Thursday, October 9, 2014

С.ОНОНБАЯР: ЕСӨН ДҮҮРЭГ ТУС БҮРТ НЭГ ЭМНЭЛЭГ БАРИХАД ТӨСӨВТ ДАРАМТ УЧРАХГҮЙ

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч С.Ононбаяртай ярилцлаа.
-Нийслэл ирэх оны төсвөө баталлаа. Төлөөлөгч хүний хувьд танд хэр таалагдсан төсөв болов. Энэ талаар яриагаа эхэлье?
-Ирэх оны төсөв иргэдээс асуусан, тэдний оролцоотой төсөв боллоо гэж бодож байна. Мөн нийгэм рүүгээ чиглэсэн төсөв болсон. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, бичил зээл, жижиг дунд үйлдвэрлэлийг хамарсан төсөв болсон. Нягтаршил ихэссэн энэ үед 17 сургууль, цэцэрлэгийг барихаар болж байгаа. Төлөөлөгчид маань уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байна. Түүнээс биш би тэр тойргоос гарсан, тэнд тийм юм хэрэгтэй гээд байвал нийслэлийн төсөв хүрэлцэхгүй ээ. Харин зорилт дээр би хүүхдийн эмнэлгийн асуудлыг нэлээд түлхүү хэлсэн. Сая илүү хүнтэй энэ том хотод эрүүл мэндийн асуудал их хүнд байгаа.
-Үүнээс гадна хэд хэдэн асуудлыг дэвшүүлж байсан тань санагдаж байна.Тухайлбал, агаарын бохирдол хэтэрлээ гэж байсан?
-Тиймээ. Агаарын бохирдлыг ярихаас өөр арга алга.Агаарын бохирдол гамшгийн төвшинд очлоо.Тиймээс би хэд хэд санал оруулсан.Зуух тарааж, түлш үйлдвэрлэхдээ биш өөр эх үүсвэрийг хармаар байгаа юм.Жишээлбэл, төвлөрлийг хэрхэн саармагжуулах вэ гэдэг байна.Үүнээс гадна агаарын бохирдлын хор уршигийг иргэддээ ойлгуулах хэрэгтэй.Нэгэнт л хурдан хугацаанд орон сууцжуулж чадахгүй учраас төвлөрлийг багасгах талаар ярихаас өөр аргагүй юм.Ингэхийн тулд төрөөс жижиг дунд үйлдвэрийг дэмжиж, иргэдийг хотод биш орон нутагт амьдруулах гэх мэт олон асуудал гарч ирнэ.Ирэх онд нийслэл Засгийн газартайгаа уялдаа холбоотой ажиллахгүй бол болохгүй нь ээ.Нийслэл нь агаарын бохирдлыг бууруулах гэдэг.Гэтэл Засгийн газар маань нүүрс тараагаад байдаг.Энэ мэтээр зөрчилдөөн үүсч, асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл үүсдэг.Гэр бүлийн зориулалтаар өгөх газар бас нэлээд ихсэх магадлалтай.Гэхдээ газар олгоод яндангийн тоо нэмэх биш, цахилгаанаар халаах гэх мэтээр хот төлөвлөлтөө сайн хийх хэрэгтэй.Ирэх онд агаарын бохирдлын эсрэг их хэмжээний төсөв суулгаад ажиллахгүй ч гэсэн орон сууцаа түлхүү барих болов уу гэж харж байгаа.Ер нь бол манай эвсэл нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулж ажиллая гэж байгаа.АН-ын 5А хөтөлбөрт нэлээд их хяналт тавьж ажиллана.Мөн зөв зүйлийг нь дэмжихээс гадна буруу асуудалд хяналт тавьж ажиллана.Ямар ч байсан нэг жил харъя.Харин 2015 оноос өшөө илүүг шаардаж ажиллана.
-Хүүхдийн эмнэлгийг бага сургууль, цэцэрлэгтэй хамтад нь шийдье гэсэн санал хэлж байсан. Энэ саналыг тань удирдлагууд хэрхэн хүлээж авав?
-Би энэ байр сууриа хурлын дарга болон Засаг даргад хэлсэн. Харин үүнийг боломжгүй, хүртээмжийг нь нэмэгдүүлье гэсэн.Би ч санал нэгдсэн.Ер нь сургууль, цэцэрлэг байгаа газар хэдэн ортой эмнэлэг байхаас өөр аргагүй. Өнөөдөр нийслэлийн агаар, хөрсний бохирдол өндөр төвшинд хүрлээ.Тиймээс хүүхдэд вирус халдахад ойрхон байгаа.Эмнэлэг барина гэхээр л 300, 500 хүний ортой байх албагүй шүү дээ.Ядаж 50-100 ортой хүүхдийн эмнэлэг байж болно.Есөн дүүрэг тус бүрт нэг эмнэлэг барихад төсөвт дарамт учруулахгүй. Барих боломж нь нийслэлд бий. Тиймээс л энэ саналыг оруулсан.Цаашдаа ч энэ саналаа цаашид хэрэгжүүлэхээр ажиллана. Ямартай ч ирэх оны нийгэм, эдийн засгийн зорилтод орсон байгаа учраас 2016 он хүртэл боломжийг харж байгаад 300-400 ортой эмнэлэг барихын төлөө ажиллана.
-Нийтийн тээврийн асуудлыг их ярьж байгаа шүү дээ?
-Нийтийн тээврийн асуудал үнэхээр хүнд байгаа. Парк шинэчлэл гээд I, II автобус бааз дээр есөн тэрбум орчим төгрөг тавигдаж байна. Нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэн хүний хувиар хэлэхэд автобус их бохир, хүйтэн, боловсон үйлчилгээтэй байх хэрэгтэй.Тиймээс энэ асуудлын араас нэхэж ажиллана гэж автобус баазын дарга нартаа хэлээд амжсан шүү. Энэ есөн тэрбум төгрөг угаалга, засвар үйлчилгээнд зориулагдах биш дулаалга гэх мэт гол асуудлыг шийдэх байх гэж бодож байгаа.
-Та нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэж ярьдаг. Гэтэл хөндлөнгийн хүний нүдээр харахад улстөрийн имиж шиг харагдаад байх юм?
-Ерөнхийдөө би машин барьж үзээгүй. Би анхнаасаа л нийтийн тээврээр үйлчлүүлдэг байсан. Түүнээс биш төлөөлөгч болоод гэнэт л үйлчлүүлж байгаа юм биш.Цаашдаа ч үйлчлүүлнэ.Эрүүл байхын тулд алхах нь чухал.Тиймээс нийтийн тээврээр үйлчлүүлдэг.Тэгээд ч нийслэлийн төвлөрөл их байна.Хүн бүр стресс ихтэй байхад нэг нь машинаар явахгүй байвал нэмэр болно биз дээ.
-Ихэнх төлөөлөгчид таныг их шүүмжилдэг гэлцдэг. Өнгөрсөн пүрэв гаригт хуралдсан төлөөлөгчдийн хуралдаанаар нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд уялдаагүй байгаа тухай хэлээд амжсан шүү дээ?
-Би ард түмнийхээ төлөө үнэн үгийг хэлэх үүрэгтэй хүн. Тиймээс хэн нэгний нөлөөнд автахгүй, иргэдийн хэлэхийг хүссэн зүйлийг хэлэхийг хүсдэг. Тухайн хоёр хүний хувьд бол нэг нь нийгмийн бодлого хариуцсан орлогч, нөгөөх нь эрүүл мэндийн дэд сайдын хувьд бие биенийгээ ойлгож, уялдаатай ажиллаач л гэсэн асуудлыг тавьсан.Хэн нь юу хийх ёстой юм, тэрийгээ л хийх хэрэгтэй.Мөн энэ хоёр маань хоёулаа нийслэлийн төлөөлөгч шүү дээ.Эрүүл мэндийн салбарт энэ жил төсөв бага тавигдсан хэдий ч цаашдаа анхаарч ажиллах байх гэсэн байдал ажиглагдсан.Иргэдийнхээ төлөө ажиллах юм чинь 45 төлөөлөгч маань нэг байр суурьтай л байх ёстой.
-Зураг төсөв байхгүй гэх шалтгаанаар энэ онд он дамжин хийгдэх ажил олон бий. Тиймээс ирэх онд ийм асуудал үүсэхгүй магадлал бага байна?
-Ер нь яриад хэрэгжүүлж чадахгүй бол асуудал үүснэ. Тийм ч учраас энэ онд зураг төсөвгүй нэлээд олон ажил орж ирсэн.Харин ирэх оны нийгэм, эдийн засгийн зорилтод зураг төсөвгүй барилгыг оруулахгүй гэсэн саналыг Тэргүүлэгчид гаргасан.Тэгэхээр ийм асуудал гарахгүй байх.Гэхдээ газрын асуудлаас болоод олон ажил удааширч байгаа.
-Бүтцийн өөрчлөлт хийх тухай саналыг нэлээд их гаргаж байсан. Харин Засаг дарга орлогч нар цөөрөхгүйг албан ёсоор хэлсэн?
-Үйлчилгээний салбарын бүтцийг нэмэгдүүлэх асуудалд санал нийлж байгаа.Ер бүтэц данхайх тусам төсөв данхайдаг.Нэг үгээр бол үргүй зардал их гардаг.Шууд хэлэхэд нийслэлийн бүтэц данхайсан.Хоёр орлогч нэмэгдлээ.Мөн харъяа агентлагууд олширлоо.Дарга нар ч олон болсныг надаар хэлүүлэлтгүй мэднэ.Харин үйлчилгээний ажилчид нэмэгдэхэд хорооны Засаг дарга нар юу хийх юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй.Ийм том төрийн байгууллага ажиллаж байхад дээр үйлчилгээний орон тоог ихээр нэмэгдүүлвэл зарлага нэмэгдэнэ.Тиймээс анхаарах хэрэгтэй.Сайн, муу талыг нь ч харах хэрэгтэй.Мөн гэр хорооллын газар гэж хэд ч байгаа юм.Тиймээс хэрэггүй олон үйлчилгээний байгууллагыг цөөлөх хэрэгтэй.Ингэснээр зарлага багасхаас гадна хүнд суртал ч дагаад буурна.Олон орлогч нарыг дагаад л харъяа агентлагууд олширч байгаа шүү дээ.Энэ нь нийслэлийн төсөвт дарамт учраад байгаа.
-Нийслэлийн Татварын газрын даргын асуудал их анхаарал татаж байгаа?
-Ямар шалтгаанаар яагаад тавихгүй байгаа юм бэ гэсэн асуудал үүсээд байгаа.Харин мэргэжлийн бус гэдэг тайлбар хийдэг.Гэтэл үнэхээр бусад газрууддаа ингэж томилгоо хийдэг юм уу эсвэл ганцхан энэ байгууллагад ийм өндөр шаардлага тавиад байгаа юм уу гэдэг анхаарлын асуудал болоод байгаа.
Г.Баярцэцэг “Нийслэл таймс сонин”

No comments:

Post a Comment