Friday, October 30, 2015

С.ОНОНБАЯР: ХЭСГИЙН АХЛАГЧ НАРЫН ЦАЛИНГ 400,000 БОЛГОЁ


Өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр НИТХ-ын ээлжит 30-р хуралдаан Хангарьд ордны 14 давхарын А танхимд 09:40 цагт эхэлж, 13 цаг 40 минутад дууслаа. Хуралдаан 62 хувийн ирцтэйгээр үргэлжилж дараахь асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:
·         Иргэдэд гэр бүлийн хэрэглээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоох тухай
·         Хэсгийн ахлагчийн ажиллах журмыг батлах тухай
Хуралдааны эхэнд “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч С.Ононбаяр бүлгийн саналаа уншиж танилцууллаа.
С.Ононбаяр: Тус эвслийн бүлэг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж, НИТХ-ын ээлжит 30-р хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцээд дараах дүгнэлтийг гаргалаа. Үүнд:
1.    Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19-р зүйлийн 19.2-т сум дүүргийн хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно гэж заасан тул “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ын төслийг есөн дүүргээс албан ёсны санал авахгүйгээр нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэсэн горимын саналыг хураалгах;
2.    Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг тогтоох асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлах нь зүйтэй гэж үзлээ гэв.
Бүлгийн саналаар босоо санал хураалгасан боловч цөөнх болсноор хуралдаан үргэлжилж гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх газрын байршил хэмжээг баталлаа.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль тогтоомж 2002 онд батлагдан 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс улс орон даяар хэрэгжиж эхэлснээр 12 жилийн турш зохион байгуулагдаж байна. Энэ нь иргэддээ газар хэмээх хамгийн бодит өмчийг капитал болгон ашиглах боломжийг олгох, эдийн засгийн эргэлтэнд орох чадавхийг нэмэгдүүлж, улмаар иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилготойгоор хийгдэж эхэлсэн газрын харилцааны томоохон шинэтгэлийн ажил байсан юм. Гэвч энэ ажлыг зөвхөн газрын харилцаанд оролцож, газрыг тодорхой хугацаагаар эзэмших эрх албан ёсоор үүссэн иргэдийг хамруулж, цаасан өргөдлийн хамт олон тооны материал бүрдүүлэн хүлээн авч шийдвэрлэж байсан нь газар өмчлүүлэх ажлын явц буюу хуулийн хэрэгжилтийг маш удаашралтай, иргэдэд хүндрэл чирэгдэлтэй, хүнд сурталтай, цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан ажил болгож хувиргасан байна. Дээрх 12 жилийн хугацаанд нийслэл хотын хэмжээнд жилд дунджаар 8459 иргэнд өмчлүүлж байсан бөгөөд цахим өмчлөл эхлэхээс өмнөх байдлаар нийт нийслэлийн хүн амын 8.9% нь газар өмчилж аваад байсан.
Иймд нийслэлийн хэмжээнд “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг ханган тус ажлыг эрчимжүүлэх, нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлыг хүндрэл, чирэгдэлгүй хүргэх зорилгын хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 10/39 дүгээр тогтоол гарган 52 байршлын 15309 га талбайг шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.
Үүний дагуу нийслэлийн Өмчийн харилцааны газраас дээрх байршилд газар өмчлөлийн ажлыг “Цахим хэлбэр”-ээр зохион байгуулах ажлыг шинээр санаачлан, холбогдох журмыг батлуулж, цахим системийн зохион байгуулалт, програм хангамжийн шийдлийг боловсруулан бусад шаардлагатай бэлтгэл ажпуудыг хангасны үндсэн дээр 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол улсын хэмжээнд анх удаа нийслэлд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг эхлүүлсэн.
Газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулахад баримтлах журмын дагуу зарлагдсан байршлуудад газар өмчлөх хүсэлтэй нийслэлийн иргэдийн хүсэлтийг тухайн иргэн дэлхийн улс орнуудын хаана байгаагаас үл хамааран 15 хоногийн турш 24 цагаар цахим системээр дамжуулан хүлээн авч, газар өмчлөх иргэн болон түүний өмчлөх нэгж талбарыг харгалзуулан автомат үйлдлээр сонголт хийж, сонгогдсон иргэдэд тухайн газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулснаараа онцлогтой болсон юм.
Өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 41 байршилд 4 удаагийн цахим өмчлөлийн ажпыг зохион байгуулж, давхардсан тоогоор нийт 642339 иргэн, давхцалгүйгээр нийслэлийн нийт 516109 иргэн буюу нийслэлийн хүн амын 40% нь цахим системд хандан хүсэлт ирүүлснээс 69.928 иргэн сонгогдож, газар өмчлүүлэх ажил амжилттай зохион байгуулагдаад байна. Энэ нь Улаанбаатар хотын газрын харилцаа, тэр дундаа газар өмчлөлийн ажилд хамгийн олон тооны иргэн оролцсон анхны ажил болсон. Тус ажлын үр дүнд нэг жил гаруй энэ богино хугацаанд нийслэл дэх газар өмчлөлийн ажлын хэрэгжилт 14%-д хүрлээ.
Мөн нэгдүгээр ээлжинд зарлагдсан байршлуудад газар өмчлөхөөр хүсэлт гаргасан иргэд нийслэлийн Өмчийн харилцааны газрын веб сайтад 5 сая орчим давтамжтай хандалт хийсэн нь Монгол улсын хэмжээнд урьд өмнө нь байгаагүй тоон үзүүлэлт болж байна.
Ийнхүү 4 удаагийн газар өмчлөлийн ажлаар батлагдсан 52 байршлаас 41 байршлын төлөвлөгдсөн боломжит нэгж талбаруудад тулгуурлан цахим өмчлөлийн ажлыг зохион байгуулсан бөгөөд үлдэх 11 байршилд өнөөдрийн байдлаар цахим газар өмчлөлийн ажлыг зохион байгуулах боломжгүй байгаа болно. Эдгээр 11 байршлын хувьд Баянзүрх дүүрэгт 3 байршил, Хан-Уул дүүрэгт 1 байршил буюу нийт 4 байршилд нам давхаржилттай орон сууцны төлөвлөлт батлагдсан тул Нийслэлийн Орон сууцны корпорацид газрын асуудлыг шийдвэрлэх, мөн Баянзүрх дүүргийн 3 байршил нь иргэд олон жил суурьшсан болон байгалийн цогцолборт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдсан газрууд давхацсан. Сүхбаатар дүүргийн Тоосгоны орчмын 2 байршилд иргэдийн газрын маргаантай асуудал шийдвэрлэх зорилгоор төлөвлөлтийг засварлан шинэчлэх шаардпага гарсан, Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн тус бүр 1 байршилд Батлан хамгаалах яамны сургалт, буудлагын талбай болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн авто замын трасс давхацсан тул эдгээр асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл цахим газар өмчлөлийн ажил хүлээгдэж байна.
Эдгээр байршлууд болон иргэдэд өмчлүүлэх газрын хил заагийн өөрчлөлтийг нэгдсэн байдлаар нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахаар санал боловсруулан ажиллаж байна.
Урьд онуудад зохион байгуулагдсан газар олголт, өмчлөлийн үйл ажиллагаа нь өргөдөл хүлээн авах дарааллын зарчмаар явагдаж байсан, иргэд олон хоног дугаарлах, маш урт цуваа үүсгэх, олон дахин явах зэргээр чирэгдэл ихтэй байснаас гадна урт дарааллын эхэнд байрласан цөөн тооны иргэд садан төрлийнхөө иргэдийн материалыг бүрдүүлж олон тооны материал өгөх, ажил хариуцсан төрийн албан хаагчид танил талаа дарааллын урд оруулах гэхчлэн хүндрэл ихээр гардаг байв. Тухайн жилд төлөвлөсөн тодорхой тооны өргөдпийг хүлээн авснаар тухайн дүүргийн газрын харилцааны алба нь өргөдөл хүлээн авах ажлыг зогсоодог тул урт дараалал үүсгэн удаан хүлээсэн иргэд, ихэнх тохиолдолд өндөр настан, хөгжпийн бэрхшээлтэй, танил талгүй, амьжиргааны түвшин доогуур орлого багатай иргэд өргөдлөө өгч чадалгүй хоцордог байсан байна.
Газар өмчлөлийн ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулснаар өмнөхтэй харьцуулахад дараах давуу талууд бий болсон. Үүнд:
1.    Иргэдийн харилцан эрх тэгш байдлыг хангах, иргэн бүрт хуулиар олгогдсон эрхээ эдэлж, газар өмчлөх хүсэлт гаргах боломжийг олгосон
Газрын харилцааны албанд хүсэлт гаргахдаа биеэр ирэхгүй байх нөхцлөөр хангаснаар гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа иргэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, насанд хүрээгүй бага насны хүүхдүүд харилцан тэгш эрхтэйгээр бүртгүүлж, сонгогдох боломжтой болсон.
2.    Иргэдийн болон албан байгууллагын хувьд санхүүгийн асар их хэмнэлт бий болсон.
3.    Иргэдэд газар өмчлүүлэх ажлыг харьцангуй богино хугацаанд зохион байгуулж, цаг хугацаа хэмнэсэн.
4.    Мэдээллийн нээлттэй, ил тод байдал хангагдаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй, чирэгдэлгүй, шударгаар явуулах боломжтой болсон.
5.    Гадны нөлөөлөл буюу хүний хүчин зүйлийг оролцоог хязгаарласнаар хэн нэгэнд давуу эрх олгох, авилгад өртөх боложийг хязгаарласан зэрэг болно.
Иргэнд шинээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар дараах  газруудыг өмчлүүлэхээр боллоо. Үүнд:
1.    Сонгинохайрхан дүүрэгт нийт 12 байршилд 2645.7 га
2.    Хан-Уул дүүрэгт нийт 3 байршилд 421.6 га
3.    Налайх дүүрэгт нийт 4 байршилд 3661.7 га
4.    Багахангай дүүрэгт нийт 17 байршилд 3800.3 га
5.    Багануур дүүрэгт нийт 32 байршилд 11967.4 га газрууд болно.
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэх, нийслэлийн иргэн бүрт газар өмчлүүлэх эрхийг хангах, энэ төрлийн ажлыг хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор 68 байршлын 22496.7 га газрын нөөцийн судалгааг өмчийн харилцааны газраас боловсруулан өргөн барьж батлуулсан байна.
Хэсгийн ахлагчийн ажиллах журмыг хэлэлцэх үед бүлгийн ахлагч С.Ононбаяр:
Улаанбаатар хотод одоогийн байдлаар 1300 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна. Тэдний цалинг 1.5 дахин нэмэгдүүлэхэд 4.5 тэрбум төгрөг шаардагдахаар тооцоо гарсан. Уг мөнгө дүүргүүдийн төсөвт байгаа юм байна. Тэгэхээр нэгэнт л нэмж байгаа юм бол нэг мөсөн 400,000 төгрөг болгож нэмбэл яасан юм бэ? Нийслэлийн бүх айл өрх бүрт халуун хүйтний аль үед хүрч ажилладаг хэсгийн ахлагч нарынхаа цалинг нэмсэн шиг нэмчихье л дээ. Тэртээ тэрэнгүй санхүүгийн нөөц бололцоо байгаа юм чинь гэсэн саналыг оруулсан боловч дэмжигдсэнгүй.
Хэсгийн ахлагч нарын ажиллах журамд иргэдийг насаар нь ялгаварласан заалт байсныг насны хязгарлалтгүй болгож баталлаа. Журам 2015 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөгдөнө.


1 comment:

  1. Ононбаяр даргад өндөр амжилт хүсье. Хэсгийн ахлагч нарын цалинг дорвитойхон нэмэх бололцоотой байсан юм бол нэмж л байх хэрэгтэй

    ReplyDelete