Monday, November 24, 2014

НИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр буюу 2014.11.25-ны өдөр НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо. Хуралдаанд тэргүүлэгч Д.Баттулга, Л.Шагдаррагчаа, А.Гантулга, Ц.Одонтунгалаг, Д.Болдбаатар, Г.Ганбаяр, Д.Байдраг, Т.Гантөмөр, нийслэлийн аудитын газрын дарга Очирбат, Улаанбаатар хотын ерөнхий менежир Б.Бадрал, НИТХ-ын ТНБД Б.Энхболд бол бусад ажилтан албан хаагч, хэвлэл мэдээллийн ажилчид оролцлоо. Хуралдаан 10:00 цагт эхэлж, 12:48 цагт дуусав. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
  1. Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх журам
  2. БГД-ийн 1-р хорооны нутагт байрлах 80 айлын орон сууцыг хөрөнгөөс хасах тухай
  3. Гэр хорооллын хөгжлийн газрын блансад бүртгэлтэй 5 барилгыг СБД, ЧД, СХД-үүдэд шилжүүлэх тухай
  4. НӨХГ-ын блансад бүртгэлтэй МУБИС-ын урд талын нүхэн гарцыг СБД-ийн блансад шилжүүлэх тухай
  5. БЗД-ийн 87-р сургуулийн блансад бүртгэлтэй барилгыг тус дүүргийн цагдаагийн 3-р хэсгийн блансад шилжүүлэх тухай
  6. СХД-ийн 18, 27, 28-р хороодын нутаг дэвсгэрт байрлах хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэлтсийн цогцолбор барилгуудыг СХД-ийн блансад шилжүүлэх тухай
  7. Угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлтийн дэд хөтөлбөр батлах тухай
  8. Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай
  9. НИТХ-ын ээлжит 21-р хуралдааныг зарлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцлээ.
“Нийслэл, дүүргийн орон нутгийн төсөвт байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал урамшуулал олгох, нийгмийн асуудлыг шийдвэрлэх журам”-ийн төслийг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа танилцуулав.
НЗД-ын орлогч Н.Батаа: Нийслэлийн бүх шатны ажилтан албан хаагчдын хагас бүтэн жилийн үр дүнгийн гэрээг хянан үзээд сайн ажилласан ажилтнуудыг тодорхой хэмжээгээр урамшуулах асуудал байгаа үүнд нийтдээ 4.5 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа. Нийслэлийн бүтээн байгуулалтад онцгой гавьяа байгуулсан хүмүүст 1 сарын цалингийн хэмжээг олгох, нийгмийн асуудлуудыг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх асуудлуудыг тусгасан байгаа гэв.
Тэргүүлэгч А.Гантулга: Ажлаа хийж чаддаг хүмүүсийг маш сайн дэмжих ёстой. Харин хийхгүй байгаа нөгөө хэцүү нэртүүдтэй хариуцлага сайн тооцох ёстой шүү.
Тэргүүлэгч Ж.Амарсанаа: Өнгөрсөн жил манай эрүүл мэндийн салбарт урамшуулал олгох асуудал босч ирээд сүүлдээ хавтгайрсан жишиг байгаа. Хороо дүүргийн эмнэлэгүүдийн цалин маш муу учраас хүний нөөц нь байнга өөрчлөгддөг юм билээ. Урамшуулал байх ёстой гэхдээ хэрхэн өгөх шалгуур нь сайн байх ёстой.
Тэргүүлэгч Л.Шагдаррагчаа: нийслэлийн засаг даргаасаа аваад нийслэлийн бүх шатны албан хаагчид жилийн эцэст хэмнэж чадсан төсвйинхөө 70 хувиар шагнуулах журмын төсөл орж ирж байгаа юм байна. Урьд нь ийм зүйл байсан юм байна. МУЗЗНДНТУТХ-д дүүргүүдийн асуудлыг нийслэл шийдэхийг хориглоно гэсэн заалт байдаг. Нийслэлийнхэн дүүргүүдийн дотоод ажилд оролцоод байж болж байгаа юм уу. Төрийн зардлыг хэмнээд л өөрсдийгөө шагнадаг болчихоор чинь төрийн байгууллагаад зарлагаа бага тавиад зардлаа өндөр тавьдаг буруу жишиг тогтчих юм биш бээз. Хэрвээ журмын хэрэгжилтэндээ онцгой  анхаарахгүй бол саяны татварынхан шиг бөөн асуудал дагуулж, төсвөөс завших эрхзүйг нь бүрдүүлсэн гэдэг үндэслэлээр тэргүүлэгчид буруудах юм биш биз дээ. Би төрийн албан хаагчдыг шагнахыг эсэргүүцэж, бас буруутгаж байгаа юм биш ээ. Гэхдээ хэрэгжилтэд анхаарал тавьж журмаа нарийн боловсруулж дахин оруулж ирвэл батлахад дургүйцэх зүйл алга.
Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд татварынхан өөрсдөдөө яг ийм урамшууллын журам гарган батлуулаад тэрнийхээ дагуу их хэмжээний мөнгийг идэж уусан хэрэгт оролцолдоод байгаа. Нийслэл ч гэсэн ийм асуудалд энэ журмаас болж орооцолдох юм байна. Тиймээс энэ журмын төслөө сайжруулж оруулж иртэл энэ асуудлыг дэмжих боломжгүй хэмээн үзэж буцаалаа.
2, 3, 4, 5, 6-р асуудлын талаар ямар нэгэн асуулт, санал гаргалгүйгээр дэмжиж батласан бол 7-р асуудлыг боловсруулалт муу, шийдвэрлээгүй олон асуудал байна гэдэг үндэслэлээр буцаалаа.  
Харин Алтан-Өлгий оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах асуудлыг Улаанбаатар хотын ерөнхий менежир Б.Бадрал буцааж татсан юм.
Хуралдааны хамгийн сүүлийн асуудал нь НИТХ-ын ээлжит 21-р хуралдааныг батлах асуудал байсан бөгөөд НИТХ-ын ээлжит 21-р хуралдааныг 2014.11.27-нд 09:00 цагаас Хангарьд ордонд хуралдуулахаар боллоо.
Ээлжит 21-р хуралдаанаар:
  1. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг зохицуулах талаар авах арга хэмжээний тухай.
  2. Нийслэлийн нийгэм, эдийн засгийн 2014 оны зорилтын хэрэгжилт, 2015 оны нийгэм эдийн засгийн зорилтыг батлах тухай
  3. 2015 онд нийслэлийн өмчөөс хувьчлагдах хуулийн этгээд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай
  4. Нийслэлийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт батлах тухай
  5. Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай
  6. Нийслэлийн 2015 оны төсөв батлах тухай гэсэн асуудлыг хэлэлцүүлэх тогтоолыг баталлаа.

НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын алба



No comments:

Post a Comment