Thursday, October 9, 2014

ЯПОНЫ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХ ХЭЛЭЛЦЭЭРИЙН БҮРЭН ТЭМДЭГЛЭЛ

ХЭЛЭЛЦСЭН НЬ:
2013 оны 12 дугаар сарын 18-ний өдөр НЗДТГ-ын А танхимд Японы дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх судалгааны ажлын асуудлаар Монгол Японы талууд санал солилцож, харилцан ойлголцох, хүлээх үүргийн асуудлаар хэлэлцээр боллоо.
Хэлэлцээрт НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн төлөөлөгч Л.Шагдаррагчаа, Д.Батбаяр, С.Ононбаяр, ажлын албаны дарга П.Гансүх, ажилтан С.Будрагчаа, Ц.Ганчимэг, Япон улсын Олон Улсын Технологи Солилцооны Төвийн захирал ноён Киёоши Минами, Био энерги, дэвшилтэт технологийн Саншү Сангио компаний захирал ноён Казуо Сасаки болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
Хэлэлцээр 18 цаг 06 минутад эхэлж, 19 цаг 25 минутад дуусав.
СОНССОН НЬ:
Л.Шагдаррагчаа: Өнөөдөр бидэнд танилцуулсан технологуудыг тань үзээд түлш, агаарын бохирдол, нам даралтын өндөр хүчин бүхий уурын зуухыг цогцоор нь шийдвэрлэх баг ирсэн гэж ойлгож байна. Тиймээс та бүхэнтэй хийсэн өдрийн уулзалтынхаа дараа бид бүхэн НЗДТГ-ын гадаад харилцааны газрын дарга, мэргэжилтнүүдийг урьж ирүүлэн та бүхний хийсэн дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхийн тулд ямар зарчмаар ажиллах ёстой ярилцсан.
Одоогийн байдлаар бидний мөрдөж байгаа дипломат ёсоор бол бид бүхэн танай улсын /Япон улсын/ элчин сайдын яам эсхүл Монголд байгаа Jaika-гийн суурин төлөөлөгчийн газраар албан ёсоор дамжуулан харилцах журамтай юм байна.
Бид бүхэн та нарын судалгааны ажлыг гүнзгийрүүлж, хоёр талын тавих санал хүсэлтийг танилцуулж, бидний зүгээс та бүхнийг судалгааны ажлынхаа туршилтыг хийх бүхий л боломж бололцоогоор хангая.
Харин та бүхэн Монгол улсад туршилтын үйлдвэрээ өөрсдийн хөрөнгөөр байгуулж, техник технологио өөрсдөө оруулж ирнэ үү.
Био түлш, мөн тус түлшээр ажиллах өндөр хүчин чадал бүхий нам даралтын уурын зуухны жижиг загварыг Монголд турших туршилтыг 2014 оны эхний хагас жилд та бүхэн туршиж үзээд судалгааныхаа дэлгэрэнгүй тайлан, үр дүнгийн мэдээллийг гэсэн албан ёсны хугацааг тохирмоор байна.
Судалгааны үр дүн үзүүлэлт сайн гараад ирвэл үзүүлэлт сайн гараад ирвэл туршилтын загвар үйлдвэрийг шинээр байгуулж буй дэд төвүүдэд турших сонирхолтой байна. Судалгаа хийх, загвар үйлдвэрийг байгуулах ажил хэр амжилттай болохоос үүдэн Улаанбаатарт байгаа том жижиг 2000 уурын зуухыг цогцоор нь солих ажил өрнөх учраас эхний загвар үйлдвэрээ та бүхэн өөрсдөө санхүүжүүлэхийг хүсч байна.
Хэрвээ туршилтын ажил маш амжилттай болоод үр дүн нь өндөр гараад ирвэл загвар үйлдвэрээ байгуулахыг хүссэн баримт бичгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга юм уу, Нийслэлийн Засаг даргын гарын үсэгтэйгээр танай улсын элчин сайдын яам эсхүл Жайкагийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт хүргүүлж хуулбарыг та бүхэнд хүргүүлнэ.
Энэхүү судалгааны ажлыг Монголын талаас албан ёсоор Барилга хот байгуулалт, дэд бүтцийн хорооны гишүүн, НИТХ төлөөлөгч Д.Батбаяр төлөөлнө.
Бид бүхний санал ийм байна. Та бүхэн саналаа хэлнэ үү.
Казуо Сасаки сан: Сая таны хэлсний дагуу судалгааны ажлын үр дүнгийн тайланг эхний хагас жилд багтаан тавья. Дашрамд дуулгахад эхний судалгааны ажил маань маш өндөр үр дүнг харуулсан учраас Шриланк улсад загвар үйлдвэрийг байгуулах ажил саяхан эхлээд явж байгаа.
Судалгааны ажил маань өндөр үр дүнтэй гарч Монголын нөхцөлд таарна гэсэн үр дүн гарч загвар үйлдвэрйиг байгуулах шийдвэр гарах юм бол Япон улсын Засгийн газраас эхний ээлжинд 50 сая иений өртөг бүхий тоног төхөөрөмжийг үнэ төлбөргүйгээр нийлүүлнэ.
Хэрвээ жишиг үйлдвэрийг байгуулах шийдвэр гарсан тохиолдолд та бүхэн Нийслэл Улаанбаатар хотод үйлдвэр байгуулах газрыг олгож өгнө үү.
Туршилтын үйлдвэрийн ашиглалтын талыг Монгол улс хариуцах ба бид бүхэн харин технологи, сургалт, тоног төхөөрөмжийг хариуцна.
Бид бүхэн эхний ээлжинд Засгийн газартаа энэ хүсэлтээ хүргүүлнэ. Тэгсний дараа сургалт явуулах мэргэжилтнүүдийг Монгол улсад ирүүлнэ. Үйлдвэрийг туршихад ашиглах малын баас, нунтаг нүүрс, бусад түлшийг нийлүүлэх асуудлыг монголын тал хариуцаасай гэж хүсч байна. Мөн сургагч мэргэжилтний амжиргааны зардлыг Монголын тал хариуцаасай гэж хүсч байна.
Манай улсын засгийн газраас бид бүхэнд судалгаа хийх нэг жилийн хугацааг өгсөн. Үр дүнгээс нь хамаарч цаашид судалгаагаа үргэлжлүүлэх нь зөв гэсэн чиглэлийг манай засгийн газар ирэх олны 8-9-р сард гаргаж өгөх учраас бид бүхэн заасан хугацаанд ажлаа амжуулахаар хичээх болно.
Судалгааны үр дүнтэй та бүхэн танилцсаныхаа дараа загвар үйлдвэрийг байгуулах тодорхой саналаа бидэнд ирүүлбэл туршилтын үйлдвэрийг байгуулах ажлыг шуурхайлахад чухал үүрэг үзүүлнэ. Тухайн саналдаа бидэнд ийм хүний ийм талбайтай орон сууц байна. Үүнийг дулаанаар хангах нам даралтын зуухыг оруулж ирнэ үү юм уу ийм хэмжээтэй газарыг туршилтанд ашиглах зориулалтаар олгоё гэсэн байвал маш сайн байна.
Би ирэх оны 5-р сард судалгааны тайланг нэгтгэхээр Монголд ирнэ. Энэ үеэрээ Д.Батбаяр төлөөлөгчөөр дамжуулан эргээд та бүхэнтэйгээ холбогдоё. Тэр үед санал хүсэлтээ өгөөрэй. Биднийг Монголын талаас Баасанхүү /утас 98113050/, түүний эхнэр Оюунтуяа нар төлөөлнө. Эдгээр хүмүүсээр дамжуулан харьцаарай.
Л.Шагдаррагчаа: Бид бүхэн та бүхнийг Засгийн газраараа дамжуулан санхүүждэг компани гэж ойлголоо. Зөв үү. Хэдийгээр хувийн компани ч гэсэн.
Казуо Сасаки сан: Жайкагаас өөрийн орны жижиг дунд үйлдвэрийн дэвшилтэт технологийг хөгжиж буй оронд нийлүүлж үйл ажиллагааг нь өргөтгөн дэмжих бодлогыг баримталдаг. Бид гэхдээ засгийн газартайгаа шууд холбоотой ажилладаггүй. Харин засгийн газрын явуулж буй жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслөөр дамжуулан ажиллаж байгаа.
Засгийн газрын зүгээс биднийг юун түрүүнд судалгаагаа хийгээд ТЭЗҮ-гээ бэлтгээд ир гэсэн чиглэл өгсөн. Тэгээд ашигтай гэсэн үр дүн гарвал жижиг дунд үйлдвэрийг байгуулах санхүүжилтийг шийдэж өгнө.
Л.Шагдаррагчаа: та бүхэн одоо явуулж байгаа төслийн өмнөх судалгааны албан ёсны эрхийг ICET-ээсээ авсан уу.
Казуо Сасаки сан: тэгсэн.
Л.Шагдаррагчаа: Бид ажил эхэллээ гэж ойлгож байна. Нийслэлээс та бүхнийг үйлдвэрээ байгуулахаар ирэхэд чинь байшин эсвэл газар олгох юм байна гэж ойлголоо. Мөн 2000 хүртэлх айлыг хангах нам даралтын зуухыг турших орчин нөхцлийг бүрдүүлэх ёстой гэж ойлголоо. Зөв үү?
Казуо Сасаки сан: тиймээ.
Л.Шагдаррагчаа: Та бүхэн зуухаа туршихад ашиглах бэлэн байшин хэрэгтэй гэвэл түүнийгээ бид бүхэн бэлдье. Үгүй газар хэрэгтэй гэвэл шаардлагатай газрыг олгох зөвшөөрлийн ажлыг одооноос эхэлье. Хэрвээ туршилтьын ажил амжилт олбол цаашид Улаанбаатар хотод ажиллаж буй 2000 том жижиг зуух, цаашид аймаг сумдын зуухыг ч шинэ технологид оруулах томоохон төсөл эхлэх байх гэж итгэж байгаа.
Казуо Сасаки сан: Бид бүхэн 1 сургагч мэргэжилтнийг Монгол руу явуулж судлах болон сургах зорилгоор илгээвэл түүний зардлыг Монголын тал санхүүжүүлэх боломж байгаа юу?
Л.Шагдаррагчаа: Тэрийг бол шийдэж болно. Та бүхэн Монголд технологио нэвтрүүлбэл малын баас, хотын лаг, сүрэл зэрэг түүхий эдийг ашиглан өндөр дулаан ялгаруулах технологио нэвтрүүлээрэй. Харин үртэсэн түлшийг ашиглах хэрэггүй. Учир нь монгол улс ойн нөөц багатай. Мөн та бүхний оруулж ирэх зуух чинь та нарын өөрсдийн боловсруулсан түлшийг түлдэг. Монголын параметрийг хангасан байх ёстой шүү. Түүнчлэн бидний одоо ашиглаж буй зуухнаас бага түлшээр, хямд зардлаар ажилладаг хэрнээ өндөр үр ашигтай байх хэрэгтэй шүү.
Казуо Сасаки сан: ойлголоо.
Л.Шагдаррагчаа: Бидний эцсийн зорилго бол яндангаас гарч байгаа утааны хорыг байхгүй болгох асуудал мөн. Хэрвээ энэ шаардлагыг хангаж чадвал та бүхнийг дэмжихэд бүх талаар хичээх болно.
Казуо Сасаки сан: Ойлголоо.
Л.Шагдаррагчаа: Улаанбаатар хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрс өсч даац хэтрэх болсон. Ийм ч учраас хотын удирдлагууд төвлөрлийг задлах, дэд төвийг байгуулах, дагуул хотуудаа хөгжүүлэх том бодлогыг барьж байгаа. Та нарын зуухны технологи бүрэн шаталт явуулдаг, хорт утаа ялгаруулдаггүй, хямд төсөр түлшээр ажилладаг л бол амархан дэмжигдэнэ. Харин сургагч мэргэжилтний зардалд санаа зовох хэрэггүй. Хамтарч ажиллах маш том ирээдүй байгаа учраас та бүхэн хичээгээрэй.
Казуо Сасаки сан: ойлголоо. Монгол улс жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого барьж байгаа гэж дуулсан. Би Монголд ирэхдээ жижиг дунд үйлдвэрийг байгуулах шаардлага танай улсад их байгааг мөн анзаарсан. Тийм учраас байгаль орчинд ээлтэй бойлуур түүнд шаардагдах бусад хэрэгслийг монголд үйлдвэрлэх боломж байгаа гэж харсан. Хэрвээ хөгжиж буй оронд байгаль орчинд ээлтэй үйлдвэр нэвтрүүлбэл санхүүг нь манай CTI –аас гаргаж өгдөг. Мөн маш бага хүүтэй зээлийн дэмжлэг ч үзүүлдэг. Манай Ичиноса сан гэдэг хүн маань байгаль орчинд ээлтэй технологийг боловсруулсан байгаа. Мөн энэ хүнтэй маань хамтарч ажиллах хувь хүн, пүүс компани бэлэн байгаа гэдгээ уламжлая.
Л.Шагдаррагчаа: Энэ асуудалд бид бүхэн байгаль орчин экологийн асуудал хариуцсан Нийслэлийн засаг даргын орлогчийг энэ ажилд татан оролцуулна. Та бүхэнд маш их баярлалаа. Энэ технологийг ажил болгоход бид хичээх болно. Судалгааны тань ажилд өндөр амжилт хүсье.
Казуо Сасаки сан: Маш их баярлалаа.

No comments:

Post a Comment