Thursday, October 9, 2014

Одоо ажиллаж байгаа ТҮЦ-нүүдийг 8 сарын 1-ээс ажиллуулахгүй

Өнөөдөр буюу 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанаар:
  1. Нийслэлийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд төлөөлөл хэрэгжүүлэх журам, Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн ажиллах журам, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай контракт байгуулах, дүгнэх журам, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулах контрактын үлгэрчилсэн загвар журмыг батлах тухай,
  2. Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам батлах тухай,
  3. Баримлуудыг шилжүүлэх тухай,
  4. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай,
  5. Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн 60 жилийн ойг тэмдэглэх тухай,
  6. Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх тухай асуудлуудыг хэлэлцлээ. Хуралд тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, С.Ононбаяр, А.Одгэрэл, Б.Төмөрчулуун, Саранчимэг, Д.Хүрэлбаатар, Д.Оросоо, Б.Отгонбаяр нар оролцов.
Эхэнд нийслэлийн өмчийн оролцоотой холбоотой журмын төслийг өмчийн харилцааны газрын дарга Б.Төмөрбаатар танилцуулав.
Б.Төмөрбаатар: “Нийслэлийн өмчийн талаар 2014-2020 онд баримтлах бодлогын баримт бичиг”-ийн 4.1.1 дэх “өмч, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөгдөж буй дүрэм, журам, эрхзүйн актуудыг холбогдох хууль, тогтоомжийн өөрчлөлтөд уялдуулан тухай бүр шинэчлэн боловсруулж, батлуулан мөрдөж ажиллана” гэсэн заалтын дагуу нийслэлийн өмчийн харилцаатай холбоотой журмуудын шинэчлэсэн төслийг боловсруулж, батлуулах ажлыг хийж байна. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/72 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс нийт 11 журмын төслийг боловсруулж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Зөвлөлийн гишүүдийн гаргасан тодорхой саналуудыг тусгаж, өөрчлөлт оруулан нийт 3 удаа хэлэлцүүлсэн ба Удирдлагын зөвлөлөөс 10 журмын төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барихаар шийдвэрлэсэн. Энэ удаагийн хурлаар хэлэлцэгдэх 4 журмын төсөл тус бүрийг товч танилцуулъя.
Нийслэлийн өмчийн оролцоотой хувь нийлуулсэн хуулийнэтгээдэд төлөөлөл хэрэгжуулэх журам
Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх ажлыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчит төсөвт байгууллага, үйлдвэрийн газар болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд нийслэлийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”-аар зохицуулж байна. Тус журамд нийслэлийн өмчийн төлөөлөгчийг “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтын тухай хууль”-д заасны дагуу томилох, нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөл, Хянан шалгах зөвлөл болон нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын Удирдах зөвлөл, Хувь нийлүүлэгчдийн хуралд нийслэлийн өмчийн төлөөллийг хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхой заасан. Гэтэл өнгөрсөн хугацаанд “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт орсон, Компанийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгууд батлагдсан, мөн тус журамд нэгэнт хуулиар зохицуулагдсан харилцааг тусгасан зэргээс шалтгаалан зайлшгүй өөрчлөлт хийх шаардлагатай болоод байна. Үүнээс гадна Удирдлагын зөвлөлийн хурал дээр гишүүдийн гаргасан саналыг судлан үзээд зөвхөн “Нийслэлийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн хуулийн этгээдэд төлөөлөл хэрэгжүүлэх журам” болгон өөрчилж, төслийг боловсрууллаа. Журмын төсөлд нийслэпийн өмчийн төлөөлөгчийг томилох, чөлөөлөх, төлөөлөгчийн хүлээх хариуцлага, хориглох зүйл, Хувь нийлүүлэгчдийн хурал, ТУЗ-д нийслэлийн өмчийн төлөөллийг ямар чиглэлээр хэрхэн хэрэгжүүлэх, нийслэлийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, хяналт шалгалт хийх, нийслэлийн өмчийн төлөөллийг шилжүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан. Журмын төсөлд орсон гол өөрчлөлтүүдийг дурдвал:
· Нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлд нийслэлийг төлөөлөн ажиллах гишүун нь “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасан, тодруулбал 1-рт тухайн хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвартай, 2-рт ТУЗ-ийн гишүүн байхад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй, 3-рт төрийн захиргааны албан хаагч этгээд байх,
 Нийслэлийн өмчийн төлөөлөгч нь ажлын тайлангаа хагас, бүтэн жилээр гаргаж Өмчийн харилцааны газарт ирүүлэх, тус газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тайлагнах,
 Нийслэлийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлыг томилох, өөрчлөх саналыг Өмчийн харилцааны газар боловсруулан Нийслэлийн Засаг даргад танилцуулж, ТУЗ-өөр нь хэлэлцүүлж шийдвэрлүүлэх, гүйцэтгэх захирал нь улирал бүр бизнес төлөвлөгөөний биелэлтээ ТУЗ-д ирүүлэх,
 Нийслэлийн өмчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш удаа хуралд оролцоогүй тохиолдолд тухайн төлөөлөгчийг өөрчлөх саналыг Өмчийн харилцааны газраас томилсон этгээдэд тавьж, шийдвэрлүүлэх,
Журмын төслийг товч тодорхой, хуулиар зохицуулсан асуудлуудыг давхардуулахгүй байх зарчмыг баримтлан боловсруулсан болно.
Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн Удирдах зөвлөлийн ажиллах журам
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудад үйл ажиллагаанд нь хяналт тавих, нийслэлийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Удирдах зөвлөлүүд ажиллаж байна. Эдгээр Удирдах зөвлөлийн хэрэгжүүлэх чиг үүрэг, Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгох үүднээс “Нийслэлийн өмчийн хуулийн этгээдийн Удирдах зөвлөлийн ажиллах журам”-ын төслийг боловсруулав. Журмын төсөлд Удирдах зөвлөлийн гишүүнээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон төрийн албан хаагчийг томилох, Удирдах зөвлөлийн хурлын зохион байгуулалт, хэлэлцэх асуудал, Удирдах зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын эрх, үүрэг, Удирдах зөвлөлийн гишүүний үйл ажиллагаанд хориглох зүйл, хүлээх хариуцлагын талаар нарийвлан тусгав. Тухайлбал Удирдах зөвлөлийн гишүүн нь тухайн хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагаатай ижил чиглэлийн бизнес эрхэлдэггүй байх, цалингаас өөр урамшуулал, хөнгөлөлт эдлэхгүй байх, тухайн хуулийн этгээдийг бараа ажил үйлчиЬгээ худалдан авахад нэгдмэл сонирхолтой этгээдийг санал болгохгүй байх заалтууд*орсон. Мөн Удирдах зөвлөл нь жил бүр тухайн хуулийн этгээдийн эд хөрөнгийн 6(адгалалт хамгаалалт, захиран зарцуулалтын байдал, ашигт ажиллагааны түвшинг сёйжруулах талаар зохион байгуулсан ажил, санхүүгийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар гаргасан үнэлэлт дүгнэлтээ Өмчийн харилцааны газар ирүүлэх, Өмчийн харилцааны газраас Удирдах зөвлөлийн төлөөлөл хэрэгжүүлсэн байдлыг дүгнэж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхаар тусгасан болно.
Нийслэлийн өмчит уйлдвэрийн газрын захиралтай Контрактбайгуулах. дугнэх журам, Контрактын улгэрчилсэн загвар
Нийслэлийн Засаг даргын 2006 оны ”Журам, гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай” 61 дүгээр захирамжаар батлагдсан журамд нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай байгуулсан Контрактыг “хангалттай”, “хангалтгүй” гэсэн 2 үнэлгээгээр дүгнэж, хуулийн этгээдийн эд хөрөнгийг захиралд балансын дүнгээр хүлээлгэн өгөхөөр заасан байдаг. “Нийслэлийн өмчийн талаар 2014-2020 онд баримтлах бодлогын баримт бичиг”-ийн 4 дүгээр зүйлийн 4.4.2 дах “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудад удирдлагын чадварлаг баг бүрдүүлэх, контрактаар хүлээсэн үүрэг, бизнөс төлөвлөгөөний биөлэлттэй уялдуулан хариуцлагыг тухай бүрт нь тооцдог тогтолцоог бий болгоно” гэсэн заалтыг үндэс болгон журам, гэрээний төслийг боловсрууллаа.
Журмын төсөлд доорхи чиглэл бүхий нэмэлт өөрчлөлтүүд орсон:
 Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захиралтай Нийслэлийн Засаг дарга Контракт байгуулах, тухайн хуулийн этгээдийн балансад бүртгэлтэй эд хөрөнгийг 7 нэр төрлөөр ангилан актаар хүлээлгэж өгөх,
 Контрактын биелэлтийг дүгнэх багц шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлов. Тодруулбал Контракт дүгнэх комиссын гишүүн бүр нийт авбал зохих 100 онооны 70 оноог зорилтот түвшний биелэлттэй, 30 оноог харъяалах дээд байгууллагаас өгсөн үнэлгээтэй холбон үнэлгээ өгөх,
 Гишүүдийн өгсөн үнэлгээний дунджаар “Бүрэн хангалттай”, “Хангалттай”, “Ажил сайжруулах”, “Хангалтгүй” гэсэн 4 төрлөөр дүгнэх,
 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга, түүний орлогчид, Захирагчийн Ажлын алба, Ерөнхий менежер, харъяа агентлагууд өөрийн хариуцсан чиглэлийн нийслэлийн өмчит хуулийн этгээдийн тухайн жилийн ажлын талаар дүгнэлт гаргаж, санал дүгнэлтээ Өмчийн харилцааны газарт дараа оны 1 дүгээр сард багтаан ирүүлэх,
 Урамшууллыг валютын ханш, үнэ тарифын өөрчлөлтөөс олсон ашгийг хассан цэвэр ашгаас тооцох, үйл ажиллагаанаасаа ашигтай боловч валютын ханш, үнийн өсөлтийн зөрүүгээс алдагдалтай ажилласан тохиолдолд урамшуулал олгох, төсвийн төлбөргүй, ажиллавал зохих хугацааны 85 хувиас доошгүй ажилласан захиралд урамшууллыг бүрэн олгох, мөн урамшууллын хэмжээг бууруулах буюу хасах нөхцлүүдийг дэлгэрэнгүй туегасан.
Нийслэлийн өмчийг эзэмшуулэх гэрээ байгуулах, гэрээнийбиелэлтийг дугнэх журам, гэрээний улгэрчилсэн загвар
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 61 дүгээр захирамжийн хавсралтаар зөвхөн “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний үлгэрчилсэн загварыг баталсан байдаг. Иймээс “Нийслэлийн өмчийн талаар 2014-2020 онд баримтлах бодлогын баримт бичиг”-ийн 4 дүгээр зүйлийн 4.5.1 дэх “нийслэлийн төсөвт байгууллагын хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх үүднээс төсвийн хөрөнгийг зориулалтаар нь зарцуулсан байдалд хяналт тавьж, нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлнэ”, 4.5.2 дах “Нийслэлийн төсөвт байгууллагуудын үл хөдлөх хөрөнгө, түүний эзэмшил газрыг баталгаажуулж, бүрэн бүтэн байдалд хяналт тавина” гэсэн заалтуудыг үндэслэн журмын төслийг боловсрууллаа.
Төсөлд гэрээний биелэлтээ дүгнүүлэхийн тулд тухайн байгууллагын зүгээс ямар бичиг баримтыг бүрдүүлэх, түүнийг үндэслэн биелэлтийг хэрхэн тооцох аргачлал, ямар үнэлгээ өгөх, хэрхэн урамшуулах, хариуцлага тооцох тухай заалтуудыг дэлгэрэнгүй тусгаж оруулсан болно.
Гэрээний төсөлд өмнө нь байгаагүй “Байгууллагын удирдлагын мэдээлэл”, “Биет бус хөрөнгө”, тухайн жилийн “Үндсэн хөрөнгийн хөдлөл, өөрчлөлтийн тайлан” гэсэн хавсралтуудыг, эдэлбэр газрын бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах талаар заалтуудыг нэмж оруулсан. Мөн “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх “Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно” гэсэн заалтыг оруулсан болно. Тогтоолын төслийг баталж өгнө үү гэв.
Уг журмуудын талаар төлөөлөгчид асуулт асуусны дараа намын бүлгүүдээс ирүүлсэн саналуудыг оруулж баталлаа.
Хэлэлцэх дарааллын хоёрт байсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам батлах тухай” асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, захирагчийн ажлын албаны хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа нар танилцуулав.
Одоогийн байдлаар нийслэл хотод зөвшөөрөлтэй 406 ТҮЦ /Түргэн үйлчилгээний цэг/ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд зөвшөөрөлгүй ТҮЦ ч гэсэн маш олон байдаг аж. Иймд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас ТҮЦ-нүүдийг цэгцлэх журмын төслийг өргөн мэдүүлсэн юм.
Шинэ журмаар одоо үйл ажиллагаа явуулж байгаа бүх ТҮЦ-нүүдийг актлах бөгөөд Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газраас баталсан загвартай 10-аас доошгүй метр квадрат талбайтай, дотроо 00-ийн өрөөтэй, халаалтын асуудлыг 100 хувь цахилгаанаар шийдсэн, галын аюулын иж бүрэн тоноглол, гадна болон камертай, цайны печень, ууттай чихэр, кофе зэрэг цөөн хэдхэн нэр төрлийн барааг л зарах ёстой ТҮЦ-нүүдийг бий болгохоор журамласан байсныг тэргүүлэгчид нэлээн их шүүмжилж байв. Тухайлбал улсын эдийн засаг хүндэрчихсэн иргэдийн гар дээрх орлого эрс буурч, худалдан авах чадвар нь мэдэгдэхүйц буурчихсан байгаа энэ цаг үед өөрсдийгөө арай ядан авч яваа хэдэн ТҮЦ эрхлэгчдийг өндөр өртөгтэй шинэ загвараар хангах хэрэгцээ тийм их байгаа юм уу. Өнгөрсөн жил загвар ТҮЦ хийж байна хэмээн 1 бүр нь 20 орчим сая төгрөгний өртөгтэй түцийг иргэдийг шахаж луйвардсан хэрэг гарч байсан. Тэр шуугиан дуусаагүй байхад одоо нийслэл өөр дээрээ баахан хэл ам цуглуулах шаардлага байгаа гэж үү. Байгаа мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийгээд шинэ ТҮЦ барихтай нь зэрэг 1 жил ч бололгүйгээр нураана хураана гээд иргэдийг дарамтлаад байх юм биш биз дээ. Ийм цөөхөн нэр төрлийн бараа заруулна гэж юугаа яриад оруулаад ирсэн Юм. Иргэд бид ч гэсэн ТҮЦ-ээр үйлчлүүлдэг. ТҮЦ-нээс өглөө аяга кофе, хачиртай талх аваад идчихэж болохгүй болж байна гэхчилэнгээр баахан шүүмжилсэн юм.
Шинээр баталсан журмаар ТҮЦ-нүүд 10-аас доошгүй метр квадрат талбайтай, дотроо 00-ийн өрөөтэй, халаалтын асуудлыг 100 хувь цахилгаанаар шийдсэн, галын аюулын иж бүрэн тоноглол, гадна болон камертай байх ёстой бөгөөд өөрийнхөө орчин тойрны 5 метрийн радиус бүхий талбайг цэвэрлэж шүүрдэх, цэцэг тарих зэргээр тохижуулах шаардлагатай болсон бөгөөд хууүлиар хориглосноос бусад бүх бараа үйлчилгээг зарж борлуулж, үйлчлэх ёстой болж байна. Шинэ журам энэ оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.
Хэлэлцэх асуудлын 3-рт Жуулчны гудамж буюу бидний нэрлэж заншсанаар Урт цагааны урд талын талбайг авто зам болгон өөрчилж байгаатай холбогдуулан уг гудамжинд байгаа 10 хөшөө баримлыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Анар танилцууллаа. Уг асуудлыг төлөөлөгчид авч хэлэлцээд уг хөшөө нь ЧД-ийн өмч юм байна. Хоёрт хөшөөг анх барьж байгуулах шидвэрийг ЧД-ийн ИТХ-аас гаргаж байсан юм байна. Уг асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчид шууд хэлэлцэн шийдвэрлэх нь хууль зөрчсөн үйлдэл болох магадлалтай тул энэ асуудлыг дахин сайтар судалж үзээд оруулж ир хэмээн буцаалаа.
Эцэст нь Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн 50 жилийн ойг тэмдэглэх асуудал, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 60 жилийн ойг тэмлэглэх тухай, Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн 50 жилийн ойг тэмдэглэх асуудлуудыг хэлэлцэн баталснаар хуралдаан өндөрлөлөө.
Энэ сарын 9-нд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус хуралдааныг хийсэн, мөн НИТХ-аар яаралтай хэлэлцэх асуудал орж ирээгүй учраас энэ сард нэгдсэн хуралдаан болохгүй юм байна.

No comments:

Post a Comment