт эхний ээлжинд цахилгааны асуудлыг яаж шийдэх вэ? Хаанаас холболтоо хийх вэ? Хэдэн квт шаардлагтай вэ? Бохирын асуудлыг яаж шийдэх вэ? 32-р хороон дээр хот байгуулалтын төлөвлөгөө яаж гарсан бэ?
3-рт үүнийг заавал төрийн өмчит компаниар бариулах шаардлага байгаа юм уу? Хувийн хэвшлийнхэнд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж болохгүй юу? 2-р хувилбар концессоор хийж болохгүй юу?
4-рт хуулиндаа дүүргийн иргэдийн хурлаас зөвшөөрөл авах ёстой юм байна. Зөвшөөрөл авсан уу? Ямар шийдвэр гарсан бэ? Цаасаараа байна уу?
5-рт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Хот байгуулалтын хуулийн дагуу иргэдээс санал авсан байна гэж байгаа. Иргэдээс ямар санал авсан бэ?
6-рт техникийн захуудыг 10-р сарын 1-нээс хориглох юм байна. Орж ирж байгаа тогтоолын төслийн 1-р заалтанд нийтийн эзэмшлийн зам талбай бусад зам орчмын ил задгай зогсоол талбайд машин техник хэрэгслийг худалдан борлуулахыг хориглоно гэж байна. Энийгээ та нар бодно байгаа. Хугацаа тавьдаг, хориглодог нь буруу. Нийгмээс гарах сөрөг үр дагаварыг бодсон уу?
Н.Гантөмөр: Бид тооцож үзээд 56 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрнө гэж үзэж байгаа. Үүнээс 38 тэрбум төгрөгөөр нь энэ ажлыг хийж дуусгана гэж тооцож байгаа. Энэ ажлыг бид хийхгүй бол хэн ч хийхгүй ээ. Маш хэрэгцээтэй зам тавих гэхээр нөгөө захууд маань нүүж өгдөггүй. Мега ачаалал үүсчихээд байхад зам тавиулдаггүй. Тэр газрууд чинь өмчлөгдсөн газар биш шүү дээ. Тэгээд хаалга үүдээ түгжээд, хашаа хороогоо барьчихаад оруулдаггүй ийм зовлонтой. Тэгэхлээр бизнес эрхлэгчид маань одоо нэлээд сэтгэл зүйн бэлтгэлтэй болчихсон байгаа, хүлээлт үүсчихсэн байгаа. Энэ хавар ажлаа эхлээд хурдан дуусгаасай гэсэн хүлээлттэй байна.    
Ш.Уртнасан: Дэд бүтцийн талаар бол шинэ хотын төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ард тухайн байршлын орчимд бүх дэд бүтцийг холбох боломжтой гэж үзээд хуваарилах байгууламж барина гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас тэр орчмын 250 га газрыг тусгай хэрэгцээнд авна гээд 2013 оны 1 сар тогтоол гаргаад авчихсан байдаг. 2013 оны 12 сард энэ үйл ажиллагаатай холбоотойгоор хуралдаа 140 га газрыг тусгай хэрэгцээнээсээ хасаад манайд хүсэлтээ ирүүлчихсэн байгаа.
Энэ жилийн газар зохион багуулалтын төлөвлөгөө батлагдсан. 2013 оны 11 сарын 28 өдрийн 13/52 тоот тогтоолын хавсралт 1. Газрын менежментыг хэрэгжүүлэх гээд 1.2 зүйл хот байгуулалт  зохион байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлууд гээд үүний 8 дээр  Сонгинохайрхан дүүргийн 32 хороо Авто худалдааны цогцолбор байгуулах ажлыг ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж эхлүүлэх гээд байгаа.
Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны иргэд манай дээр дахин төлөвлөлт хийгээч ээ гэсэн хүсэл байнга ирүүлдэг.
Төлөөлөгч Л.Наранбаатар
Л.Наранбаатар төлөөлөгч: Урсгал зардлаа яаж шийдэх вэ?
Авто машины зогсоолын байршлын төлөө бөөн өрсөлдөөн болно. Үүнийг яаж шийдэх вэ? Тендэр зарлах юм уу? Байрлалдаа ангилал тавьсан уу?
Энэ худалдааны төвийг дагаад суурьшлын бүс үүснэ. Үүнийг тооцож төлөвлөсөн зүйл байгаа юу?  
Н.Гантөмөр: Захын үйл ажиллагааг аваад явдаг, яг энэ ажлыг олон жил хийсэн ийм хүмүүстээ давуу эрх олгоно. Гэхдээ хугацаатай. Энэ хугацаандаа та ирээд давуу эрхээр зогсоолоо аваач ээ гэдэг саналаа тавина. Үүнээс хойш үйл ажиллагаа явуулах гэж байгаа иргэд маань ирээд саналаа тавиад ингээд явна. Үүнийгээ дагаад суурьшлын бүсүүд үүснэ хурдан шуурхай хийх гээд байгаа учир нь үүнтэй холбоод байгаа юм л даа.  
ХЭЛЭЛЦСЭН НЬ:
Төлөөлөгч Д.Батбаяр
Д.Батбаяр: Авто худалдааны захуудыг хотын захруу гаргана гэдгийг дэмжиж байна. Тогтоолын төсөл хоорондоо уялдаа холбоотой болгомоор байна. 18м2 4 сая, 72м2 9 сая гэсэн буруу. м2–р нь үнийг тавьмаар байна. Тогтоолын төслийг буцаах саналтай байна. Хоорондоо авцалдахгүй байна. 2 тогтоолын төсөл оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ? Холион бантан хутгасан юм хийж байх юм.
Н.Баяраа: Хойшлуулах саналтай байна. Цэвэр бизнес хийж байгаа ажил байна. Уг нь Өгөөмөр ч юм уу хуучин машин, сэлбэг зардаг хүмүүс баруун тийшээ ч гэдэг юм уу. Хувийнхаа машин зарахын тулд тэнд түрээс төлөх нь байна. Ангилж өгөөд шинэ, хуучнаар нь тавьж өгсөн бол зүгээр байсан. Буцаах саналтай байна.
С.Үнэн: Дэмжих саналтай байгаа. Баянзүрх дүүрэгт байдаг хэцүү зовлонтой захууд байдаг. Өгөөмөр, Нарантуул гээд хотын төвд төвлөрснөөс болоод янз бүрийн гэмт хэрэг, автын осол, түгжрэл гардаг гэж хороодын иргэд надад их  санал тавьдаг.  Тэр талаас нь авч үзвэл энэ ажил зөв. Ажлын хэсэг сайн бодож боловсруулж зам болон бусад бидний мэдэхгүй хэсгийг тооцож хийсэн байлгүй дээ. Үнийн асуудал дээр их дүрмийн зөв зохион байгуулалтыг шигтгэж хийж өгөх хэрэгтэй. Цаашдаа ямар зарчмаар ажиллах вэ гэдэг. Тэгэхгүй бол монголд хууль 2, 3 хоног хэрэглэгддэг гэж яриад байдаг. Том оврийн машины зогсоол дээр би өөрөө мөнгөө төлсөн хүн энэ дээр 3 жижиг машин авчирч тавина гэдэг тэр болгоныг зохицуулаад гүйж явдаг. НӨҮГ маань өөрөө зөв байгуулагдаж энэ юмнуудаа их сайн зохицуулж явах байх. Байршил дээр бол эрүүл ахуйн арга хэмжээг сайн авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Яагаад гэхээр СХД-ийн лай ланчигийг ХУД-ийхэн үүрч байна гэж байнга ярьдаг.  Тэнд төв цэвэрлэх байгууламж байдаг. Тэр хавийн үнэр танар гэж авахын аргагүй. Би бол цэвэрлэх байгууламжаа янзлаад өгөөч ээ гэж байнга ярьдаг тэгэхгүй бол хот баруун тийшээгээ хөгжихгүй байна гэж. Одоо бид хотоо хөгжүүлэх хамгийн том бүтээн байгуулалтын ажил хийх гэж байна. 5 хан км-ын зайтай. Тэр их үнэр танар дунд зогсож наймаа хийх хүмүүс чинь шинэчлэлийн Засгийн газар ийм л юм хийж байна гэнэ. Тиймээс эрүүл ахуй талаас их зүйл хийгээрэй. Хашаа хороо энэ тэр гээд. Уушигны үрэвсэл янз бүрийн юм ярьдаг тэрийг над руу хаягладаг, би л тэнд цэвэрлэх байгууламж бариад юмаар утаад байгаа юм шиг. УСУГ-руу дайрдаг юм. Хэрвээ мэргэжлийн байгууллагуудаас санал авсан бол би ийм санал хэлэх байсын. Тэр төв цэвэрлэх байгууламжийн урд тал 44 карт гэж байдаг. Лагийн карт. Энэ одоо хотын толгойны өвчин болоод байна. Урьдчилсан цэвэрлэх байгууламжийн лагийг морин даваа руу гаргаж хаяна гэсэн. Тэр бол бүтэхгүй ажил гээд. Бид лагийн асуудал дээр тушаал гаргаж байгаад урьдчилсан цэвэрлэх байгууламжийн лагийг төв цэвэрлэх рүү татаж байгаа. Гэтэл энэ 44 карт 50 оноос эхтэй бохир цуглаад байж байгаа. Тэгэхээр 5 хан км-ын зайд хэдэн тэрбум төгрөг зарж байгаад яг энэ зогсоолын дор энэ лагийг булж болох байсан. Хот 2 том асуудлаас сална. Яг одоо бүтээн байгуулалт хийх гэж байгаа газар дээрээс Байгаль орчны яамны миний нэг сууж байсан ажлын хэсэг дээр хотоос гаргаж энэ лантпилийг хийх бололцоог судалсан төмөр замын тавцан барина. Тэгээд  төв цэвэрлэхийн лагийг зөөнө гэсэн шийдэл гарч байсан. Тиймээс Засгийн газрын ажилтай зөрчилдөөд явчих вий гэж би айж байна. Тэр талбай бол их аймшигтай байгаа. Нэгэнт л бид ашиглах гэж байгаа бол 5м доошоо ухаад энэ аймаар асуудлыг шийдчихэж болмоор санагдаад байгаа юм.
Төлөөлөгч С.Ононбаяр
С.Ононбаяр: Тогтоолын төслийг дэмжиж байна. Энэ бол авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг цэгцлэх том ажлын эхлэл гэж харж байна.
Л.Наранбаатар: Дэмжиж байна. Гэхдээ 2, 3 асуудал тусгуулах байна. Энэ бол Улаанбаатар хотын тулгамдсан асуудал мөн. Машины асуудал шийднэ гэдэг маш олон асуудлыг давхар шийднэ.  Шархадны тэнд амьдарч машин тэрэг зарж, засч янзалдаг хүмүүс тэндээ амьдардаг. Тэдний хүүхдүүд нь хотын соёлтой сайхан амьдрах хэрэгтэй. Хэрвээ тийшээ нүүлгэвэл тэнд бас сайхан хот босох ёстой.
Урсгал зардал гарна гэж түрүү нь бас асуусан, дараа нь захиргааны ашиглалтыг нь ямар газар яаж авч явах вэ? гэдэг нь тодорхой байх ёстой.
2-т энэ худалдааны төвийг дагаад суурьшлын бүс үүснэ. Энэ дээр төлөвлөлт хийж орж ирээ гэсэн чинь хоорондоо сайхан зохицоод болно гээд байна.
3-т талбайн хуваарилалтын асуудал байна. Байршил дээр үнийн зөрүү гарч ирнэ. Ороод хаалганы хажуу талын байршил сайтай газар 4 саяын газар 10 сая байх жишээтэй цаад буландаа байгаа 4 саяын газар 2 сая байх жишээтэй. Байрлалын хувьд нь үнийн ангилал тогтоож өгөх хэрэгтэй. Бүгд 4 сая гэвэл нэг талдаа шавааралдсан зах болно гэдгийг эхний удаадаа анхаарч үзмээр байна. Энэ бол хүн хохироохгүй зарчим болох болно. Олон улсын экспо хийдэг том байгуулалт хийх гэж байгаа бол хил гааль тэнд байх ёстой, төмөр зам ложистик гээд бүх асуудал цогц байх ёстой байхаа. Энийг хаана нь яаж шингээх вэ? Хувийн хэвшлүүд рүү өгчвөл болохоор л байгаа юм. Сайн боловсруулж хийгээрэй жижиг асуудлаас болоод хойшлуулалгүйгээр.
Төлөөлөгч Д.Энхсайхан
Д.Энхсайхан: Дэмжиж байна. Гэхдээ цаг хугацааны хувьд 10 сарын 1 гэсэн хугацааг жаахан хойшлуулвал яасан юм вэ? Яагаад гэхээр бид нар шийдвэр гаргангуут нөгөө 36 тэрбум төгрөг цугларах гэж хугацаа орно. Мөнгө ороод ирсний дараа төсвийн тодотголоо 5, 6 сарын үед авч хэлэлцэх байх. Төрийн санд төвлөрсөн мөнгийг тендер зарлана, нээлттэй зарлана тэгээд 1 сар юм уу 45 хоног болно. Дараа нь зохион байгуулалт явна гэхээр энэ ондоо багтаах маягаар хугацааг нь оруулвал яасан юм бэ? гэсэн саналтай байна.
Н.Гантөмөр: М.Халтар даргад өнөөдөр завсар хийгээд өгсөн төслийг босоо санал болгож оруулаарай. Ингээд дунд нь үймүүлэх юм бол сая Л.Шагдаррагчаа дарга шиг мушгаад аль нь аль вэ? гээд байна. Яг нэг тогтоолоор энэ тогтоол дээр бүх мэргэжлийн байгууллагууд суугаад бүгдээс нь санал авч оруулсан санал байгаа шүү. 2-т нь цаг хугацааны хувьд 7сарын 1 гээд бид өөрсдийгөө нэлээн шахаж өгсөн маягтай хийх гэж оролдсон. Яагаад гэхээр манай мэргэжлийн байгууллагууд хөнгөн шуурхай хурдан хийчвэл нөгөө бизнес эрхлэгч нарт хүлээлтийн байдал үүсэхгүй. Тэгээд хэлэлцүүлгийн явцад 10 сарын 1 гэсэн хугацааг тохирсон. Энэ ажлыг зохион байгуулсны дараа 100 хувь төрийн сан дээр мөнгө төвлөрнө. Энэ мөнгийг оруулах тодотгол хийнэ. Тэрэн дээр С.Үнэн даргын ярьсныг судална сайхан санаа байна.
Төлөөлөгч Л.Шагдаррагчаа
Л.Шагдаррагчаа: Нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дээр санал хураая. /10 төлөөлөгчөөс дэмжсэн 6/
Л.Шагдаррагчаа: Би дэмжиж байгаа. Гэхдээ НӨТҮГ байгуулах ёсгүй. Энийг нээлттэй дуудлага худалдаагаар юм уу концессийн хэлбэрийг сонгож төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал хураах ёстой.
2-т Нийслэлийн нэгдсэн хуралдааны бүрэн эрхийн асуудлаар тэргүүлэгч дээр авч ярьсан 2 тогтоолын төслийн хууль зүйн үндэслэлийг хуралдаан дээр хэлэлцэх асуудалд оруулна гэсэн 2 дахь санал.
3-т Энэ асуудалтай хууль зүйн үндэслэлтэй холбоотойгоор өнөөдрийн Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны хурлаас Хууль зүй төрийн байгуулалтын хороонд албан ёсоор хорооны даргын хувьд саналаа хэлье та бүгдийг зөвшөөрвөл. Үүнд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ямар асуудал хэлэлцэж байх юм, тэргүүлэгчдийн хурлаар ямар асуудал хэлэлцэж байх вэ? гэдэг талаар нөгөөдрийн хурлаар батлах Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгд энэ асуудлыг тусгах нь зүйтэй гэдгийг Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны хуралд би ажлын хэсгийн гишүүний хувьд орно тэнд хот байгуулалт, дэд бүтцийн хорооны нэгдсэн санал шүү тэргүүлэгчдийн эрх үүрэг, нэгдсэн хуралдааны эрх үүргийг тодорхой гол гол асуудлаар зааглаж өгье гэсэн ийм саналтай байна. Тэгэхээр дүгнэлт гаргах уу? яах вэ. Уг нь манай томьёлолоор нэгдсэн хуралдаанд санал хураах ёстой шүү.
Төлөөлөгч Д.Батбаяр
Д.Батбаяр: Дүгнэлттэй холбоотой санал хэлье. Манай хорооноос дүгнэлт гарах ёстой. Тэр нь хот байгуулалтын төлөвлөгөөтөй холбоотой байх. Миний хувийн санал бол энэ авто худалдааны цогцолборын байршлыг ярилцах ёстой. Жишээ нь: С.Үнэн дарга хэлж байна. Цаашдаа цэвэрлэх байгууламжтай холбоотой ажил явагдана. Тэгэхээр 5-н км-ын зайтай цэвэрлэх байгууламж байгаа энэ байршил зөв үү? Буруу юу? гэдгийг ярих ёстой. Хурлын бүрэн эрх гэж байгаа болохоос тэргүүлэгчдийн бүрэн эрх гэж байхгүй. Хурлын чөлөөт цагт тэргүүлэгчид бүрэн эрхийг хэрэгжүүлж байгаа.
Н.Баяраа: Тэргүүлэгчид нь хууль зөрчөөд ОНӨҮГ-аа байгуулсан. Бүх юмаа шийдсэн. Тэгээд хэрэггүй юмаа бид хэдээр шийдүүлэх гэж байдаг. Авто худалдааг хотоос гаргахыг нь дэмжиж байгаа. Гэхдээ хуучин сэлбэг, машин зардаг хүмүүсээ бодолцохгүй яасын бэ? 1 сая төгрөгний машин зарах гэж хүн байж болно шүү дээ. Амьдрал хэцүү 4 сая төгрөгний түрээс төлж тэнд зарах юм уу? Энэ бол том бизнес хийж байгаа хэрэг байна.
Н.Гантөмөр: Бизнес хийж байгаа зүйл огт байхгүй. Энэ мөнгө бүгд төрийн санд хуримтлагдана. Дүгнэлтэнд 1-т цэвэрлэх байгууламжийн ажлыг давхар зохион байгуулья,
 2-т нь Л.Наранбаатарын хэлсэн уян хатан үнийн санал гээд энэ 2–ыг оруулаад тогтоолын төслийг дэмжье гээд оруулъя. 
С.Үнэн: Саналыг хэрвээ би энэ асуудлын ажлын хэсэгт ороод шийдсэн бол эсвэл энэ асуудлаар холбогдох байгууллагуудад асуудал тавиад санал авсан бол би ийм санал өгөх байсан гэж. Би Гантөмөр даргад санаа өглөө.
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
Л.Шагдаррагчаа: Авто худалдааны цогцолборыг байгуулахыг хороо дэмжлээ. Саналаа  задгайгаар ярьж нээлттэй хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Та бүхэнд баярлалаа.
Танилцсан:                                                               Л.Шагдаррагчаа
Хянсан:                                                                     Б.Энхболд
                                                                                    М.Халтар
Тэмдэглэл хөтөлсөн:                                              Э.Жавхланбат


НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
   ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН  ХОРООНЫ  
САНАЛ ДҮГНЭЛТ

2014 оны 02 сарын 26                           Дугаар 01                          Хангарьд ордон

Хот байгуулалт, дэд бүтцийн хороо 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 12.00 цагт Хангарьд ордны А танхимд хуралдаж “Авто худалдааны цогцолборыг барьж байгуулах зарим арга хэмжээний тухай” асуудлыг хэлэлцэв.
Хуралд Л.Шагдаррагчаа, Н.Гантөмөр, Л.Наранбаатар, Ц.Буяндалай, Д.Энхсайхан, С.Ононбаяр, Н.Баяраа, Д.Батбаяр, С.Үнэн, Д.Бадарсан нар оролцсон болно. Хуралдааны явцад хэлэлцэж буй асуудлаар төлөөлөгчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал гаргаж хэлэлцсэн. Үүнд:
Л.Наранбаатар, С.Үнэн, С.Ононбаяр, Н.Гантөмөр, Д.Энхсайхан нар оруулсан асуудлыг дэмжсэн санал гаргалаа.
Хорооны гишүүд “Авто цогцолбор” байгуулах нь зүйтэй гэж санал нэгдсэн бөгөөд  авто цогцолборыг байгуулах арга хэлбэрийг оновчтой сонгох, нээлттэй сонгон шалгаруулалт, концессийн хэлбэрээр төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлүүлэх талаар төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Н.Баяраа, Н.Гантөмөр нар санал гаргаж,  нэгдсэн хуралдаанд оруулахаар хоёр тогтоолын төсөл өргөн барьсан, агуулга нь зарчмын хувьд өөр байгааг шүүмжилж, тогтоолыг буцаах нь зүйтэй гэсэн санал гаргасан.
Төлөөлөгч С.Үнэн цогцолбор байгуулахыг дэмжиж байгаа боловч төв цэвэрлэх байгууламжийн үнэрийн асуудлыг судалж газар дор давхар нэг мөр судалж шийдэх саналыг гаргалаа.
Хорооноос доорхи дүгнэлтийг гаргав:
1.    “Авто цогцолбор” байгуулахыг зүйтэй гэж үзлээ.
2.    Зарчмын зөрүүтэй саналаа төлөөлөгчид нэгдсэн хуралдаанд нээлттэй хэлэлцүүлэхээр тохиров.
3.    Асуудлыг НИТХ-ын XV хуралд оруулж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв.




ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН  
ХОРООНЫ ДАРГА                                                            Л.ШАГДАРРАГЧАА



No comments:

Post a Comment