Tuesday, October 21, 2014

“УХААЛАГ УЛААНБААТАР ХӨГЖЛИЙН ХОРОО”-НЫ ХУРАЛДААНЫ БҮРЭН ТЭМДЭГЛЭЛ

“УХААЛАГ УЛААНБААТАР ХӨГЖЛИЙН ХОРОО”-НЫ ХУРАЛДААНЫ
БҮРЭН ТЭМДЭГЛЭЛ

2014.10.21                                                                                                       НЗДТГ



ХЭЛЭЛЦСЭН НЬ:

2014.10.21-ны өдөр Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хорооны хуралдаан НЗДТГ-ын А танхимд 15:00 цагт эхэлж, 16:45 цагт дуусав. Хуралдаанаар хотын дүрмийн ажлын тайланг сонсох, Ухаалаг Улаанбаатар хорооны ажлын явцын мэдээг сонсож санал дүгнэлт өгөв. Хуралдаанд тус хорооны дарга Ц.Баатархүү, гишүүн Д.Батбаяр, С.Ононбаяр, Д.Хүрэлбаатар, Ш.Одгэрэл, НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Халтар, бусад харьяа газруудын мэргэжилтнүүд оролцов.

СОНССОН НЬ:

Ц.Баатархүү: Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хороо маань өнөөдөр 2014 онд хийсэн ажлынхаа тайлан мэдээг хэлэлцүүлэх, 2015 онд хийх ажлаа төлөвлөх ажлыг хэлэлцэнэ. Ямартай ч манай хороотой холбоотойгоор энэ жил Ухаалаг автобус гэсэн томоохон ажил хэрэгжиж байгаа. Тэрэнтэй танилцана. Мөн Улаанбаатар хотын дүрмийг боловсруулах ажлын явцтай танилцана. Эхлээд Хотын дүрмийн явцын талаарх мэдээллийг сонсоё.

НЗДТГ-ын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Энхжаргал: Улаанбаатар хотын дүрмийг боловсруулах ажил хийгдээд явж байна. Хотын дүрэм маань 3 хэсгээс бүрдэж байгаа. Эхний хэсэг нь Хотын үндсэн дүрэм буюу хотын үндсэн хууль байгаа. Энэ дүрмийг хотын оршин суугчдын саналыг авсны үндсэн дээр батална. Хоёрт үндсэн дүрмээс салбарласан 57 дүрмийн ажил байгаа. Энэ ажлыг иргэдийн төлөөлөгчдийн хурал батална. 3-т харьяа агентлагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд батлах журмууд гэсэн гурван хэсгээс бүрдэнэ.
Хотын дүрмийг боловсруулах ажлыг “Ач Холдинг” ХХК гэрээгээр хариуцан ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 28 дүрмийн төслийг өргөн бариад байгаа. Тус 28 төслийг мэргэжлийн байгууллагуудаас томилсон үндэсний зөвлөхүүд хянаж 26 төслийг хянаад байна. Одоогоор яг иргэдийн хэлэлцүүлгээр ороход бэлэн болсон 18 төсөл байгаа. Төслийн хэлэлцүүлгийг ойрын хугацаанд Багануур дүүрэгт танилцуулахаар төлөвлөсөн байгаа.

Ц.Баатархүү: Та бүхний танилцуулгыг сонслоо. Хотын дүрэм маань одоо л нэг дөртэй болж байгаа юм шиг байна. Өмнө нь оруулж ирсэн төсөл чинь Монгол улсын хуулиудтай зөрчилдсөн, хэн баталж, хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байсан. Зүгээр л холбооны улсын дүрмүүдийг орчуулан хуулбарласан шинжтэй байсан бол өнөөдөр арай дээр болсон юм шиг байна.

Төлөөлөгч Ш.Одгэрэл
Ш.Одгэрэл: надад дүрэмтэй холбоотой цөөхөн асуулт байна. “Ач Холдинг” ХХК энэ дүрмийг боловсруулах ажлыг ямархуу хэмжээний төсвөөр боловсруулж байгаа вэ? Ер нь УИХ нэг хуулийг хэдий хэмжээний төсөвт өртгөөр боловсруулдаг юм бол? Энэ хоёрыг харьцуулсан мэдээллийг өгөхгүй юу? Мөн бэлэн болсон хотын дүрмийг иргэдэд хэрхэн хүргэж танилцуулах вэ?

НЗДТГ-ын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Энхжаргал: “Ач Холдинг” ХХК 2.5 жилийн хугацаанд 960 сая төгрөгөөр энэ дүрмийг боловсруулах гэрээг байгуулан ажиллаж байгаа. УИХ нэг хуулийг яг хэдэн төгрөгөөр боловсруулдагийг би мэдэхгүй байна. Хотын дүрмийг иргэдэд боршур байдлаар хэвлэж танилцуулна. Мөн 2 мэдээллийн сайтаар танилцуулж онлайн хэлбэрээр саналыг нь авч ажиллана. Түүнчлэн иргэний оролцооны хэлтэс, иргэний танхимаар хэлэлцүүлнэ.

Д.Хүрэлбаатар: Улаанбаатар хотын дүрмийн хэлэлцүүлгийг яагаад Багануур дүүрэгт хийхээр төлөвлөсөн юм бэ? Анхны дүүрэг гэгддэг тэгээд ч хотод ард иргэдэд ойрхноор нь Сүхбаатар дүүрэгт хийж болоогүй юм уу?

НЗДТГ-ын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Энхжаргал: Уг дүрмийн хэлэлцүүлгийг хаана хийх талаар дүүргийн Засаг дарга нараас санал авсан л даа. Бүгд л манайд байгуулаач гэсэн саналыг ирүүлсэн. Багануур дүүргийг хот тосгоны эрхзүйн байдлын хуулийн шинэчилсэн найруулгын дагуу хот болгон өөрчлөх магадлал өндөр байгаа учраас тэнд хийхээр тогтсон.

Төлөөлөгч Д.Батбаяр
Д.Батбаяр: Дүрмийн 6-р зүйлд иргэдийн оролцоо гэсэн хэсэг байна. Энэ хэсэгт иргэдийн эрхийг л заагаад байгаагаас биш үүргийг заасан зүйл харагдахгүй байна. Тухайлбал хотын иргэн хотод соёлч боловсон байх үүрэгтэй ч гэх юм уу заалт оруулж болоогүй юм уу?

НЗДТГ-ын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Энхжаргал: Таны хэлсэн санал арын нүүрэнд нь байгаа. Эрхээ хэрэгжүүлэх эдлэх арга зам болон үүрэг хариуцлагыг нарийн тусгасан.

Ц.Баатархүү:  Хотын дүрмийг иргэд биелүүлэхгүй, дагаж мөрдөхгүй байвал яах вэ? Нэгэнт хот тосгоны тухай хуулиар зохицуулсан зүйлийг заавал хотын дүрмээр зохицуулах шаардлага байгаа юм уу?

НЗДТГ-ын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Энхжаргал: Хотын иргэдийн эрх, үүрэг, оролцоог сайжруулах зорилгоор уг дүрмийг боловсруулж байгаа. Одоо хэрэгжиж байгаа хуулиар НЗДаргад бүх эрх төвлөрч байгаа. Тухайлбал Засаг дарга бөгөөд захирагч гэх мэтээр. Мөн энэхүү дүрэм мөрдөгдсөнөөр эрхийн төвлөрөл саарахаас гадна хот улс төрөөс ангид, бие даасан байдлаар эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно.

Ц.Баатархүү: Хэрвээ тийм юм бол процессийн алдаатай яваад байгаа юм биш үү. Дүрмийг боловсруулахаасаа өмнө эхлээд суурь хуулийн /хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль/ шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулах ёстой байсан. Тэрний тулд УИХ-ыг шахах ёстой байсан. Суурь хууль нь өөрчлөгдөөгүй байхад 1 тэрбум орчим төгрөгийн гэрээ байгуулаад компанитай тохирчихсон байх юм. За тэгсэн мөртлөө гэрээ байгуулсан компаниараа ажлыг нь хийлгүүлэхгүй байгаа нь ямар учиртай юм. Яахаараа дүрэм боловсруулсан гэгдээд байгаа “Ач Холдинг” чинь хуралд оролцож бидэнд боловсруулсан ажлаа танилцуулахгүй байгаа юм. Тэгээд явж явж гэрээгээр хүлээсэн ажлыг нь тамгын газрын хуулийн хэлтсийнхэн хийгээд тэднийг хаацайлсаар байгаа нь ямар учиртай юм бэ?

Ш.Одгэрэл: УИХ 1 хуулийг 9 сая төгрөгөөр боловсруулдаг гэж дуулсан. Гэтэл ямар үндэслэлээр 970 сая төгрөгөөр дүрэм батлуулах гэрээг хийдэг байна. Хэрвээ тэр байгууллага чинь ажлаа танилцуулахгүй бол санхүүгийн шалгалтуудаар оруулж шалгуулах хэрэгтэй. Би мөнгө төгрөг ярьж байгаадаа биш хариуцлагатай ажиллахыг л шаардаж байгаа юм.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

Төлөөлөгчдөөс гарсан саналуудыг томьёолж, дүрмийн ажлыг хэсэгт үүрэг өгөхийг НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Халтарт үүрэг болголоо.

ХЭЛЭЛЦСЭН НЬ: Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Ухаалаг Улаанбаатар хорооны ажлын явцын тайланг сонсов.

СОНССОН НЬ:

Ц.Баатархүү: Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий тайлан мэдээллийг сонсгоно. Тэгэхдээ Ухаалаг Улаанбаатар ажлын хороогоор баталсан ажлын тайланг маш тодорхой хэлээд яваарай.

Б.Бат-Өлзий
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий: Цахим засаглалыг хэрэгжүүлэх, Ухаалаг хот болгох ажил 2010 оноос эхэлсэн. Одоо манай хот дэлхийн 30 хотод хамтран ажиллах саналаа хүргүүлж, Сөүл, Бээжин зэрэг 10 хоттой хамтран ажиллаж байгаа. Энэ жил UB construction гэдэг аппыг гаргасан. Хууль бус барилгын мэдээллийг иргэдээс шууд авах, албан ёсны эрхтэйгээр баригдаж байгаа барилгын 700 гаруй мэдээллийг тэнд оруулсан байгаа.
Мөн smartcar.mn дундын мэдээллийн системийг боловсруулсан. Энэ системээр дамжуулан иргэд өөрсдийн машинтай холбоотой, санхүү татвар болон бусад бүхий л мэдээллийг авах боломж нээгдсэн байгаа.
Газар өмчлөлийн системийг боловсруулсан.

Төлөөлөгч Ц.Баатархүү
Ц.Баатархүү: Чи ажлаа тойм маягаар танилцуулж чадахгүй юм. Жижиг сажиг зүйл яриад байна. Энэ жил үндсэн багц хэдэн ажил хийхээр төлөвлөсөн юм? Түүнээсээ хэдийг нь хийсэн юм. Хэдийг нь хийж байгаа юм? Хэдийг нь хийж чадаагүй байгаа юм. Хийх гэхээр үүсээд байгаа саад юу байгаа юм гэдгийг хэлээдэх. Алив Ү.Ганболд дарга хариулаадах?

Нийслэлийн нутгийн захиргаа, удирлагын хэлтсийн дарга Ү.Ганболд: Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 6 бүлэг ажил төлөвлөгдсөн байгаа.
Ухаалаг Засаглал зорилтонд нийтдээ 24 чиглэлийн дагуу 77 ажил төлөвлөгдсөнөөс 31 ажил бүрэн хэрэгжсэн, 34 ажил хэрэгжих шатандаа, нийтдээ 67 хувийн биелэлтэй явж байна.
Ухаалаг эдийн засаг зорилтын хүрээнд 5  зорилт, 5 бүлэгийн 30 ажил төлөвлөгдсөн. Бүрэн хийгдсэн 2, хэрэгжих шатандаа 23 ажил, хэрэгжилтийн явц 44 хувьтай байна.
Ухаалаг иргэн ажлын хүрээнд 3 зорилт, 9 заалтын 12 ажил хэрэгжүүлэхээс 2 ажил бүрэн хэрэгжиж, гүйцэтгэх шатандаа 7 ажил явж байгаа. Биелэлт 38.8 хувьтай.
Ухаалаг үйлчилгээ ажлын хүрээнд 4 зорилт, 11 заалт, 26 чиглэлийн ажил төлөвлөгдсөнөөс бүрэн хэрэгжсэн 3, хэрэгжих шатандаа 14, биелэлт 41 хувьтай явж байна.
Ухаалаг орчин ажлын хүрээнд 18 ажил төлөвлөгдсөнөөс бүрэн хэрэгжсэн 4, хэрэгжих шатандаа 9 биелэлт 51 хувьтай явж байна.
Ухаалаг амьдрал зорилтын хүрээнд 4 зорилт, 8 чиглэлийн 18 ажил төлөвлөгдсөнөөс 3 ажил бүрэн хийгдсэн. Бусад ажил нь хэрэгжих шатандаа явж байгаа. Биелэлт нь 61 хувьтай явж байна. Оны эхний 9 сарын байдлаарх товч тайлан бол ийм байна.

Төлөөлөгч Д.Батбаяр
Д.Батбаяр: Та нарын ажлын биелэлтийг харсан чинь таамгаар үр дүнг нь тавьчихсан зүйл байхын. Барилгын апп хийснээр барилгын аюулгүй байдлыг хангах ажил 100 хувь биелэсэн гэчихсэн байна ш дээ. Ганцхан ийм ажил хийчихээр л барилгын аюулгүй байдал хангагдчихаж байгаа хэрэг үү. Нэг их том зорилт тавьчихаад тэрнийхээ үр дүнг гаргасан, харуулсан, юу ч хийгээгүй байх юм. Тэгсэн атлаа их өндөр хувийн биелэлттэй. Зорилтын хэрэгжилтийг ингэж гаргадаггүй юм. Хэмжигдэхүйц байдлаар гарга л даа. Эрүүл мэндийн үйлчилгээг цахим болгоно байна. Болгосон нь хаана байгаа юм. Монголд ганцхан 3-р эмнэлэг л тийм болсон байна ш дээ. Жаахан бодитой ярь.

Нийслэлийн нутгийн захиргаа, удирлагын хэлтсийн дарга Ү.Ганболд: Д.Батбаяр төлөөлөгчийн шүүмжлэлийг хүлээж авлаа. Үнэхээр манай харьяа газрууд учир дутагдалтайгаар тайлангаа гаргасан байна. Биелэлт нь агуулгаасаа маш хол зөрүүтэй байна. Цаашид анхаарч ажиллая.

Төлөөлөгч С.Ононбаяр
С.Ононбаяр: Хурлаар хэлэлцэх материалыг хуралдаан эхлэхэд өгөхөөр чинь танилцаж чадсангүй ш дээ. Цаашид хорооны дарга энэ асуудалд анхаарч ийм зүйл битгий гаргуулаарай. За ганц асуулт байна. Газар өмчлөлийг цахимаар авахаар баахан хүндрэл гарсан гэж дуулсан. Цахимаар газар өмчлүүлснээр ямар давуу тал гарав. Ямар сул тал, үр дүн гарав. Иргэд цахим өмчлөлийг ойлгож хүлээж авч байна уу. Цахимаар олгоход Монгол иргэд нь хоосон хоцорч харин гадаадын хүн газар өмчиллөө гэсэн зүйл гарсан. Энэ ямар учиртай юм?

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий: Газар өмчлүүлэх хууль батлагдан гарснаас хойш 10 жилийн хугацаа өнгөрөхөд нийслэлийн хэмжээнд ердөө 7-хон мянган хүн л газар өмчилсөн байдаг. Гэтэл цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажил болоход 15 хоногт 480 мянган иргэн газар өмчлөх хүсэлтээ гаргасан байсан. Энэ бол бодит үр дүн. Газрыг өмчлүүлэхийн тулд баахан бичиг цаас шаардаж чирэгдүүлсэн нь иргэдийг ихээхэн бухимдуулж, газраа хөөцөлдөх ажлыг нь цалгардуулсан байдаг. Мөн хүнд суртал ч нөлөөлсөн байх. Харин цахимаар хүсэлтийг нь гаргуулаад цахимаар шийдвэрлээд эхлэхээр иргэдэд маш хялбар болсон.
Гадаадын хүнд газар өмчлүүллээ гэх асуудлыг нягталж үзэхэд Солонгос нэртэй Монголд төрсөн Монгол хүн байсан. Иргэд цахим өмчлөлийг ойлгохгүй байна гэх асуудал эхэндээ гарсан бол цаашдаа больсон. Цаашид манай байгууллагын зүгээс илүү хялбар хэн ч ороод хүсэлтээ гаргачихаж болохуйц хэлбэртэй болгохоор ажиллаж байгаа.

Төлөөлөгч Д.Хүрэлбаатар
Д.Хүрэлбаатар: Та нар үйл ажиллагаандаа аудит хийлгүүлж байгаа юу? Манай хот цаашид нийслэлийн бонд гаргана гээд ажиллаж байгаа. Тэр ажлын хэсэгт нь байдаг хүний хувьд асуухад хэрвээ та нар олон улсын эрхтэй газраар аудит хийлгүүлэхгүй бол нийслэлийн бонд гаргуулах ажил орхигдоно шүү.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий: Манайх сүлжээндээ Монголын компаниар аудит хийлгүүлсэн. Тэндээс цаашид шинэчлэх шаардлагатай хэрэгслүүд болон алдаагаа олуулж ажиллаж байгаа.

Ш.Одгэрэл: Ухаалаг Улаанбаатар зорилтын ажлын тайлан ухаалаг биш байдлаар орж ирлээ. Хурлын өмнөхөн хүн бүрт нэг их зузаан цаас өгцгөөх юм. Бас ойлгомжгүй зйүл олон байна. Төсөв хэлэлцэхийн өмнөхөн дахин та нартай уулзана тэр  үед  дахин ингэж оруулж ирвэл төсөв тусгуулахгүй байх эрх нь бидэнд бас бий шүү.

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

  1. НИТХ-ын ажлын алба цаашид Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хорооны хуралдааны товыг 5 хоногийн өмнө, хуралдаанаар хэлэлцэх материалыг 3 хоногийн өмнө төлөөлөгчдөд хүргүүлж байх;
  2. Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг цаасаар биш цахим хэлбэрээр ирүүлж хэвшүүлэх;
  3. Ажлын хорооны хуралдааныг төсөв хэлэлцүүлэхийн өмнө дахин явуулж, хэлэлцсэн асуудлуудыг болон 2015 онд хийх ажлын төлөвлөгөөтэй хамт оруулж ирүүлэх;
  4. Ү.Ганболд дарга дараагийн хуралдааныг зохион байгуулж, нийслэлийн засаг даргын орлогч нарыг байлцуулах, хэлэлцэх асуудлуудыг салбар хороодоор хэлэлцүүлж, олон салбарласан нэг ажлыг эмхтгэн зохион байгуулуулж өргөтгөсөн хэлбэрээр явуулахыг үүрэгдлээ.




No comments:

Post a Comment