Thursday, October 9, 2014

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ /2013-12-13/

Өнөөдөр буюу 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан 10 цагаас эхэллээ. Хуралдааныг НИТХ-ын дарга Д.Баттулга даргалж, тэргүүлэгч С.Ононбаяр, Д.Оросоо, Р.Дагва, Д.Хүрэлбаатар, Ш.Одгэрэл, Отгонбаяр нар болон НЗД-ын орлогч Н.Батаа, Н.Гантөмөр, НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд, зохион байгуулалтын хэлтсийн дарга Халтар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд оролцож байна. Тус хуралдаанаар:
1. Монголын Хүүхдийн ордны дүрэм батлах тухай
2. Хөрөнгө шилжүүлж авах тухай /барилгуудын шугам сүлжээ, тоног төхөөрөмж/
3. Хөрөнгө бүртгэн авах тухай /1-р амаржих газрын шинэ барилга/
4. Хөрөнгө бүртгэлээс хасах тухай /БЗД-ийн 64-р цэцэрлэгийн барилга/
5. Дэд хөтөлбөр батлах тухай /Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, сангийн журам батлах тухай/
6. Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2012 оны санхүүгийн зарим үйл ажиллагаанд хийсэн эрсдэлийн аудитын тайлан
7. Иргэдийг үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд гишүүнээр томилох тухай
8. “Эртний сайхан чуулга”-ын үйл ажиллагааг дэмжих тухай
9. Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай /”Хан-Уул дүүргийн Хүүхдийн клиник сувилал дөрөв”-ийн 80 жилийн ой/
10. Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай /СХД-ийн 55-р цэцэрлэгийн 50 жилийн ой/
11. Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай /Нийслэлийн төр захиргааны авто баазын 40 жилийн ой/ зэрэг асуудлуудыг хэлэлцэж тогтоол гаргах юм байна.
Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Монголын хүүхдийн ордны дүрмийг батлах асуудлыг НЗД-ын орлогч Н.Батаа танилцуулав. Гэвч тэргүүлэгчид дүрмийг оруулж ирэхдээ хөнгөн хуумгай, олон асуудалтай бүрэн бус материал оруулж ирсэн байна хэмээн буцаасан юм.
Үүний дараа барилгын шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг нийслэлийн өмчөөр бүртгэн авч, БЗД-ийн 64-р цэцэрлэгийн барилгыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2007 оны 05-157/4138 тоот, 2010 оны 07-208/1812 тоот дүгнэлт, 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-07-79/132 тоот актаар цэцэрлэгийн ашиглалтыг бүрмөсөн зогсоохыг тогтоосон мөн шинэ барилга нь хүүхдийн тоглоомын талбайд баригдсанаас хүүхэд тоглох талбайгүй болсон ба хуучин шинэ барилга нь хоорондоо 5 метрийн зайтай байрлаж байгаа зэргийг харгалзан үзэж нийслэлийн өмчөөс хасах тогтоолыг баталлаа.
Түүнчлэн клиникын 1-р амаржих газрыг нийслэлийн өмчөөр бүртгэн авах тогтоолыг баталж, нийслэлийн өмчөөр бүртгэлээ. “Бороо гоулд” ХХК-иас Монголын ард түмэнд бэлэг болгож өөрийн хөрөнгөөр 150 хүний ор бүхий шинэ төрөх газрыг барих гэрээг эрүүл мэндийн яамтай 2011 онд байгуулж барилгын ажлыг эхлүүлжээ. Ингээд барилга байгууламжийг ашиглалтанд оруулах Улсын комисс 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр ажиллаж, барилгыг байнгын ашиглалтанд хүлээн авах нь зүйтэй гэж үзсэний дагуу 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж. Өнөөдрийн байдлаар барилгын 5 давхарт орчин үеийн вакуум хагалгааны 1, энгийн хагалгааны 2 өрөөтэй, 3, 4 дүгээр давхруудад 100 ортой эмэгтэйчүүд, 50 ортой нярайн эмчилгээний хэсэгтэй, 2 дугаар давхарт параклиник, ариутгал, эмийн сан, хурлын заал, сургалтын танхимууд, 1 дүгээр давхарт амбулатори, хүлээн авах, зоорийн давхарт ажилчдын цайны газар, хувцас солих өрөөнүүд, угаалга, дезкамер гэх мэт зохион байгуулалттайгаар ажиллаж байгаа аж. Төрөх эмнэлэг нэн шаардлагатай байгаа энэ үед нийслэл хот маань орчин үеийн бүхий л тоноглолоор хангагдсан шинэ төрөх газартай боллоо.
Тэргүүлэгчдийн хурлаар хамгийн их хэл ам таталсан асуудал нь Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, сангийн журам батлах тухай асуудал байв.
Нийслэлийн засаг даргын зам тээврийн асуудал эрхэлсэн орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээ нь нийгмийн захиалгат үйлчилгээ тул уг салбарын үйл ажиллагаанд төрөөс оролцож үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад тодорхой дэмжлэг үзүүлж нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслийг үйлчилгээнд нэвтрүүлэх, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжин ажиллах замаар нийслэлийн иргэдэд үзүүлэх нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж байх шаардлагатай байна.
Нийтийн тээврийн үйлчилгээнд 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 автобус нийлүүлэгдсэнээс өөр томоохон хөрөнгө оруулалт одоогоор хийгдээгүй байна. Дээрх 400 автобусны өмчлөлийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй, төлбөрийг эргэн төвлөрүүлж, төвлөрсөн хөрөнгөөр парк шинэчилж байх зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан”-г байгуулсан хэдий ч уг сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох заалттай зөрчилдөж, захиран зарцуулах байдал тодорхойгүй болсон. Дээрх шалтгаануудын улмаас автобус авсан аж ахуйн нэгж, байгууллагуудын эргэн төвлөрүүлэх төлбөр сүүлийн 2 жилд зогсонги байдалд ороод байна. Сан нь нийслэлийн дэргэд байгаа хэдий ч нийслэлээс захиран зарцуулах эрхзүйн зохицуулалтгүй сан болсон.
Иймд орон нутгийн төсвийн хөрөнгө, аж ахуйн нэгж, байгууллагуудаас эргэн төлөлтөнд төвлөрүүлэх хөрөнгө, бусад буцалтгүй тусламж, дэмжлэг хандив зэрэг эх үүсвэрүүдээс бүрдэх санг байгуулан орон нутагтаа бие даан захиран зарцуулж байх шаардлагатай байна. Санг байгуулах дараах хууль эрхзүйн үндэслэл байна. Үүнд:
1/ Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.4 дэх хэсэгт тусгай сан нь Засгийн газрын тусгай сан, орон нутгийн тусгай сан гэсэн төрөлтэй байна, орон нутгийн тусгай санг байгуулах, түүний үйл ажиллагааны зарчим, хэрэгжүүлэх чиг үүрэг, уг сангийн орлого, түүний зарцуулалтын талаарх харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан байна.
2/ Түүнчлэн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.11-д нийслэл өөрийн төсвөөр бие даан хэрэгжүүлэх чиг үүрэгт “Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл орон нутгийн тусгай сан байгуулах замаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдэдэд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ байгуулжпарк шинэчлэлтийг хийснээр стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр нийслэлийн иргэд аюул, осолгүй тээврийн үйлчилгээг хүртээх юм.
3. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн нийслэлийг хөгжүүлэх зориулалтаар дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос бүрдсэн сан байж болох бөгөөд сангийн хөрөнгийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч захиран зарцуулж, гүйцэтгэлийн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүр тавина гэж заасан.
4/ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Нийслэлийн 2013 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 11/41 дүгээр тогтоолын 3.3.68-д Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх, парк шинэчлэх сан байгуулахад 20,0 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсвөөс 2013 оны төсвийн жилд зарцуулах эрхийг төсвийн ерөнхийлөн захирагчид олгосон.
Дээрх хууль, тогтоомжийн хүрээнд журмын төсөл боловсруулан дараах асуудлуудыг тусгасан. Үүнд;
1/ Сангийн удирдах дээд байгууллага нь сангийн зөвлөл байх ба зөвлөлийн дарга нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч байхаар тусгасан.
2/ Зөвлөлийн нарийн бичгийн дарга болон гишүүдийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Тээврийн газрын холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн есөөс доошгүй гишүүнтэй байхаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас батлахаар;
3/ Сангийн хөрөнгөнөөс хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэх болон бусад арга хэмжээг санхүүжүүлэх асуудлыг зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргаж байхаар;
4/ Сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зориулалтын дагуу захиран зарцуулах, тайлагнах, санхүүжилтийн байдал болон сангийн бусад үйл ажиллагаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хяналт тавьж, ажиллахаар;
5Сангийн хөрөнгө нь Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх, нийтийн тээврийн салбарын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад эд хөрөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэйгэрээгээр нийслэлийн тээврийн парк шинэчлэлтийг хийх зэрэг харилцааг тусгах болно.
Мөн эргэн төлөгдөх нөхцөлтэй нийтийн тээврийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах үндсэн шаардлагуудыг журмын төсөлдаар тусгасан.
7/ Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх, аж ахуйн нэгж, байгууллагууд нь гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлаас бусад тохиолдолд эзэмшиж буй өмч, хөрөнгийн эргэн төлөх төлбөрийг тогтоосон хугацаанд санд төлөх бөгөөд хугацаанд нь төвлөрүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагуудад оногдуулах хариуцлагыг тусган оруулсан болно.
8/ Түүнчлэн “Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн сан”-гийн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй зохион байгуулах зорилгоор “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэлхөгжүүлэх дэд хөтөлбөр” боловсруулсан.
Дээрх хууль тогтоомжинд нийцүүлэн “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сан”-гийн журам болон “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэлхөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн төслийг танилцуулж байна.” Дэмжин батлаж өгнө үү гэсний дараагаас тэргүүлэгчид асуулт асууж хариулт авлаа.
Тэргүүлэгч Ш.Одгэрэл: Он гарах дөхчихсөн хугацаа тулсан энэ үед сан байгуулах журмын төслийг оруулж ирлээ. Ингэхэд хэн энэ дансыг хариуцаж байгуулаад сангийн үйл ажиллагааг удирдах юм бэ?
-Орлогч Н.Гантөмөр: 2014-01-01-ээс нийтийн тээврийн хэрэгсэл гаалийн татвараас чөлөөлөгдөж байгаа. Энэ сангаа эртхэн байгуулчихвал он гарснаас хойш нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлыг хурдан хийгээд эхэлнэ. Ажил шуурхайлах юм аа. 12 дугаар сарын 15-ний дотор сангаа байгуулж амжвал мөнгөө байршуулаад үйл ажиллагааг эхлүүлнэ.
Тэргүүлэгч Отгонбаяр: урьд нь 400 автобусыг засгийн газрын хөрөнгөөр авсан гэсэн байна. Энэ мөнгөний эргэн төлөлт ямар хувьтай байгаа вэ? Энэ санг байгуулснаар автобус компаниудад зээл олгоод эхлэх юм байна. Тэрхүү зээлийн эргэн төлөлтийг хэн хариуцах вэ?
Орлогч Н.Гантөмөр: 400 автобусыг 2009 онд оруулж ирээд аж ахуй нэгжүүдэд хувааж өгсөн байсан. Манай дансанд 4,2 тэрбум төгрөгийн зээлийн төлөлт хуримтлагдсан бусад нь улсын дансанд орсон. Зээлийн эргэн төлөлт муу байсан учраас бид бүхэн тухайн аж ахуй нэгжийг шүүхэд өгсөн боловч шүүхээс энэ асуудлыг шүүхэд өгөх субект нь танайх биш өмчийн харилцааны газар мөн гэсэн шийдвэр гарсан. Тйимээс өмчийн харилцааны газар шүүхэд өгч эргэн төлөлтийн асуудлыг шийдвэрлэх байхаа. Манайхаас зээлийн үлдэгдэл 32 тэрбумыг эргэн төлүүлж нийслэлийн өмчөөр бүртгэх асуудлаар засгийн газартай ярьж байгаа.
Тэргүүлэгч С.Ононбаяр: Миний хувьд энэ санг байгуулах асуудлыг маш их дэмжиж байгаа. Яагаад гэхээр би өөрөө нийтийн тээврээр байнга үйлчлүүлдэг үйлчлүүлэгч байгаа юм аа. Нийтийн тээврийн санг байгуулж парк шинэчлэл хийх автобусныхаа үйлчилгээг сайжруулах гэж байгаа нь цаг үеэ олсон зөв асуудал гэж би харж байгаа. Надад бол энэ талаар асуух хэд хэдэн асуулт байна. Нийтийн тээврийн газрын дарга Энхбатаас асууя. Та өөрөө нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж үзсэн үү? Нийтийн тээвэр маань өөрөө иргэдэд зүй зохистойгоор аюулгүй үйлчлэх хамгийн гол салбарын нэг гэж би ойлгодог. Харин энэ асуудал ямархуу байгаа вэ гэдгийг таны хариултаас мэдье. Хоёрт өнөөдрийн байдлаар нийслэлд улсын болон хувийн өмчийн яг хэдэн автобус үйлчилж байгаа вэ? Парк шинэчлэлийн хүрээнд 2013-2017 оны хооронд жил бүр 180 автобусыг хасах юм байна. Бид бүхэн жилд 150-200 автобусыг яг авч чадах уу? Энэнд нэг баталгаатай хариулт өгөөч ээ. Нийслэлийн нийтийн тээвэр өнөөдөр үнэхээр хүнд байдалтай байгаа ш дээ. Та нар бидэнд өгсөн материалдаа нийслэлийн хүн амын 60 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг эгсэн байна. Энэ баталгаатай тоо мөн үү? Энэ жил 20 тэрбум төгрөгөөр автобус худалдаж авна гэсэн байна. Энэ их мөнгийг гадагш нь шууд урсгачихмааргүй байна. Монголчууд маань өөрсдөө чанартай сайхан троллеэйбусыг үйлдвэрлэдэг болчихсон ш дээ. Энэнд хөрөнгө оруулаач ээ. Ингэснээр иргэд маань хямд төсөр буюу 200 төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой болно. Би ч гэсэн 200 төгрөгөөр тролллейбусаар үйлчлүүлдэг. Мөн агаарын бохирдол буурна. Энийг судалж үзсэн үү? Мөн та нар 50 ширхэг залгаа автобус оруулж ирнэ гэсэн байна. Уул нь зарчмын хувьд дэмжчихмээр л асуудал байна. Гэхдээ залгаа автобус чинь улаанбаатарын замд саадгүй үйлчилж чадах уу. Та нар автобусныхаа буудлуудыг харсан байх 5 автобус зэрэг орж ирэхээр л дахиж юу ч орохооргүй дүүрчихдэг ш дээ. Гэтэл залгаа автобусыг оруулад ирэхээр гацаж түгжрээд болохоо байх юм биш биз. Харин үүнийхээ оронд тэр давхар автобусыг оруулж ирэх арга байхгүй юм уу. Өнөөдөр нийтийн тээврийн хэрэгсэлд автобусанд орчихоор буух аргагүй болтол чихдэг ш дээ. Давхар автобусыг оруулаад ирэхээр энэ асуудал цэгцрэх юм биш үү. Хувийн хэвшлээ дэмжээд улсаас зээлээр маш олон аьтобус авч өгсөн байна. Гэвч эргэн төлөлт удаан муу байгаа нь бас хүнд асуудал байна. Автобаазаа шинэчлүүлчихсэн мөртлөө хувийн хэвшлийнхэн жил бүр нийслэлээс асар их татаас авдаг шүү. Дараагийн нэг асуудал нь 2018 он гэхэд улаанбаатар хот метротой болчихно гээл ярьж байсан одоо чимээгүй болчихлоо. Метроны асуудал чимээгүй болж байгаа бол автобусанд мөнгө сайн хая. Харин баригдах нь үнэн юм бол автобусандаа хамаагүй их мөнгө хаяж болохгүй ээ. Мөн зүүн хязгаараас баруун хязгаар хүрсэн чиглэлийнхээ маршрутыг сайжруулаарай.
Орлогч Н.Гантөмөр: С.Ононбаяр тэргүүлэгчийн асуултанд тодорхой тодорхой хариулаад явчихъя.
Хурлын дарга Д.Баттулга: Алив Энхбатаа чи хариулаадах даа. Чи нийтийн тээврээр явдаг уу?
Энхбат: энэ ажлыг авснаасаа хойш тодорхой чиглэлүүдээр явсан. Өдөр болгон бол үйлчлүүлдэггүй. Ажлын шугамаар хяналт тавих зорилгоор бол явсан.
Орлогч Н.Гантөмөр: дэд хөтөлбөр батлагдаж байгаатай холбоотойгоор маршрутыг өөрчлөх асуудлыг сайжруулна. Бид холбогдох хүмүүст даалгавар өгсөн. Автобус нэгд дулаанхан байх ёстой. Хоёрт цонх нь цантсанаас үүдэн хүмүүс буудлаа андуурч буух тохиолдол их байгаа тул вакум цонхтой байлгах асуудлыг тавьж шийдүүлж байгаа. Залгаа автобус маань ви ар ти буюу тусгайлсан зам дээр явахад их тохиромжтой л доо. Хүмүүсийг маш олноор нь тээвэрлэх хүчин чадалтай. Ар араасаа 2-5 минутын зайтайгаар цуваад явах боломжтойгоор зохицуулна. Монголын нөхцөлд бол тохирно. Троллейбуст бүх хөрөнгөө бол оруулах боломжгүй гэхдээ тодорхой хэмжээний парк шинэчлэлтийг бол хийнэ. Цаашдаа энэ сан маань аятайхан үйл ажиллагаатайгаар яваад эхэлбэл хуучин байсан одоо байхгүй болсон. Долоон буудлаас нисэх явах чиглэлийг хийхээр ярьж байгаа.
Тэргүүлэгч Р.Дагва: Нийтийн тээврийн сан маань яаж хөрөнгөө бүрдүүлэх вэ? Санхүүжилтийн эх үүсвэрт эргэн төлөгдөх төлбөр байна гэчихсэн байна. Энийг тайлбарлаад өгөөч. Улсаас хөрөнгө оруулсныг нь аж ахуй нэгж аваад эргэн төлөхийг хэлээд байна уу? Эсвэл аж ахуй нэгж хөрөнгө оруулчихаад тэр хөрөнгөө улсаас буцааж авахыг хэлээд байна уу?
Орлогч Н.Гантөмөр: эргэн төлөгдөх нөхцөл гэдэгт төрөөс гаргасан бүх мөнгөө аж ахуй нэгжүүдээс эргүүлэн авахыг хэлж байгаа юм.
Дарга Д.Баттулга: хоёр зүйл асуучихъя. Сан байгуулах гээд байдаг. Автобуснууд авах гээд байдаг. Үнэ тарифаа цаашид яах юм. Хоёрт нийтийн тээврийн хэрэгслийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр гэсэн юм оруулаад ирж. Энийг бодлогын бичиг баримт гэж ойлгох болох уу?
Орлогч Н.Гантөмөр: энэ бодлогын бичиг баримт мөн. Ер нь бол засгийн газар өөрийн мөрийн хөтөлбөртэй нийслэл маань дэд хөтөлбөртэй байх нь зөв гэдгийг ярьж байгаа. Тариф нь бол харин хоёр янз байна. Чанарын шаардлага хангасан автобусаар үйлчлээд эхэлбэл ханшийн хувьд цаахан өндөр болно. Жижиг бага оврын автобус аваад эхэлбэл үнэ тариф жаахан багасна. Тухайн үеийнхээ үнэ ханшид нийцүүлж үнийн бодлогоо баримтлана.
Дарга Д.Баттулга: гантөмөрөө чи өөр юм яриад байна. 400 автобусны төлбөр төлөгдөхгүй байгаа хамгийн гол шалтгаан бол автобусны үнийг 200, 400 төгрөг гэж бариад байгаа явдал мөн биз дээ. Тиймээс цаашид 20 тэрбумын хөрөнгө оруулаад ирэхээр зорчигдын төлбөр хөлсийг хэд болгох бодлогыг та нар барих юм бэ?
Орлогч Н.Гантөмөр: Үнэ ханшийн хувьд бол засгийн газартай ярилцаж шийднэ. Үнийн асуудалд маш болгоомжтой хандахгүй бол болохгүй. Тийм учраас улсаас автобус компаниудад нөхөн олговор өгч байгаа.
Дарга Д.Баттулга: үнэ тарифын асуудлаар тодорхой бодлого байхгүй юу Энхбатаа?
Энхбат: өнгөрсөн хавраас эхлэн бага дунд оврийн автобуснууд, таксинууд үнэ тарифиндаа өөрчлөлт оруулахгүй болохгүй байна гэж ярих болсон. Бидний хийсэн судалгаагаар автобуснууд нэг зорчигчийг 560 орчим төгрөгөөр тээж байгаа нь тогтоогдсон. Сүүлийн үед долларын ханшны зөрүү гарснаас үүдэн шатахуун сэлбэгний үнэ өсч байгаа...
Дарга Д.Баттулга: Би та нарыг зовлон тооч гээгүй. Цаашдаа ямар бодлого баримтлахыг чинь л асуусан юм. Цаашид энэ чигээр нь барьсаар байх уу өсгөөд явах юм уу?
Энхбат: Засаг даргатай энэ асуудлаар ярьсан. Үнээ цаашид энэ хэвээр нь барина. Харин зөрүүг нь татаас хэлбэрээр нийтийн тээврийн компаниудад олгоно гэж.
Дарга Д.Баттулга: асуулт дууслаа саналдаа орцгооё.
Тэргүүлэгч Ш.Одгэрэл: хувийн хэвшлийн байгууллага НӨҮГ-уудаа жигдхэн дэмжээд аваад явж байж менежмент сайжирна. Жил бүр нийслэлийн төсвөөс сандаа хэдэн төгрөг төвлөрүүлбэл амжилт олох юм байна. 22-оос баянзүрхийн товчоо хүртэл 400 төгрөгөөр зорчдог атлаа. Хотын төвөөс хороолол хүрэхэд 400 өгч байгаа нь шударга биш ээ. Тиймээс бүсүүдэд хувааж төлбөрийг ангилвал зүгээр гэж бодож байна.
Тэргүүлэгч Отгонбаяр: журамыг харж байхад нэлээн учир дутагталтай байна. Тухайлбал 5-р бүлэгт мэргэжлийн инженер техникийн ажилтай л бол шууд зээл олгоно гэсэн байна. Санхүүгийн чадавхитай байна гэчихсэн мөртлөө яаж тогтоохыг нь тусгаагүй байна. Энэ журмын хүрээнд аж ахуй нэгжид зээл олгох гэж байгаа л юм бол шаардлагаа өндөр тавь. Урьд нь засгийн газраас асар их хөрөнгийн зээл өгөхөд эргэн төлөлт нь байхгүй учир дутагдалтай байна. Тйимээс зээл өгөх гэж л байгаа юм бол банк санхүүгийн газраар дамжуулж зээлээ өг. Тэгж байж л эргэн төлөлт сайтай хариуцлага өндөртэй байна. Тэр зээл өгвөл тэрийг хэн ч харицахгүй, хариуцлага хүлээхгүй явсаар байгаад улс төржөөд сүүлдээ асар их хөрөнгө үрэн таран болдог шүү.
Тэргүүлэгч С.Ононбаяр: агаарын бохирдлын асуудал хурц байгаа энэ үед гаднаас оруулж тирж байгаа автобусаа шингэрүүлсэн түлшээр явуулдаг байгаач гэсэн саналыг оруулж байна. Бас троллейбуссаа дэмжээрэй гэж хэлмээр байна. 2020 он гэхэд метротой болчих юм шиг ярих мөртлөө автобусанд их мөнгө үрэх гээд байна шүү. Хэрвээ метро ашиглалтандл орчихвол баахан мөнгө үрсэн автобус чинь хэрэггүй болчих вий дээ.
Дарга Д.Баттулга: За би төлөөлөгчийнхөө хувьд ганц хоёрхон юм хэлье. Би ойлгохдоо 2020 он хүртэлх төлөвлөгөө юм байх гэтэл бодлогын бичиг баримт гэдэг нэртэй орж ирсэн байх юм. Энхбат даргаас асуусан чинь өнгөрсөн 5-р сараас аваад л бэлтгэж ирсэн гэж байна зөв үү.
Энхбат: Зөв.
Дарга Д.Баттулга: Энэ төсөл дээр та нараас яг хэн нь суусан юм? Хэн толгойлосон бэ? Цаана сууж байгаа хуулийн зөвлөх үү? Наана сууж байгаа орлогч дарга нь уу?
Энхбат: Манай байгууллагын бүх хэлтсүүд оролцсон.
Дарга Д.Баттулга: тэгвэл чиний удирдаж байгаа байгууллага юм хийж чаддаггүй л юм байна ш дээ. Ийм дампуу юм оруулж ирдэг. 7 сар суусан бодлогын бичиг баримтаа хар. Эсвэл чи удирдаж чадахгүй байна. Эсвэл танай ажилтнууд юу ч хийж чаддаггүй юм байна. Би ийм дампуу хөтөлбөр ерөөсөө харж байгаагүй. Энд чинь маршрутын менежментийн тухай нэг ч үг алга, нийтийн тээврийн хэрэгсэлд тавих тодорхой шаардлага стандартын талаар нэг ч үг алга, үнэ тарифын талаар баримтлах бодлогын нэгч үг алга, таксиний тухай нэг ч юм алга, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах бодлого юу ч алга, 7 хоног бүр яригдаад байгаа БиАрТи-гийн талаар нэг ч үг алга тэгээд энийгээ бодлогын бичиг баримт гээд байгаа юм даа.
Энхбат: тулгаа даргаа ганц тайлбар хийчихий. Уул нь бодлогын бичиг баримт гээд хуруу зузаан цаас байгаа. Гэхдээ энийгээ шахаад 5 хуудаст багтаагаад ир гэсэн үүрэг өгсөн болохоор л ингэсэн.
Дарга Д.Баттулга: Би бодлогын бичиг баримт л оруулж ир гэсэн үүрэг өгсөн.
Энхбат: Наадах чинь уул нь бол тэр бодлогын бичиг ч яг биш л дээ.
Дарга Д.Баттулга: юу яриад байгаа юм чи. Тэгүүл тэр мөнийгөө оруулаад ир. Бодлогын бичиг баримтанд заавал тавигдах хамгийн чухал зүйлүүдийг нь хаяад оруулаад ирсэн байхдаа яадаг юм. Эсвэл тэргүүлэгчдийг тоохгүй байгаа юм уу та нар.
Энхбат: Даргаа уул нь байгаа..
Дарга Д.Баттулга: Хаана байна. Алив уншаадах, БиАрТи гэсэн үг хаана байна олоодох, маршрутын чиглэлээр ямар өгүүлбэр байна алив тэрийгээ уншаадах, үнэ тарифын талаар ямар үг байна, юу ч л байхгүй байна ш дээ.
Энхбат: Даргаа Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийг ЖиПиЭс-т холбох...
Дарга Д.Баттулга: ЖиПиЭс чинь тэгээд БиАрТи юм уу? Чи юугаа яриад байгаа юм. Цаг хугацаанд хавчигдчихсан болохоор л энийг чинь батлахаас өөр арга алга байна. Дараагийн нэг ярих асуудал нь энэ Ононбаяр тэргүүлэгчийн яриад байгаа үнэн шүү. Манай олон найзууд Тулгаа би нийтийн тээврээр явмаар байна. Гэхдээ яаж ийм бохир ийм заваан нийтийн тээвэрт суух юм бэ? Кондукторынх нь харьцаа хэцүү ямар хэцүү юм. Хүнд загнуулан байж, хувцас хунараа уруулан байж тэр автобусанд сууж яах юм бэ гэж байна. Одоо нийтийн тээврийн газрынхан энийгээ өөрчлөх нь үү гэтэл тэгсэнгүй. Хуучин удирдлагууд нь нийтийн тээврийн нөхөн олговрийн мөнгийг нь хэдэн автобус компанидаа хувааж өгөх гээд л бөөн юм болохоос биш чанар үйлчилгээндээ сайжруулах юу ч хийж байгаагүй. Та нар ч гэсэн тийм байна. Өөрчлөгдсөн юм юу ч алга. Улсын төсвийн нөхөн олговор 58 тэрбумыг хувааж өгөх гэж л алалцахаас биш нүдэнд харагдах юм ерөөсөө алга. Та нартай ингэж л харьцахгүй юу хийхгүй байна. Хэрвээ яаралтай энэ асуудлаа шийдэхгүй бол чамайг авч хаячихаад чаддаг хүнийг нь тавьчихна шүү. Улаанбаатарт тулгамдсан гол асуудал бол хогний асуудал болон нийтийн тээвэр ш дээ. Энийгээ бүрэн шийдчих юм бол тэгээл болоод явчихна. За за энэ тогтоолын төслийг тэргүүлэгчдийн хэлсэн саналуудыг хавсаргах нь зөв гэж үзэж байгаа төлөөлөгчид гараа өргө. За бүгд дэмжлээ. Тогтоолыг баталлаа.

1 comment:

  1. Зээл хэрэгтэй юу? Танд санхүүгийн тусламж хэрэгтэй юу? Танай компани,
    Компани эсвэл үйлдвэрт санхүүгийн туслалцаа хэрэгтэй юу? Санхүүжилт хэрэгтэй байна уу
    бизнесээ эхлэх үү? Бизнесээ өргөжүүлэхийн тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Үүнийг хий
    танд хувийн зээл хэрэгтэй байна уу? Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.
    Ecobankorgplcb1002@gmail.com.
    Бидний зээлийн нөхцөл 2% гэдгийг анхаарна уу.
    Сонирхсон хүмүүс зээлдэгчийн зээлийг бөглөх шаардлагатай байдаг
    Шилжүүлгийн мэдээлэл: (Зээлдэгчийн мэдээлэл) Бүрэн нэр:
    ....... ............... Нас ........................... ... Гэрлэлт
    статус ... ............... Холбоо барих хаяг: ................ Улс
    .............. ........... Таны утас: ...................... ....
    Мэргэжил: ................... .. Сарын орлого:
    Шашин: .................. ..... .......
    Хамгийн ойр дотны хамаатан: ....................... (Зээлийн мэдээлэл)
    Шаардлага: ... ....... Зээлийн хугацаа: .................. Байршил:
    .................... төлбөрийн хэлбэр:? сар, жил бүр
    ............... Хэрэв та өмнө нь зээл хүсч байсан уу?
    ................... Бид таны хурдан хариу хүлээж байна
    Хамгийн сайн,
    Түгээмэл асуултууд

    ReplyDelete