Thursday, October 9, 2014

Н.Баяраа: Нийслэлийн түүхт ой сэдэвт уралдаан зарлаж байна


-Сайн байна уу. Манай өнөөдрийн дугаарт Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн захирал, Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын гишүүн Нацагийн Баяраа оролцож байна. Хоюулаа яриагаа нийслэлийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байгаа талаар эхлэх үү?
- Сайн байна уу. Жил бүрийн 10 дугаар сарын 29-ний өдрийг нийслэлийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтайг та бүхэн мэднэ. Энэ жил  нийслэлийн Улаанбаатар хотын 375 жилийн ой тохиож байгаа. “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын анхны шавыг  Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг ширээт цагаан нуурын эрэгт анх тавьсан байдаг.
Нийслэл хотынхоо ойг тэмдэглэх асуудлыг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны 02-р сарын 13-ны өдрийн ээлжит хуралдаанаар  хэлэлцээд “Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг байгуулж. Намайг уг комиссын бүрэлдэхүүнд оруулсан.
Ой тэмдэглэх комиссоос нийслэлийн ойг угтсан 6 бүлэг, 100 гаруй ажлуудыг хийх төлөвлөгөө боловсруулан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлаар өнгсөн 05 дугаар сарын 20 –ны өдөр батлуулсан байгаа.
Түүхт ойг тохиолдуулан айлчлан ирсэн гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дурсгах үндэсний онцлог бүхий гар урлалын бүтээгдэхүүнийг урлуулж түүнийг худалдан авах ажлыг хийж гүйцэтгэхийг НИТХ-ын дарга, Нийслэлийн засаг дарга хоёр надад үүрэг болгосон.
Гадаадын орнуудад туршлага судлах айчлал хийж байхад тухайн хотын удирдлагууд нь хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдээрээ гадны зочдод дурсгах үндэсний онцлог бүхий гар урлалын бүтээгдэхүүнийг захиалан хийлгэж зочдодоо дурсгадаг  жишиг байдаг юм билээ.
Энэ ажил нь нэгт төсвийн хөрөнгийг дотооддоо шингээдэг. Хоёрт нийгмийн эмзэг бүлгийн иргэдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлдэг, тэдний нийгмийн оролцоог нь дэмжсэн ажил болдог юм билээ.
Энэ жишгийн дагуу миний бие хөгжлийн бэрхшээлтэй гар урлал эрхэлдэг иргэд, аж ахуй нэгжүүдээр үндэсний онцлог бүхий гар урлалын бүтээлүүдийг захиалан хийлгүүлж худалдан авахыг хийхээр төлөвлөөд байна.  Мөн монгол үндэсний онцлогийг харуулсан гар урлалын бэлэг дурсгалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна.
-Гар урлалын бэлэг дурсгалын уралдааныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд зохион байгуулж байгаа юм байна. Оролцох иргэд маань ямар шаардлагыг хангасан бүтээлээр оролцох ёстой вэ?
Гар урлалын бүтээгдэхүүнийг нийслэлийн түүхэн ойн хүрээнд уригдан ирсэн гадаад дотоодын хүндтэй зочдод дурсгах зорилгоор үйлдвэрлүүлж байгаа. Нэгэн гадна дотны зочдод дурсгаж байгаа учраас дараах шалгууруудыг заавал хангасан байх ёстой.
1-т Нийслэлийн түүхэн замналыг харуулсан, шинэлэг, өвөрмөц шийдэлтэй, чанарын өндөр түвшинд хийгдсэн, хүний бие эрүүл мэндэд хоргүй материалаар хийгдсэн, элдэв хоргүй, амархан эвдэрч гэмтдэггүй байх гэсэн ISO 9001 чанарын стандартад нийцсэн байх хэрэгтэй.
2-т гар урлалын бэлэг дурсгалын бүтээгдэхүүн маань Монгол гаралтай байх ёстой. Тэр нь юу вэ гэхээр эсгий, ноос, арьс, шир, мод, төмөр, даавуу, шавар гэх мэт монголын уламжлалт технологиор хийсэн байвал давуу тал болно. Сүүлийн гадуур зарж байгаа гар урлалын бүтээлүүдийг харж байхад хятад улсад үйлдвэрлэв гэсэн шошготой байх нь маш элбэг байгаа. Мэдээж ийм зүйлийг бид бүхэн худалдаж авахгүй.
3-т Бэлэг дурсгалын бүтээгдэхүүн нь нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд
 гарсан албан ёсны лого, Монголд үйлдвэрлэв гэсэн шошго бүхий баглаа,
боодолтой байна. Логоны зургийг Улаанбаатар бизнес хөгжлийн төв дээр бүртгэл
эхлэхээр авч болно. Мөн facebook-ийн “гар урлалын бэлэг дурсгал” гэсэн хуудаснаас татаж авч болно.

4-т хэмжээний хувьд хэтэрхий том байх шаардлагагүй. 60х30х30 гэсэн хэмжээнд багтаж байвал зүгээр. Яагаад хэмжээ тавьсан бэ гэхээр гадны зочдод том овор хэмжээтэй бэлэг дурсгахаар тэрийг авч явах маш их хүндрэлтэй байдаг. Үнийн хувьд 1 ширхэг бүтээгдэхүүнийг бид бүхэн 20-30 төгрөгөнд багтаан хийлгэхээр төлөвлөөд байгаа. Үнэхээр өвөрмөц шийдэлтэй, үндэсний онцлогийг харуулсан бүтээл ирүүлэх юм бол 30-аас дээш үнэтэй бараа бүтээгдэхүүнийг ганц нэг ширхэгээр авч болох байх. Түүнээс биш олон тоогоор захиалахгүй. Урамлдаанд бүтээлээ ирүүлсэн бүтээлүүдийг тусгай комиссын баг гарган сонгон шалгаруулаад нэг төрлийн бүтээгдэхүүнээс хэдэн тоогоор захиалахаа  шийднэ.
5-т мэдээж хэрэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ ахуй амьдрал, амжиргааг дэмжих үүднээс заавал ийм хүмүүсээр хийлгээрэй гэсэн байгаа. Энэ чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бус байгууллага, хоршоо болоод нэгдчихсэн байдаг юм билээ. Тийм иргэд холбогдвол бүр ч сайн байна.
-Та сая үзэсгэлэн худалдааны үеэр гар урлалын бүтээгдэхүүний сонгон шалгаруулалтыг тусгай комисс хийнэ гэж хэлсэн. Үзэсгэлэн худалдаанд заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ёстой юу?
-Үзэсгэлэн худалдаанд заавал хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ёстой гэсэн шаардлага тавихгүй байгаа. Гар урлалын бэлэг дурсгалын зүйл, сувинер хийдэг хэн бүхэн оролцож болно. Үзэсгэлэн худалдаа маань энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд хотын захиргааны 4-р байр буюу хуучнаар  зоос гоёлын чанх урд байрлах Улаанбаатар хотын банкны үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэнд оролцох иргэдээс нэг ч төгрөгний хураамж авахгүй. Гурван өдрийн турш үнэ төлбөргүй танхимаар хангана. Харин үзэсгэлэнд оролцох сонирхолтой иргэд маань 8-р сарын 18, 19-ны өдрүүдэд Улаанбаатар бизнес хөгжлийн төвд ирж павилоноо заалгаж авах шаардлагатай гэдгийг анхааруулъя. Үзэсгэлэнгийн нээлт хийх гэж байхад би энд зогсоно, чи тэнд зогс гэж үймээд байж болохгүй учраас өмнөх хоёр өдөрт нь ирээд өөрсдийн зогсох газраа заалгаж аваарай.
Таны санаачлан хэрэгжүүлж байгаа энэ ажилд иргэд хэрхэн оролцож байна вэ? Иргэдэд хүргэх ажлыг хэр далайцтайгаар хийсэн бэ?
-Энэ ажлын талаар өмнө нь улс орон даяар өргөн нэвтрүүлгээ цацдаг хоёр телевизийн зочны цагаар орж танилцуулсан. Мөн 7 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт зохион байгуулж энэ ажлаа танилцуулсан.  Бид бүхэн наймдугаар сарын 11-нд баянзүрх дүүрэг, баянгол дүүрэг, чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзсан. 12-нд налайх дүүрэгт ажилласан, 13-нд Сүхбаатар дүүргийн иргэдтэй, 14-нд Сонгино хайрхан, 15-нд Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзалт хийсэн. Иргэд энэ ажилд маш их ам сайтай байгаа.
Яагаад гэхээр хөгжлийн бэрхшээлтэй тэр бүр ажилд орж чаддаггүй учраас ихэвчлэн хувиараа гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна лээ. Харамсалтай нь хийсэн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж зарж чаддаггүй нь тэдний гол бэрхшээл болж байгаа юм билээ. Энэ ажлыг сонсоод иргэд маш их баярласан. Биднийг төр засаг одоо л дэмжих нь гадаадын зочид төлөөлөгчдөд өгөх бэлгээ дандаа биднээс авдаг болох уу гэж асууж байна лээ. Би тийм болгохын тулд л энэ ажлыг санаачилж байгаа. Та нар идэвхтэй оролцоорой л гэж хэлсэн дээ.
Мөн энэ дашрамд энэхүү ажлыг маань идэвхитэйгээр дэмжиж ажилласан нийслэл болон 9 дүүргийн тамгын газрууд, тэдгээрийн хөдөлмөр, халамжийн газар, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүдэд баярлаж талархсанаа илэрхийлье.   
-Таны энэ ажил тань маш таатай сонсогдож байна л даа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ орлого, амжиргааг дээшлүүлсэн ажил болж байгаа юм байна. Мөн засаг төр хямралтай байгаа энэ үед улсын мөнгийг дотоодтоо шингээх зорилгыг хэрэгжүүлж байгаа юм байна. Харин энэ ажил тань цаашид үргэлжлэх үү? Нэг удаа л яваад өнгөрөх ажил уу?

Бид бүхэн энэ ажлыг нэг удаад яваад өнгөрчих ажил болгохгүйгээр цаашид тасралтгүй үргэлжлүүлэх бодлогыг барьж байгаа. Иргэдтэй уулзалт хийж байхад тэд ч бас ингэж хүсч байна лээ. Цэцэрлэгийн хүүхдүүдэд өмсүүлэх 2000 эсгий улавч хийлгэх гэтэл энэ ажлыг хийж хангах хүн олдоогүй. Тэгэхээр нь хятдаас худалдаад авчихлаа гэж төрийн байгууллагын хүн ярихыг сонсоод би их гайхсан бас урам хугарсан гэж Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй эгч уулзалтын үеэр ярьж байсан. Манай төрийн байгууллагууд гар урлал эрхэлж байгаа хүнд нь мэдээллээ хүргэдэггүй мөртлөө сүүлд өөрсдийн ажлаа хаацайлахын тулд бидэнд бараа нийлүүлэх хүн олдоогүй болохоор тэгчихсэн  гэж худлаа ярьдаг болсон байна лээ. Би энэ алдааг давтахгүйн тулд заавал дүүргүүдээр дамжуулж, хөдөлмөр халамжийн газраар нь дамжуулж тэнд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт нь хүрч ажиллахыг хүссэн. Нэгэнт бий болгосон бааз мэдээллээ нэгтгээд төрийн байгууллагуудын цааш цаашдын захиалгыг хангуулчих юмсан даа, энэ ажлыг тасралтгүй үргэжлүүлэх юмсан л гэж зорьж байгаа. Энэ ажил цаашид үргэлжилснээр иргэдийн орлого олох боломжийг нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа. Харин ингээд зохион байгуулж байгаа ажилд маань та бүхэн идэвхитэй оролцоорой л гэж чин сэтгэлээсээ хүсч байна. 

No comments:

Post a Comment