Thursday, October 22, 2015

НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан /2015.10.23/ боллоо


Өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан НЗДТГ-ын А танхимд 10 цагаас эхэллээ. Хуралдаанд тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга, тэргүүлэгч Н.Баяраа, Д.Энхсайхан, Ц.Буяндалай, Ц.Баатархүү, Ц.Алтанцэцэг, Н.Гантөмөр нар оролцож, НЗД-ын орлогч С.Очирбат, Өмчийн харилцааны газрын дарга Төмөрбаатар, Хөдөлмөрийн газрын дарга Одонхүү, НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Энхболд нар байлцав. Хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа.
  1.   “Нийслэлийн орон сууц корпораци” ОНӨҮГ-ын удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо. Төрийн захиргааны албан хаагчдыг төлөөлж Нийслэлийн өмчийн харилцааны орлогч дарга Энхтуяа, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Одбаяр, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Ганхүү НИТХ-ыг төлөөлж Б.Отгонбаяр, Ц.Одонтунгалаг, С.Очирбат, Н.Баяраа нар томилогдлоо.
  2.  Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах шийдвэрийг гаргалаа. Тус төвийг Дүнжингарав худалдааны төвийн дотор нийтдээ 2800 мкв талбайд төрийн захиргааны 56 албан хаагч байрлаж нийтдээ 202 төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх аж. Төрийн үйлчилгээний төв нь Нийслэлийн бүх иргэдэд харьяалал хамаарахгүй үйлчлэх бөгөөд амралтын өдрүүдэд ажиллах, эсхүл өглөөний 10-20 цагийн хооронд ажиллах боломж нөхцлийг судалж үзэхийг НИТХ-ын дарга Д.Баттулга үүрэг болголоо. Төвийг энэ оны 12-р сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд үүнд шаардлагатай байгаа 630 сая төгрөгийг НИТХ-ын тэргүүлэгчдээс шийдвэрлэв. Төрийн үйлчилгээний супермаркетыг цаашид мишээл экспо төв болон Содон хорооллын дунд байгуулах бөгөөд иргэд аж ахуй нэгж байгууллагууд заавал Хангарьд ордон, эсхүл дүүрэг хороондоо очиж авдаг байсан үйлчилгээгээ тус төвөөс авах боломжтой болох аж.
  3.    Гэртээ харих зам хөтөлбөрийг баталлаа. Нийслэл хотын хэмжээнд өнөөдрийн байдлаар 2800 гаруй орон гэргүй тэнэмэл иргэн байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ тоо 2010 онд 970 орчим байсан бол 5 жилийн дотор 3 дахин өсөөд байгаа аж. Энэхүү иргэдийг нийгэмшүүлэхийн тулд НЗД-аас жил бүр 500 орчим сая төгрөгийг Амьдрах ухаан төвд өгдөг боловч тэрхүү мөнгөөр нь тус байгууллага ердөө 50-хан хүнийг л хооллож ундалж нэг цэгт байрлуулж байгаа аж. Иймээс төсвөөс зарцуулж буй мөнгийг үр ашигтай болгох, илүү олон хүнд үр өгөөжтэй байлгах зорилгоор тус хөтөлбөрийг баталж 4 үндсэн чиглэлийн хүрээнд ажиллахаар болсон байна.
  4.   Хэсгийн ахлагч нарын ажиллах журмыг нэгдсэн хуралдаанд дэмжиж оруулахаар боллоо. Нийслэлийн хэмжээнд байгаа 152 хороонд ажиллаж буй хэсгийн ахлагч нарыг ажиллуулах, тэдний ажлын байрыг тодорхойлсон зүйл заалт байхгүй байсаар өнөөдрийг хүрчээ. Иймд тэдний чиг үүрэг цалин хөлсийг нэмэгдүүлэх журмын төслийг энэ сарын 30-нд болох нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
  5.   НИТХ-ын ээлжит 30-р хуралдааныг 2015.10.30-ны өдрийн баасан гаригт 9 цагаас Хангарди ордны 14-р давхарын хурлын танхимд хийхээр товлолоо.



НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын алба

No comments:

Post a Comment