Thursday, October 9, 2014

Н.Баяраа: Метро төслийг хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн үр өгөөжийг нь судлах хэрэгтэй

НИТХ дахь МАХН-МҮАН “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н. Баяраатай ярилцлаа.

-УИХ-аас илүү нийслэлийн парламентыг иргэд их сонирхдог болсон байна. Шударга ёс эвсэл өнгөрсөн хугацаанд ямар томоохон ажлууд амжуулав. Энэ талаар яриагаа эхэлье?
-Энэ удаагийн НИТХурал нь таван намын төлөөллөөс бүрдсэн. Өнөөдөр нийгэм харьцангуй нээлттэй болоод УИХ-аас илүү нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонирхдог иргэд олон болсон байна. Учир нь НИТХ-аас гаргаж байгаа Тогтоол шийдвэр иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа учраас тэр. НИТХурал бүрдсэнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Бид энэ хугацаанд Арьдчилсан намтай хамтарч ажиллаж байна. “МАХН- МҮАН" шударга ёс эвслийн “Таван хувьсал" мөрийн хөтөлбөрийн 80 хувийг нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулж чадсан. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг дэмжихийг нь дэмжээд, болж бүтэхгүйг нь шүүмжлээд явдаг.

 -Нийслэл “бонд”-той болохоор яригдаж байна. Энэ талаар таны байр суурийг сонирхвол?

-Хот гэдэг бол нэг айл юм. Тухайн айл өр тавьж болно. Гэхдээ түүнийгээ юунд зарцуулах буцаагаад түү­нийгээ хэрхэн төлөх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Түүнтэй адил хот маань бонд босгож болох ч ямар төсөл хөтөлбөрт зарцуулах вэ, эргээд эдийн засагтаа үр өгөөжтэй ямар төсөл бий болгох вэ гэдгээ сайн бодолцох хэрэгтэй. Түүнээс Улаанбаатар хотын өнөөгийн өр шиг зээлдэх эрхгүй болох нь утгагүй юм. Төсөл хөтөлбөр болон эдийн засгийн үр өгөөжийг нь сайн бодолцож байж энэ асуудлыг шийдэхгүй бол энэ нь маш том өр юм.
-Хороо бүрт “бичил зээлийн сан” байгуулахаар боллоо. Хуралдааны үеэр зарим төлөөлөгчдөөс төслийн мөнгөний хүү болон олгох хуваарилалт дээр нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан?
-Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр зээл олгох нь маш сайн хэрэг. Хамгийн хэрэгтэй. Өнөөдөр манай улсад ажлын байр хомс байна. Энэ төсөл бол нэлээд оройтож орж ирсэн гэдэгтэй санал нэг байна. Төслийн санааг харахад хорооны хэдэн иргэд цуглаад, хадгаламж зээлийн хоршоо байгуулаад нийслэлийн төсвөөс мөнгө суулгаад олгогдох юм. Ийнхүү хадгаламж зээлийн хоршоондоо нэг хувийн хүүтэй олгоод тэр нь цаашаа 14.4 хувийн хүүтэйгээр иргэдэд олгоно гэсэн үг.
-Нийслэлийн хамгийн их тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Нийслэлд тулгамдаж бай­гаа олон асуудал байна. Тухайлбал, орчны бохирдол. Хүн хаана байна. Тэнд байгаль маш ихээр бохирдож байдаг. Олон жил суурьшсан нийслэл хотын маань хөрс өнөөдөр гамшгийн хэмжээнд хүртлээ бохирдсон байгаа. Тэр бохирдол маань хөрсөнд шингэж, усаа бохирдуулсаар байна. Хөрсний бохирдлыг бууруулахын тулд хамгийн түрүүнд иргэдийнхээ ухамсарт нөлөөлөх хэрэгтэй.
-Нийслэл хот метротой болохоор яригдаж байна. Энэ бол саяас дээш хүн амтай хотын нийтийн тээвэрт хийгдэх томоохон ажил?
-Метро төсөл дээр Жайка байгууллага ажиллаж байгаа. Олон улсын жишгээс харахад метро барих төсөл бол маш өндөр өртөгтэй байдаг юм байна. Ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллараар босгоно гэсэн үг. Эргээд зардлаа нөхөх хугацаа нь бараг зуун жил шаардагдана. Дэлхий нийтэд ажиллаж байгаа ямар ч метро алдагдалтай ажилладаг, түүнийг нь төр нөхдөг. Ингээд бодохоор бид нийтийн тээврийг хөгжүүлэх өөр маш олон арга зүйг судалж үзэх хэрэгтэй байх гэж боддог.
-Гэр хорооллын иргэдэд 52 байршилд газар олгохоор болсон. Тэгэхээр зарим хүмүүс дэд бүтэц хөгжөөгүй хэсэгт газар өмчлүүлэх нь буруу, хүмүүс суурьшихгүй гэх юм?

-Энэ газар олголтыг зөв ажил гэж бодож байна. Учир нь нийслэлд ирж суурьшаад олон жил болсон хэдий ч газар авч чадаагүй олон иргэн бий. Тиймээс энэ иргэ­дэд боломжоороо газар ол­гох нь зөв. Гэхдээ дэд бүтцийн асуудал бий. Харин энэ асуудлыг нь нийслэл шийдэхээр ярилцаж байгаа. Ямартаа ч дэд бүтцийг нь шийдье гэсэн үг л дээ. Ингэхдээ хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан газар ол­гох нь чухал асуудал. Хамгийн гол нь газар олгох ажлыг ойрын хугацаанд эхлүүлж, хүлээлтийг дуусгах хэрэгтэй байгаа.
-Ер нь нийслэл дахь МАН болон АН-ын бүлгийн хооронд нэлээн маргаан дэгдэх байдал анзаарагддаг. Бие биенийхээ ажлыг үгүйсгэжбайна. Өөр намын төлөөллийн хувьд энэ байдлыг хэрхэн харж байна?
-МАН өмнө нь төр барьж байсан. Харин 2012 онд ард түмэн сонголтоо хийж гурван намыг сонгосон. Тэр намууд бүлэг байгуулан ажиллаж байна. Мэдээж олон талаас нь өөр өөрсдийнхөө ярьж байгаа зүйлийг хамгаалах гээд шүүмжилж байна л даа. Гэхдээ л нэг зүйлийг хийж, бүтээн байгуулж байна шүү дээ. Аливаа улс төрд сөрөг хүчин гэж байдаг. Зөв зүйлийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилж байх хэрэгтэй. Тиймээс тэр зарчмаар л явж байгаа байх гэж бодож байна. Манай бүлгийн хувьд бүтээн байгуулалтын ажлыг дэмжин ажиллаж байгаа.
Нийслэл таймс М.Янжинлхам

No comments:

Post a Comment